Бахрейн улсад зохион байгуулж буй Азийн залуучуудын III наадам өндөрлөх дөхжээ. Тус наадамд оролцож буй манай улсын багаас усанд сэлэлтийн тэмцээнд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Эрхэс 50 метрийн араар даллах төрөлд 25.98 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, Монголын усан спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. АНУ-ын Охайо мужийн “Spire academy”-д суралцдаг тэрбээр Малайзын Куала-Лумпур хотод өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож, Сингапурт долоодугаар сард болсон ДАШТ-д улсаа төлөөлсөн билээ. Түүнтэй тус наадмын финалын шатанд өрсөлдсөн тамирчдаас Сингапурын сэлэгч Чан Тэдд (25.79 секунд) тэргүүлж, өмнөх наадмын амжилтыг шинэчлэн тогтоосон бол БНХАУ-ын Тайпэйн Чанг Кай Юүэ (26.17 секунд) хүрэл медалийн эзэн боллоо. Тэгвэл 200 метрийн мэлхий сэлэлтийн тэмцээнд финалын шатанд шалгарсан спортын мастер Э.Энхмэнд (2.23.63) үзүүлэлтээр шилдэг наймд шалгарчээ.
Боксын төрөлд эмэгтэйчүүдийн 46 кг-д А.Алтанзул, 54 кг-д А.Аминаа нар өрсөлдөгчөө ялж, хүрэл медалийн болзол хангасан юм. Алтан медалийн төлөөх тоглолт өнөөдөр болно. Волейболын төрөлдоролцсон багуудаас манай эрэгтэйчүүдийн шигшээ Саудын Арабын тамирчдыг хожиж, V байрын төлөө өрсөлдөх нь. Триатлоны тэмцээнд оролцсон Т.Баяр замаа 36 минут 56 секундэд дуусгаж, 30 дугаар байрт оров. Дугуйн тэмцээнд оролцсон охид бөөн гараатай уралдаанд 18, 26, 39 дүгээр байр эзэллээ. Энэ удаа Узбекистаны Гульхайо Сатторова түрүүлж, Казахстан, Хонконгийн тамирчид мөнгө, хүрэл медалийн болзол хангасан юм.
Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт тэмээний уралдаан анх удаа багтсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. 500 метрийн зайд уралдсан Арабын ганц бөхтэй тэмээний уралдаанд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Гүндэгмаа VII, эрэгтэйчүүдийнхэд Х.Наран-Өлзий мөн VII, М. Мягмарсүрэн 16-д оров. Түүнчлэн ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд А.Билгүүн эзэн орны тамирчин Хашем Мажедийг 3:2, эмэгтэйчүүдээс Б.Болор-Эгшиглэн Мальдивын Нафиз Айшатыг 3:1-ээрялж, тоглолтоо үргэлжлүүлж буй.
Бадминтоны төрөлд ур чадвараа сорьсон тамирчдаас О.Амин-Эрдэнэ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод нэг хожиж, шигшээ 16-д шалгарсан ч Тайландын тамирчин, өсвөр үеийнхний ангилалд дэлхийн чансааны X байрт бичигддэг Кетклиенг Ятавееминд 2:0-ээр ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ. Манама хотод одоо чөлөөт бөх, жиү жицү, жүдо бөхийн барилдаан өрнөж байна.