“Шарын гол” багийн ахлагч, спортын мастер Б.Энхбатад дотоод, гадаадын оролцоогүй тэмцээн ховор. Тухайлбал, Малайзын Куала Лумпур хотод 2019 онд зохион байгуулсан “Сhallenge сup of Asia” тэмцээнд Монголын хоккейн шигшээ багийнхантай оролцож, аваргын цомтой ирж байв. Тэгвэл энэ жил Мексикийн Керетаро хотод (дөрөвдүгээр сард) болсон III дивизионы B хэсгийн ДАШТ-д өрсөлдөж IV байрт шалгарсан юм. Үүнээс гадна Монголд жил бүр болдог хоккейн лигийн АШТ-д багийнхантайгаа тоглож, 2021-2022 онд түрүүлэн хоёр дахь алтан цомоо өргөсөн. ДарханУул аймаг дахь ШУТИС-ийн IV дамжааны оюутан тэрбээр хүүхэд байхаасаа энэ спорттой нөхөрлөж, өсвөр үеийнхний УАШТ-ээс 10 алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэн “Шилдэг тоглогч”-ийн шагналыг нэг бус удаа гардсан билээ. Түүнийг зочноор урилаа.
-Хоккейн лигийн АШТ-ий I тойргийн тоглолтод “Шарын гол ”багийнхан II байр эзэллээ. Таны хувьд хичээлдээ явахын зэрэгцээ бэлтгэл хийж, тэмцээнд оролцох амаргүй санагддаг уу?
-Би хоккейн спортын олон жилийн түүх өгүүлэх “Шарын гол баг”-ийнхантай тоглоод цөөнгүй жил болж байна. Манайхан Монголын хоккейн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг лигийн АШТ-д тасралтгүй оролцдог. Бид өмнө нь хошой аваргаар (2017, 2022 онд) шалгарсан болохоор энэ удаа ч гэсэн түрүүлэх зорилго тавьсан. Багийнхан маань анх байгуулагдсан цагаасаа хоккейн олон тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болж ирсэн. Ах нар, найз нөхдөөсөө суралцаж, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дотоод, гадаадын тэмцээнд улсаа төлөөлж өрсөлдсөндөө баярладаг юм.
-Та нарыг хаана ч очиж тоглосон дэмжиж үзэх үнэнч хөгжөөн дэмжигч олон байх юм.
-Тийм шүү. “Шарын гол” багийн үе үеийн тамирчдын гаргасан амжилт, эх орондоо энэ спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үзэгчид мэднэ. Өвлийн улирал эхлэхээр хоккейн хорхойтнууд биднийг лигт хэрхэн тоглохыг үзэхээр сэтгэл догдолж хүлээдэг. Манайхан оролцсон тэмцээн бүрдээ гал гарсан тоглолт өрнүүлж, өрсөлдөөнтэй болгодог болохоор олон хөгжөөн дэмжигчтэй. Бид ч бас фэнүүддээ сонирхолтой, гоё тоглолт харуулахыг хичээж, бэлтгэл сургуулилалтаа сайтар базааж тоглодог.
-Шилдэг тоглогч болтлоо та ах нарынхаа давуу талаас суралцаж, өөрийгөө хөгжүүлсэн гэж бодож байна.
-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд 2015 оноос хоккейгоор хичээллэж, лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог багийнхаа ах нарын авьяас, ур чадвар, туршлага, тоглох техникээс хэдэн жил уйгагүй суралцсан. Тус багт хөл тавьсан анхны өдрөөс тамирчин хүний баримтлах зарчим, сахилга бат, төлөвшил, хүмүүжил, хандлага, биеэ авч явах соёлоос хамгийн түрүүнд сурах ёстойг ойлгосон юм. Намайг халуун дотно, найрсгаар угтаж авсан тэр цагаас өнөөг хүртэл багийнхантайгаа эвтэй, сайхан нөхөрлөж явна. Тэднээс нөхдөө олон жил ахалж тоглосон, 10 дугаартай, ОУХМ Ч.Пүрэв-Очир ахаар маш их бахархдаг. Түүний ур чадвар, өөртөө итгэлтэй байдал, тамирчдаа зөв удирдаж буй ухаан, харилцаанаас үлгэр дуурайл авдаг. Ах нартайгаа үзэгчдийн өмнө анх гарч, мөсөн талбайд тоглосон тэр үеийн дурсамж одоо ч сэтгэлд тодхон байна. Би Дархан-Уулын аймгийн Шарын голын унаган хүүхэд. Бага нас, сурагч ахуй үеийн нандин дурсамжууд тэнд үлдсэн болохоор төрж, өссөн газрынхаа бүх зүйл дуртай, бас хайртай.
-Багийн спортод амжилт гаргахад хамт олонтойгоо ойлголцох хамгийн чухал санагддаг.
-Хоккейн спорт эр зориг, тэсвэр хатуужил, овсгоо самбаа, хурд, мэдрэмж, ур чадвар, туршлага, тактик, тооцоолон бодох ухаан гээд олон зүйл шаардана. Энэ бүхнээс суралцаж байж тамирчин болдог. Биднийг нэг хүн шиг зорилго тэмүүлэлтэй болгодог зүйл бол багийн дотоод зохион байгуулалт, уур амьсгал, хүндлэл. Нэгийнхээ зан чанар, тоглох арга барилыг сайн мэддэг болохоор тэмцээний үе ойлголцоход амар байдаг. Би энэ жилээс багаа ахалж, лигийн тэмцээнд оролцож байна. Томоохон тэмцээний үед тамирчдаа зөв удирдаж, багийнхаа амжилтыг өмнөхөөс нь бууруулахгүй байх нь ахлагчаас шалтгаалдаг. Ийм өндөр үүрэг, хариуцлага өөрт ирснийг илүү мэдэрлээ. Өмнө нь зөвхөн тоглолтдоо л анхааарал хандуулдаг байж. Манайхан багаа хурдтай, чадварлаг залуу тамирчдаар хүч сэлбэсэн. Гавьяат тамирчин Н.Мишигсүрэн ах манай багийг дасгалжуулж, “Дархан” багаас тоглодог түүний хүү М.Чинзолбоо “Шарын гол” багийнхантай нэгдэж, лигт өрсөлдлөө.
-I тойргийн тэмцээний сүүлийн өдөр Дархан-Уул аймгийн хоёр баг хоорондоо таарч тоглолтыг өрсөлдөөнтэй болгож, үзэгчдийн сонирхлыг их татлаа.
-Хоёр жил дараалж лигийн аваргаар тодорсон “Дархан” багт тоглож буй хоккейчдын зарим нь тухайлбал, ОУХМ Г. Батгэрэл, хаалгач Б.Содбилэг нар “Шарын гол”-ын бүрэлдэхүүнд байсан. Тиймээс бидний хэрхэн тоглодгийг мэднэ. Энэ удаа бид тэднийг тоглолтын талбайд 6:5-аар буулган авч, эхний тойргийн тэмцээнд II байр эзэллээ. Ирэх сард болох II тойргийн тоглолтод бэлтгэлээ сайн хийж, түрүүлэх зорилго тавьсан. Монголын хоккейн холбооны шийдвэрээр энэ удаагийн лигт оролцсон багууд дотоодын нөөц, боломжид тулгуурлан легионергүй тоглож байгаа.
-Та тоглолтод багаа ахлахаас гадна довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг юм билээ.
-Тийм ээ. Хоккейн тэмцээнд багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэж, найм дугаартай олон жил тоглолоо. Анх азын дугаар гэж бэлгэшээн, наймын тоог сонгосон юм. Энэ дугаар эзнээ олон тэмцээнд оролцуулж, аз, амжилт аль алийг нь авчирсан. Хүсэл мөрөөдлийг минь биелүүлж, зорилгодоо хүрэхэд маш их нөлөөлсөн болохоор энэ дугаартаа их хайртай. Хойшид солихгүй тоглоно.
-Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд “Шарын гол” багаас цөөнгүй тоглогч багтдаг. Таны хувьд олон жил тоглож байна уу?
-Манай багаас зургаан тамирчин тоглодог. Тэдний нэг нь би. Би шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаас хойш тив, дэлхийн тэмцээнд оролцсон. Хамгийн сүүлд Мехсикт зохион байгуулсан ДАШТ-д өрсөлдөж, багийнхантайгаа IV байрт шалгарсан. Харин Кувейтэд өнгөрсөн жил болоход нь оролцоогүй. Тэр үед би бэртэл авсан тул ямар ч тэмцээнд оролцолгүй нэг хэсэг өнжсөн юм. Манайхан тус ДАШТ-д аваргын төлөө Филиппиний шигшээг буулган авч, тэндээс алтан медаль, цомтой ирсэн. Тэднийгээ Төрийн дууллаа эгшиглүүлж зогссон баярт мөчийг сэтгэл догдлоод үзэж байв. ДАШТ-д тоглох нь дотоодын болон олон улсын тэмцээнд өрсөлдөхөөс ялгаатай. Шигшээ багийнхан гадаадын тэмцээнд эх орноо төлөөлж оролцдог бол дотоодынход клубээ төлөөлж тоглодог.
Бэртэж гэмтэх нь өрсөлдөгчөөс илүү дайсан болдог гэж тамирчид ярьдаг. Хааяа хэцүү санагдаж, болих талаар бодох үе гарах уу? -Өнгөрсөн он жилүүдэд халширч, болих талаар нэг бус удаа боддог байлаа. Өвлийн тэсхим хүйтэнд идэр ес эхэлсэн үед гадаа олон цаг бэлтгэл хийж, тэмцээнд оролцох амаргүй санагддаг байсан. Хүн дуртай зүйлийнхээ төлөө ямар ч саад бэрхшээлийг тэвчиж , даван туулаад ард нь гардаг. Би ч бас нөхдийнхөө адил тэр бүхнийг туулж урагшилсан. Намайг хоккейгоор хичээллэж, тамирчин болох замналаа эхлүүлэхэд гэрийнхэн минь ойлгон дэмжиж, өнөөг хүртэл бүх талаар тусалж ирсэн. Миний ээж эмч мэргэжилтэй. Өнгөрсөн жил хөл, гараа хугалж бэртсэн байхдаа спортоос болих шийдвэр гаргахад ээж минь эмчилж, эдгээхийн зэрэгцээ зөвлөж хурцалсан. Тэр үед “Чи одоо бүрэн эдгэрсэн. Хоккей тоглоход ямар ч асуудалгүй” гэж ээжийг хэлэхэд дуртай спортдоо эргэн ирж, багийнхантайгаа тоглох сайхан байлаа.
-Багийн ахлагчийн хувьд нөхдөдөө юу гэж зөвлөдөг вэ?
-Багийнхандаа алдаа гаргахгүй тоглохыг зөвлөдөг. Өмнөх ахлагч нар маань ч гэсэн бидэнд хэрэг болох олон зүйлийг хэлдэг байсан. Хоккей контакттай спорт тул тэмцээн зодоонгүй өндөрлөх нь ховор. Сүүлийн өдөр “Дархан” багийнхантай тоглохдоо манайхан оноо ойролцоо болж, ширүүхэн өрсөлдөж яллаа. Тэдний олонх нь шинэ залуу тамирчин болохоор хурдтай, бас шартай, шаргуу тоглосон шүү. Тамирчин хүн бэртлээс сэргийлж, бэлтгэл хийхдээ, тэмцээнд оролцохдоо бие халаалтаа зөв хийх хэрэгтэй. Энэ ташрамд, багийнхандаа “Бүгдээрээ лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан цомын эзэн болохын төлөө хамтдаа хичээе” гэж уриалъя.