Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийн үндэсний ажлын хэсгийн ээлжит хурлыг Зам, тээврийн яамнаас санаачлан өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг 2022 онд манай улс соёрхон баталсан. Тус хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон бөгөөд хэрэгжилтийг хангах, хил дамнасан худалдааны үйл явц, саад бэрхшээлийг газар дээр нь үзэж судлах, хилийн боомтын гааль, тээвэр, ложистикийн байгууллагуудын үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, цахимжуулах зорилготойгоор ажлын хэсгийнхэн хуралджээ. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн “Худалдаа, тээвэр, аялал жуулчлалд тээврийн салбар гол үүрэг гүйцэтгэдэг. Тээврийг агаараар, газраар, далайн болон холимог гэсэн төрлөөр явуулж буй бөгөөд олон улс, үндэстэн, бүс нутгийн хэмжээнд давхардсан хяналтыг бууруулах, мэдээллийг цахимаар солилцоход гол анхаарч ажиллаж байна” гэв.
Сонирхуулахад, хил дамнасан цаасгүй цахим худалдааны хүрээнд тус асуудалтай холбоотой 16 байгууллагын 21 систем нь авто тээврийн бүртгэл, мэдээллийн системтэй холбоотой аж.
Ч.Цэлмэг