Эх орныхоо баруун бүсэд 5600 км-ийн аялал хийгээд Ерөнхий сайд С.Батболд уржигдар нийслэлд ирлээ. Тэрбээр Өвөрхангай-Архангай- Хөвсгөл-Завхан-Увс-Баян- Өлгий-Ховд-Говь-Алтай-ЗавханБаянхонгор- Өвөрхангай гэсэн маршрутаар 23 хоног явж ажиллав. Нийт есөн аймгийн 60 сумаар орсон аж. Өдөрт дунджаар 200 гаруй км аялж, баруун аймгуудаа тойрсон Ерөнхий сайд наранд борлож, нэлээд аяншсан царайтай болсон ч сэтгэл тэнэгэр, шинэ санаа, хийж бүтээх хүслээр дүүрэн эргэж иржээ.
Тавантолгой, Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлах түүхэн шийдвэрийг энэ Парламент гаргасан. Шилжилтийн эдийн засгаас бүтээн байгуулах эрин үе рүү шилжих цаг болсныг очсон газар бүртээ уриалж байсан тэрбээр “Хууль эрх зүйн орчин нь бүрдлээ. Одоо Засгийн газар түүнийг ажил болгох хэрэгтэй байна” гэж байсан юм. Холын аймгуудад дарга нар очих нь ховор, хааяа нэг үзэгдэхдээ онгоцоор шурдхийгээд л буцна.
Тэгвэл Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд зөвхөн машинаар аялж, улсынхаа авто замын хатуу хөтүүг биеэрээ шалгав. Авто зам, дэд бүтэц ямар хэрэгтэйг Ерөнхий сайд биеэр мэдэрсэн учраас энэ талаар удахгүй бодит арга хэмжээ авна гэж байна лээ. Анх аялахаар төлөвлөхдөө зуны дэлгэр цагийг ашиглаад ажил, амралт хослуулж, байгалийн үзэсгэлэнт газруудаа үзээд авахаар боджээ. Баруун аймгуудад Ерөнхий сайд анх удаа хөл тавьсан. Тэрбээр эхнэр, гурван хүүхдийнхээ хамт явсан юм.
Тэдний хувьд ч энэ нь эх орноо шинээр таньсан сонирхолтой аялал болсон нь мэдээж. Хүүхдүүддээ эх орноо танилцуулж, байгалийн сайхныг бишрүүлэхээс гадна аялал жуулчлал хөгжүүлэхэд ямар бэрхшээл, асуудал байгааг ч шалгасан. Өмнө нь Ю.Цэдэнбал агсан газраар ийн аялж, ажил амжуулж байсан юм билээ. Тэгэхээр С.Батболд ингэж ажилласан төрийн хоёр дахь зүтгэлтэн, харин 5600 км урт зам туулсан анхны Ерөнхий сайд болж байна. Аяллын замыг анх 4902 км хэмээн тооцож байсан ч 700 орчим км-ээр сунасан аж.
Иргэдийнхээ санал, бодлыг сонсож, шийдвэр гаргахад юунд анхаарах ёстойг, аялал жуулчлал хөгжүүлэхэд учрах бэрхшээл, шийдэх ямар асуудал байгааг мэдэж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах нь сайдын ажлын гол зорилго байлаа. Ерөнхий сайд С.Батболд энэ
томилолтынхоо ажлын үр дүнг Өвөрхангай аймгийн Хар- хорин суманд буюу сүүлийн “зогсоол” дээрээ дүгнэж, уржигдар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний аялал уг сумаас эхэлсэн билээ. Өвлийн бэлтгэл аймгуудад боломжийн байв. Тэрбээр хэд хэдэн асуудлыг онцолж авч үзжээ.
Хөдөөд ядуурал нэлээд их, ажилгүй залуус олон байсан. Бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд зах зээлд хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлүүдээр залуучуудаа бэлтгэх, орон нутгаас зохих хэмжээнд техникийн мэргэжлүүдээр иргэдийг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг БСШУЯ, НХХЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ зэрэг холбогдох газарт өгчээ. Хэрэгжүүлж буй ажлын явцыг Ерөнхий сайд ойрын үед шалгана гэсэн.
Ажлын байр нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтын төслөөс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийy чухлыг тэрбээр онцолж байсан. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж, жил бүр 30 тэрбум төгрөг төсөвлөдөг. Гадаад, дотоодын зээлтэй нийлээд 100 орчим тэрбум төгрөгийг сүүлийн хоёр жилд энэ салбарт зарцуулжээ.
Тус салбарт оруулах хөрөнгийг нэмэх шаардлагатай байгаа тул хоёр дахь ээлжийн 50 сая долларын зээлийн талаар Японы Засгийн газартай ярилцаж байгаа аж. Өнгөрсөн өвлийн зуднаар улсын хэмжээнд 9.1 сая толгой мал хорогдож, 10 мянга орчим өрх малгүй болж, олон арван тэрбум төгрөгийн гарз учирсан.
Орон нутгаас тавьж байгаа хоёр дахь том асуудал нь малчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт. Хотоо харлуулсан малчдад зориулан Засгийн газраас гурван тэрбум төгрөгийн малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Мөн “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ мэтээр малчдадаа санаа тавихаа Ерөнхий сайд амлав. Мөн зуднаас сургамж авсан малчид одоо эрчимжүүлсэн мал аж ахуй хөгжүүлэх, аймаг бүрт мах, сүү боловсруулах үйлдвэр барих, бүтээгдэхүүнээ чанаржуулахад анхаарах ёстой, үүнд нь Засгийн газраас дэмжлэг үзүүлэх юм байна.
БНХАУ-ын Засгийн газраас 200 сая долларын хөнгөлөлттэй зээл мал аж ахуйд зориулж авахаар ярьсан гэнэ. Ерөнхий сайдын ажилласан есөн аймгаас Завхан, Говь-Алтай эрчим хүчний нэгдсэн сүлжээгүй байгаа. Тэндхийн иргэд дизель түлшээр, цагийн хязгаартайгаар гэрлийн бараа хардаг. Эдгээр аймгийг болон баруун бүсийг цахилгаанаар хангах Тайширын УЦС удахгүй үр өгөөжөө өгнө гэдэгт Засгийн газрын тэргүүн итгэж буй юм билээ. Өөрөөр хэлбэл, шийдэх бас нэг асуудал нь энэ.
Дотор эрхтнүүдийн байр солих шахдаг дэржигнүүрт замыг туулж үзсэн болохоор Монгол орны авто замын асуудлыг Ерөнхий сайд онцлов. Мянганы замын босоо тэнхлэгийн ажлыг эрчимжүүлэх, баруун бүсийн замын сүлжээ бий болгох талаар санаа тавьж ажиллахаа мэдэгдсэн. Орон нутгийн иргэд Хүний хөгжил сангаас олгож буй мөнгөний талаар Ерөнхий сайдаас нэлээд асуусан.
Малчид ялангуяа орлогынхоо ихэнх хувийг оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулдаг учир дээрх сангийн мөнгийг энэ чиглэл рүү хандуулах боломж бий эсэхийг лавласан юм. Үүнийг хуулийн хүрээнд нааштайгаар шийдэх нь. Хөвсгөл зэрэг 2-3 аймагт ажиллахдаа Ерөнхий сайд хүнсний захаар нь орж өргөн хэрэглээний барааны үнэ, наймаачдын ажилтай танилцсан юм. Тэрбээр “Гурилын үнэ огцом өсөж байна гэсэн асуудал томилолтын үеэр нэлээд ярилаа. Үнэхээр өссөн байна.
Дэлхийн зах зээл дээр гурилын үнэ өсөх магадлал бий гэсэн судалгаа гарч байгаа. ОХУ энэ жил 70 сая орчим сая тонн үр тариа хурааж авахаар төлөвлөж байгаа. Түүнээсээ экспортлохгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор манай үйлдвэрлэгчид гурилын үнээ өсгөсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм үндэслэл манай орны хувьд харьцангуй бага байгаа. Атрын III аяны хүрээнд манай улс өнгөрсөн онд нийт гурилын хэрэгцээнийхээ 97 хувийг, төмс хүнсний ногооныхоо 50 хувийг хангах боломжтой ургац хураасан. Энэ жил ч багагүй хэмжээний ургац хурааж авахаар төлөвлөж байна.
Үндсэндээ улсын хэмжээнд үр тариагаар 100 хувь хангах, хүнсний ногоогоо 60 хувь хангаж болох тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан. Оны эхний долоон сарын байдлаар зах зээлд гаргаж байгаа гурилын нийлүүлэлтийг харахад өнгөрсөн оныхоос 20 гаруй хувиар илүү байгаа юм. Иймээс манайд гурилын үнэ өсөх шалтгаан харагдахгүй байна. Гурилын үнэ өсөх болсон үндэслэлийг шалгах үүргийг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газарт үүрэг өгсөн” гэв.
Мөн “5600 км аялж, ажиллахдаа шийдвэр гаргахад юу хэрэгтэй байгааг олж мэдлээ. Иргэдээ сонслоо. Газар дээр нь ч цөөнгүй асуудал шийдсэн” гэлээ. Ерөнхий сайд энэ онд багтаад Монгол орныхоо бүх аймагт ажиллахаар төлөвлөжээ. Тэрбээр энэ сарын 25-29-нд говийн аймгуудад ажиллах юм билээ.
С.Туул