
Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн өлгий нутаг болсон ОХСДГ нь Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдын нутагт 121967 га газрыг эзлэн оршдог. Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн өлгий нутаг болсон Орхоны хөндий нь нүүдэлчид, түүний дотор монгол үндэстний буй болгосон нүүдлийн соёл иргэншил, түүнийг хөгжүүлж ирсэн гол төвүүд болон улс гүрнүүдийн үүсэл хөгжлийг археологи, түүх, соёлын асар баян дурсгалаар нотлон харуулж байгаа гайхамшигт түүхэн нутаг юм. Орхоны хөндийд хуучин чулуу, хүрэл, төмрийн үеийн Мойлтын амын болон Орхон 7-ийн бууц зэрэг эртний хүмүүсийн оромж, суурин, дархны газрын ул мөр элбэг бий. Энэ дурсгалт газар нь Түргийн үеийн хаадын тахил шүтээний алдарт бунхант дурсгал, бичигт хөшөөнүүд, Уйгарын эзэнт гүрний нийслэл Хар Балгас хотын туурь, Чингис хааны үндэслэсэн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Монгол дахь Бурхан шашны бэлгэ тэмдэг болсон Эрдэнэ Зуу, Төвхөн хийд болон бусад олон дурсгалтай бөгөөд түүгээрээ ч Төв Ази, улмаар хүн төрөлхтний түүхийн тодорхой давтагдашгүй бодит гэрч болж байдаг юм.
Дэлхийн өвд бүртгэгдсэн үндэслэл
Дэлхийн Өвийн хороо 2004 онд “ДӨ-ОХСДГ ”-ыг нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж, хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт өв болохыг нотлож, Дэлхийн Өвд бүртгэж авсан.
Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар нь:
“Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай” конвенцийн дараахь үндсэн гурван шалгуурыг хангаж байгаа болно.
Тухайлбал: Нэгд: Конвенцийн II шалгуурын дагуу Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар нь нүүдлийн соёл иргэншил болон суурин иргэншлийн харилцан солилцооны уулзвар, нүүдлийн соёл иргэншил бусад соёл иргэншилд нөлөөлж хүний үнэт зүйлсийг солилцоход хувь нэмэр оруулсан дэлхий дахины нийтлэг үнэ цэнэтэй;
Хоёрт: Конвенцийн III шалгуурын дагуу ОХСДГ нь нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг бөгөөд өнөөдөр ч байгаль орчинтойгоо зохицон амьдрах үлгэр жишээ болсон нүүдлийн соёлын үнэт зүйлийг хадгалж, өвлүүлэн хөгжүүлж байгаа нутаг;
Гуравт: Конвенцийн IV шалгуурын дагуу ОХСДГ нь хүн төрөлхтний түүхийн тодорхой үе шатуудын гэрч нотолгоо болсон түүх, археологийн үнэт дурсгалуудыг өөртөө агуулж байгаа дэлхий дахины нийтлэг үнэ цэнэтэй, хосгүй гайхамшигт өв; хэмээн үзсэн.
Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар-ын газарзүйн байршил
1997 онд Хархорум хотын туурийн хамгаалалтын бүс, 2002 онд Билгэ хаан, Культегины цогцолбор дурсгал, Харбалгас хотын туурь, Төвхөн хийдийн хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2006 оны 5-р сарын 31-ны 123 тоот тогтоолоор Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар-ын хилийн 63 цэгийн газарзүйн байршлыг тогтоож, Дэлхийн Өвийн Хороогоор баталгаажуулсан.
Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар–ын хүрээлэн буй уулсын тогтолцоо нь хадархаг мөн хүрмэн чулуу, занар, аргеллит, алевролит зэрэг тунамал чулуулгаас тогтсон.Орхон гол нь Хангайн нурууны суварга хайрхан уулаас эх авч Монголын төв нутгаар дайран 1124 км урсч Сэлэнгэ мөрөнд цутгадаг Монголын хамгийн урт гол юм.Орхон голын хөндий нь байгал цаг уурын хувьд хүмүүс аж төрөн амьдрахад нэн тохиромжтой тул эртнээс буурал түүхийн туршид нүүдэлчид амьдарсаар өнөөг хүрчээ.
Орхоны хөндийн уулархаг бүс нь ой модтой, талархаг бүс нь хээр тал, харин хөндийдөө нугархаг нутаг юм.Орхоны хөндий орчмын газар нутаг нь цаг уурын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай бүсэд орших ба зундаа халуун, хавар намартаа сэрүүн, өвөлдөө хүйтэн. Дунджаар жилийн 80-100 өдөр цэлмэг нартай байдаг. Жилийн агаарын хэм нь 0,8 С бөгөөд нэгдүгээр сард өдөртөө дунджаар -18С, долдугаар сард +15С хэм болно.Дэлхийн Өв - ОХСДГ нь Өвөрхангай, Архангай хоёр аймгийн нутаг дэвсгэрт ойролцоогоор 121967 га газрыг эзлэн оршдог. ДӨ-ОХСДГ-т 2008 оны судалгаагаар 1000 гаруй өрхийн 3600 орчим хүн ам амьдарч байгаа ба энэ нь дээрх таван сумын нийт өрхийн 16%, хүн амын 11%-ийг эзэлж байна. 2007 оны байдлаар Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар-ын нутаг дэвсгэр дээр 10500.7 мянган толгой мал бэлчээрлэж байна. Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар-т хамаарч байгаа 5 сумын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь малын бэлчээр, 4,9 хувь нь газар тариаланд ашиглагдаж байна.
Хүн төрөлхтний удмын сангийн үүсэл
Xархорумын (Хархүрэм) хөндий буюу өнөөгийн Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар-т 60000-70000 жилийн өмнөөс анхны хүмүүс төвлөрөн байргашин амьдарч эхэлсэн байна.
Монгол төрхтнүүдийн өвөг гений сан Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар Хархүрэмийн хөндийд голомтлон үүссэн болохыг эрдэмтэд генетикийн судалгаагаар тогтоожээ. Энэхүү Хархорумийн хөндийд амьдарч эхэлсэн анхны өвгө хүмүүсээс монголчуудын өвгө дээдэс үүссэн төдийгүй монгол төрөхтнүүд, Америкийн индианчуудын ерөнхий өвгө дээдэс салбарлан үүсжээ.
Америкийн индианчууд: Индианчуудын өвгө дээдэс Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар-ын Хархүрэмийн хөндийгөөс Америк тив рүү нүүдэллэн гарсан түүхэн хугацааг хүний генийн газарзүйгээр мөшгин тогтоожээ. Үүнд: 15000-35000 жилийн хооронд [Кавалли, Сфорца, 1994]; 9500,0-34000,0 жилийн хооронд [Рикки Льюис, 2005].
Ийнхүү Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар нь:
• Хүн төрөлхтний ерөнхий өвгө удмын сангийн үүслийн нэгэн өлгий нутаг байсны хувьд;
• Эртний хүмүүс дэлхийн бөмбөрцөгт тархан суурьшсан түүхэн нүүдэлд тэдний удмын сангийн өвгө генетик өлгий нутгийн холбоо, шинж чанараа хадгалсаар (үлдсэн) байсан дэлхийн нэгэн газарзүйн голомтын хувьд;
• Өнөөгийн хүн төрөлхтний нэгэн өвгө удмын сангийн үүсэл, түүхэн хөгжлийн тухай мэдээллийг эдүгээ хүртэл өвлөн хадгалсаар байгаа нутгийн хувьд хосгүй бөгөөд дэлхий дахины түгээмэл үнэ цэнэтэй болохыг шинжлэх ухааны судалгааны дээрх үр дүнгүүд тус тус нотлон харуулж байгаа болно.
Эртний улсуудын түүх, улс төрийн төвлөрөл
Хүн төрөлхтний нийгэмших хөгжлийн жам ёсоор.
- Ураг төрлийн нэг язгуурт өрх гэр бүлүүдийн нэгдлээс овог,
- Ураг төрлийн нэг язгуурт овгуудын нэгдлээс ястан (аймаг)
- Ураг төрлийн нэг язгуурт ястнуудын (аймгуудын) нэгдлээс угсаатан, түүний төрт улс үүсдэг үзэгдлийн дэлхийн хэмжээний нэгэн газарзүйн төв нь Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар байсныг түүхийн сурвалжууд гэрчилдэг.
Нүүдэлчдийн үүсгэн байгуулсан:
- Хүн (Хүннү, НТӨ III-НТ I зуун)
- Сүмбэ (Сяньби, НТ I-III зуун)
- Монгол Нирун улс (Жужан, НТ IY-YI зуун)
- Түрэг (НТ YI-YIII зуун)
- Уйгар (НТ YIII-IX зуун)
- Киргиз (НТ IX-X зуун)
- Кидан (НТ X-XII зуун)
- Их Монгол Улс болон Монголын Эзэнт Гүрэн (НТ XIII –XIY зуун) зэрэг гүрнүүдийн түүх, улс төрийн үйл ажиллагаа 2200 гаруй жилийн турш Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар-т төвлөрч байжээ.
Бурхан шашны төв
Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар-т Бурханы шашны соёлын үүсэл хөгжилд үнэ цэнэтэй байр суурь эзэлдэг дараахь дурсгалууд оршдог.
Эрдэнэзуу музей-хийд
Түүхийн сурвалжийн мэдээнээс үзэхэд наанадаж Хүн гүрний үеэс эхлэлтэй Бурханы шашны соёлыг жинхэнэ архитектурын цогц тогтолцоонд оруулах үйл ажиллагааг Чингис хааны алтан ураг Автай сайн хаан “Эрдэнэзуу”-г байгуулах шийдвэрийг 1586 онд гаргаснаар эхэлсэн түүхтэй. Байгаль, хүн, нүүдлийн соёл иргэншлийн харилцан шүтэлцээг бурханы шашны соёлоор баяжуулан гүнзгийрүүлэх түүхэн үйл явцын эхлэл, төвлөрлийн зангилаа төв нь Эрдэнэзуу хийд байсан.
Эрдэнэзуу хийдийн үйл ажиллагааг зогсоохын тулд түүний тархи нь байсан Цогчин дуганыг 1940-өөд оны эхээр устгасан явдал бол Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газар-ын цогц байдлын нэгдэлд үлэмжхэн хохирол учируулсан гэж үздэг судлаачид цөөнгүй байдаг.
Шанхын баруун хүрээ хийд
Чингис хааны алтан ураг, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын 13 насны сүүдэр тохиосны ойд зориулж 1647 онд байгуулсан. Түүхийн сурвалжийн мэдээгээр үзүүл Шанхат уулын байгалийн өвөрмөц нөхцөлд түшиглэн уламжлалт анагаах ухааны эмнэлэг байгуулсан түүхтэй байдаг.
Шанхын хүрээ хийдэд Чингис хааны төрийн туг, сүлдний тахилгын өргөө байсан ба түүнийг сэргээх шав тавих ёслолын үйл ажиллагаа 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоотой зохиогдсон билээ.
Төвхөн хийд
Чингис хааны алтан ураг, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт зориулан 1649 онд одоогийн Бат-Өлзийт сумын Ширээт (Шивээт) уулын оройд байгуулсан Бурханы шашны бясалгал үйлдэх архитектурын оронг байгалийн өвөрмөц тогтолцоогоор үлэмж нандин байдлаар орлуулан бүтээсэн.
Өндөр гэгээн Занабзар урлагийн онцгой содон бүтээлүүдээ энд туурвисан учир өвхөн хйидийг “Өндөр гэгээний бүтээлийн хийд” хэмээн ном сударт олонтоо нэрлэсэн байдаг.


