ОХУ-ын томоохон компаниудын захирлууд түймрийн гамшигт нэрвэгдсэн элэг нэгтнүүддээ туслахаар шийджээ. Тус улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн даваа гаригт Сочи хотноо бизнесменүүдийг хүлээн авч уулзлаа.
Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар уул уурхай, газрын тос, мэдээлэл технологи, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй компаниудын тэргүүлэгчид түймэрт өртсөн хот суурингийн дэд бүтцийг сэргээх, шинэ ажлын байр бий болгох зэрэг тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцжээ.
Өөрсдийн нөөц бололцоогоо дайчилж, хүнд хэцүү үед эх орондоо хөрөнгө оруулалт хийх хүсэлтэйгээ бизнесменүүд илэрхийлж байсан бол, энэ үгийг ажил хэрэг болгоход хууль, эрхзүйн дэмжлэг үзүүлэх, татварыг тодорхой хэмжээгээр хөнгөлөх талаар Д.Медведев амласан байна.