Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэлэлцэхэд олон нийтийн санал бодол, байр суурийг сонсох, нээлттэй, хяналттай төрийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлэх зорилгоор Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд “Иргэний танхим”-ыг байгуулсан билээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд “Иргэний танхим”-аар Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Шүүхийн тухай, Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж нийгмийн баталгааны тухай, Төсвийн тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй хуулийн төслийн хэлэлцүүлэг, “Төрийн бодлого боловсруулахад бид яаж нөлөөлөх вэ”, “Бичил бизнесийг дэмжих” тухай, “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн” тухай хэвлэлийн бага хурал зэрэг 22 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж нийт 2000 гаруй иргэнийн 367 саналыг тэмдэглэн авч судалж байна. “Иргэний танхим”- ыг танилцуулах ажлын хүрээнд Канадаас манай улсын гадаад хэлний багш нарын мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар ирсэн Канадын “Багш нарын холбоо”-ны сургагч багш Мария Ланней, Бэбэ Воконг, Анна Марие Маканзи, Арделе Спрингэйт, Рондо Фокс нар “Иргэний танхим”-ын үйл ажиллагаатай танилцлаа. “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар Ардчиллыг сэргээх” гэсэн уриатай “Райнхард мон” шагналд “Иргэний танхим” нэр дэвшээд байна гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.