Хэн юу хэлэв?
Их улс төр амарч байна. Улстөрчид маань ч айраг цагаа, адуу малын дэргэд агаарын тунгалагт алжаалаа тайлж байгаа бололтой. Төрийн ордон эзгүй шахам байна. Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажилдаа хараахан ороогүй бол УИХ-ын дарга нутагтаа амрахаар оджээ. Ерөнхий сайдын томилолт үргэлжилж буй. Улс төр амралттай байгаа энэ үед зарим гишүүн Төрийн ордонд сэм орж ирээд гарахдаа сурвалжлагчдад “баривчлагдах” нь бий. Тэдний хэн нь, юу хэлснийг тоймлон хүргэж байна.
Ц.Цэнгэл:- Дэд бүтэц, төмөр зам энэ тэр гээд мэдэхгүй сэдэв ховор. Би бол төрийн хүн. Төрийн хүн байх хувь тавиланг сонгосноос хойш олон зүйлээ золиосолсон. Уралд дээд төгсөж ирээд, цэл залуухан инженер төрд зүтгэсэн. Үнэхээр залуу насны аагаар явж байж. Хоёр удаа төрийн соёрхолд багаараа нэр дэвшээд татгалзаж явлаа. Ингээд яривал олон юм бий.
З.Энхболд:-Сонгуулийн хууль хоёр зүйлээс болж гацаанд орчихоод байна. АН-ын бүлэг 50:26 гэсэн холимог тогтолцоог дэмжиж байгаа. Гэхдээ энэ тохиолдолд хүнд биш намд санал өгөх байр суурьтай байгаа юм. Харин МАХН нэр дэвшигчид өгсөн саналыг намын саналд тооцох ёстой гээд байгаа. Дорж гэдэг хүнд өгсөн саналыг МАХН-д өгсөн санал гэж тооцох замаар УИХ-ын 50 суудлын хувь заяаг шийдэх гэнэ. Ингэвэл Үндсэн хууль зөрчинө.
Я.Батсуурь:-Манай баялгийг хятадууд хямдхан үнээр авч боловсруулаад хэд дахин өндөр үнээр Япон, Солонгосын зах зээлд нийлүүлдэг. Япон, Солонгосын талд санал тавихад Сайншандын аж үйлдвэрийн паркад хамтарч хөрөнгө оруулах сонирхолтой, бүтээгдэхүүнээ Монголоос шууд авъя гэж буйтай нь санал нэг байдаг юм. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн талд нэг их асуудал байхгүй гэсэн үг.
Г.Баярсайхан:-Өнгөрсөн зууны дундуур оросууд тураг гогойг маш ихээр хядсанаас энэ шувуу Буриадын “Улаан ном”-д орсон. Тураг гогойны сангасыг эко системийн гинжин холбооны нэг хэсэг гэж үздэг. Байгальд илүү зүйл гэж нэг ч байдаггүй. Манайхан нэгэн үе чоно, тарвагатайгаа дайн зарлаж, үр дүнд нь эдгээр амьтны тоо толгой эрс цөөрсөн. Сүүлийн үед гадаадынхантай нийлж, шонхортой дайн зарлалаа. Цаашид эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсдог байх хэрэгтэй.
Н.АлтанхуЯг:-2008 оны УИХын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдал болсон. Түүнд дүгнэлт хийж, хүнд нөхцөл байдлаас гарахын тулд АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо шийдвэр гаргаж хамтарсан Засгийн газрыг байгуулалцсан. Тэр шийдвэрийн дагуу л одоо ажиллаж байна. Буруу шийдвэр гаргаагүй гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харагдлаа. Хүмүүс ч ийм л бодолтой байна. Хамтарсаны хүчинд та бүхэн олон чухал шийдвэр гаргалаа. Одоо тэдгээрийгээ ажил хэрэг болгоорой гэж байна. Тийм учраас хоёр, гуравхан хүн, нэг нам дотор байгаа хэсэг бүлгийн гэхээсээ ард түмнийхээ нийтлэг сонирхлын төлөө АН ажиллана гэдгийг дашрамд хэлчихье.