АНУ-д төвтэй, олон улсын зээлийн үнэлгээний “S&P global ratings” байгууллагаас манай улсын гадаад болон үндэсний мөнгөн тэмдэгтийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+”-ээс “BB-” болгон нэмэгдүүлж, урт хугацааны төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлсэн байна. Энэ нь Монгол Улсын зэрэглэлийг 13 жилийн дараа тус түвшинд эргүүлэн аваачсан хэрэг аж.
Тус байгууллагын тайланд онцолсноорманай улсын төсвийн гүйцэтгэл 2022 оноос хойш сайжирсанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлт чухал нөлөө үзүүлсэн, ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хувь хэмжээ мэдэгдэхүйц буурсан байна. Энэ онд уул уурхай, тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэл 45 хувиар өссөн нь дотоодын эдийн засгийг дэмжсэнийг мөн дурджээ. Гэсэн хэдий ч гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл зэрэг үзүүлэлтүүд сул хэвээр буй төдийгүй Монголбанк Засгийн газраас хараат бусаар ажиллах нь учир дутагдалтай байгааг анхааруулсан юм.
Д.Хэрлэн