Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн мэдүүллээ. Тодруулбал, ирэх таван жилд зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас буулгахгүй байх, Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн шилдэг 50 орны нэг болгох зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж тооцжээ. Тогтоолын төслийг дагалдуулж хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг өргөн мэдүүлэв. Үүнд санхүүжилтийг нь шийдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан аж. Эдгээрийн 44.8 хувийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7-г нь гадаадын зээл, тусламж, үлдсэнийг нь төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх юм байна. Тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд 14 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулж, хүний болон нийгмийн хөгжил, эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил зэрэг бодлогын найман чиглэлээр ажиллахаар тусгасныг сайд Н.Учрал онцлов.
С.Цэрэндулам