УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Батбаяр, Д.Оюунхорол нарын өргөн барьсан Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээгүй билээ. “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сар болгон олгож эхлээд буй 10.000 төгрөг МАХНын бүлгийн санаачилга юм.
Харин АН-ын бүлэг хүүхдэд сар бүр олгодог мөнгийг үргэлжлүүлэн олгоё гэсэн байр суурь дээр санал нэгдэж 2011 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн 20.000 төгрөгийг байнга олгох нь зүйтэй гэж үзэж буй. Энэ асуудлаас болж хаврын чуулганы үеэр Эдийн засгийн байнгын хорооноос АН-ын бүлэг завсарлага авч байсан.
Хүүхдэд сар бүр 20.000 төгрөг олгох саналыг нь дэмжихгүй бол намрын чуулган гацаанд орохыг үгүйсгэхгүй гэж АН-ын эх сурвалж хэллээ. УИХ дахь АН-ын бүлэгт Улс төр, аюулгүй байдлын байнгын ажлын хэсэг гэж байдаг аж. Р.Амаржаргал, Г.Баярсайхан, Я.Батсуурь, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, З.Энхболд, С.Баярцогт, Д.Ганхуяг, Р.Гончигдорж нарын 13 гишүүнтэй юм байна.
Уг ажлын хэсэг ямар үүрэгтэй ажилладаг талаар нэг гишүүнээс нь тодруулахыг хүсэхэд, АН хамтарсан Засгийн газарт багтсан учраас улс төр, аюулгүй байдлын асуудлыг бүлгийн хэмжээнд ярихаа больсон. Нэг ч удаа хуралдаж үзээгүй гэв.