Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевт эмгэнэлийн захидал явууллаа. Энэхүү захидалдаа, “ОХУ-ын олон газарт түймэр гарч, эрдэнэт хүний амь эрсдэн, гарз хохирол учирч байгаад Танд болон Таниар дамжуулан найрсаг Оросын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Таны удирдан явуулж буй шийдвэртэй арга хэмжээний дүнд байгалийн энэхүү гамшгаас үүссэн хүндрэлийг Орос орон богино хугацаанд даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.