Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнийг 1995 онд анх зохион байгуулснаар 30 дахь жилийнхээ ойтой золгож буй. Үзэгчид “Аса арена”-д өчигдөр эхэлсэн 2025-2026 оны улирлын лигийн тоглолтоос баг бүр ямар тамирчдаар хүч сэлбэж зузаатгасан, аль улсаас легионер тоглогч урьсныг харсан биз ээ. Багийн спортын тэр дундаа волейболын хорхойтнуудыг догдлуулж, тэмцээн гал гарсан тоглолтуудаар өрнөх нь. Багууд дээд лигт анхны өдрөөс эхний гурван байрт шалгарч, цаашлаад аваргын цом гардахын төлөө хүчирхэг өрсөлдөгчтэй таарч байна. Онооны хол зөрүүгүй хожиж, хожигддог болсон лигт тоглогч бүр багаа амжилтад хөтлөхийн төлөө ур чадвараа харуулах нь лавтай. Монголын багууд гадаадаас туршлагатай мэргэжилтэн, дасгалжуулагч болон ур чадвар, авьяас, тоглох техникээрээ нэрд гарсан болсон легионеруудыг урьжээ.
Тухайлбал, Эрэгтэйчүүдийн багаас “Алтайн барс” клубийнхэн Парисын олимпын волейболын тэмцээнд оролцсон Японы шигшээ багийн тамирчин Юү Кошикаваг эгнээндээ нэгтгэв. Тэрбээр багийнхаа хамгийн хүчтэй давуулагч. Олон улсын тэмцээнд баг ахлан цөөнгүй оролцож, ур чадвар, техник, үсрэлттэй давуулалтаараа хожилд хөтөлснийг хөгжөөн дэмжигчид нь бахархдаг. Үүнийгээ ч ДАШТ, “Дэлхийн цом”, олимпын наадмын тэмцээнд батлан харуулсан удаатай. 2002-2009 онд улсынхаа шигшээд тоглож, 2009–2012 онд Италийн лигт легионероор оролцсоныхоо дараа 2022 он хүртэл Японы “Premier league” болон “Division 2”-т тоглосон өндөр түвшний тоглогч.

“SG hawks” багийнхан энэ улиралд фэнүүддээ сэтгэл хөдөлгөм тоглолтыг үзүүлэх нь тодорхой. Энэтхэгийн “Ahmedabad defenders” багийнхантай гэрээ байгуулж, лигт тоглон “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан Б.Батсуурь эх орондоо хөл тавьж, “SG hawks”-ын тамирчдыг ахлан лигт шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирэв. Тэдний гол зорилго мэдээж аваргын цом.

Тиймдээ ч олон жилийн туршлагатай Японы мэргэжилтэн Кожи Цүзүрабаратай хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр Азийн орнуудыг шигшээ багийг удирдаж байсан (Тайвань, Вьетнам, Мьянмар, Саудын Араб, Тайланд, Малайз, Япон, Шинэ Зеланд), Сөүлийн олимпод Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж V байр эзлүүлсэн, мөн Японы лигийн аварга, тус улсын аварга, Азийн аварга, “SEA games” клубын аварга шалгаруулах тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан.

Вьетнамын шигшээ 2023, Филиппиний лигийн багийн дасгалжуулагчаар 2024 онд ажилласан туршлагатай. Тиймээс өмнөхөөсөө илүү хүчтэй, хурдтай, зоригтой оролцох нь тодорхой хэмээн хөгжөөн дэмжигчид нь дүгнэж байгаа. Тус багт Венесуэл улсын тамирчин Иван Фернандес тоглох юм. Түүний амжилтуудаас дурдвал 2013 онд “Senior & juveniles national games”-д II, III байр эзэлсэн бол “Valida estatal U21” 2016, “Pan American cup”-д 2025 онд тус бүр тэргүүлжээ.
Тэгвэл “Төв миг” багийнхан энэ удаа “Төв миг вулвс” нэртэйгээр оролцож байгаа. Тус багийнхан Аргентин улсын ахлах дасгалжуулагч Пабло Дел Креккотой, мөн легионер Монсен Мидл нартай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Туршлагатай дасгалжуулагчийн ухаан, бэлтгэл хийлгэх арга барил тэдэнд шинэ тэсрэлт авчирч, өндөр түвшний техникээр тоглуулах нь дамжиггүй. “Төв миг вулвс”-ынхныг өмнөх жилийн зорилгоо гүйцээж, алтан медалийн төлөө бүх хүчээ дайчлан өрсөлдөхөд гайхах зүйлгүй.

Үндэсний дээд лигт ОУХМ Л.Баатархүрээ дасгалжуулагчийн удирдлагад оролцдог “Мегастарс” багийнхан аваргын цом хамгийн олон удаа гардаж, Монголын волейболын түүхэнд нэрээ тамгалсан. Бүх ард түмний XVI наадамд үзэгчдийн таамгийг эвдэн хоёр дахь удаагаа түрүүлсэн тэд энэ удаа ч гэсэн аваргаа хамгаалах аянаа эхлүүлээд буй.Тэд дасгалжуулагч Жү Сан Ёныг багтаа ажиллуулахаар БНСУ-аас урьсан.

Тэрбээр “Hyundai skywalkers”, ”Kepco vixtorm”, “Gumi LIG insurance greators” зэрэг багт өндрийн довтлогч (OH) байрлалд тоглодог байсан бөгөөд 2010-2011 оны “Kovo cup” тэмцээний MVP-ээр шалгарсан түүхтэй. 2021 оноос хойш дасгалжуулагчийн гараагаа “Seoul Woori card woori won” багаас эхлүүлсэн тэрбээр энэ жил зохион байгуулсан Ази тивийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Филлипинд болсон ДАШТ-д улсынхаа эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилласан юм.
Дээд лигт “тоос өргөдөг ” Натур бакс” багийнхан энэ жил таван жилийн ой тохиож байна. Үүсэн байгуулагдсан цагаасаа өндөр амжилт үзүүлсэн тэдний ахлах дасгалжуулагчаар лигийн таван удаагийн аварга, ОУХМ С.Амгаабазар ажиллахаар болсон нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан. Өмнө нь хоёр ч удаа хамтдаа аварга авсан холбогч Б.Наранбаярыг багтаа эргүүлэн татсан нь зөв сонголт байлаа.

Түүнээс гадна АНУ-ын Стивенсоны ахлах сургуулийн шигшээ багийн холбон тоглогч А.Дөлгөөнийг эгнээндээ элсүүлж, хүчээ зузаатгасан нь тус багийнханд гол найдвар болох нь. Тэдний хүч сэлбэсэн шинэ легионер Бахам улсын тамирчин Шерон Хепберн. Өндрийн довтлогчийн байрлалд тоглодог тэрбээр “Estonian league” 2023-2024, “Cazova senior championship 2026” тэмцээнд түрүүлж, тус бүр шилдэг хаагчаар шалгарсан. Түүний ямар ур чадвартайг Монголын үзэгчид тоглолтоор нь таних л үлдлээ.
“Дархан могулс” " энэ удаа “Үндэсний дээд лиг”-т оролцох батламжаа гардан авсан билээ. Ч.Отгонбаяр дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаадаг эл багийнхан өнгөрсөн есдүгээр сард болсон Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадамд оролцохдоо шигшээ дөрөвт шалгарч, “Минтонетт говь”-ийн тоглогчдыг 3:2 оноогоор ялж, хүрэл медалийн эзэн болсон. Тэд хэсгийн тоглолтдоо 2:3 оноогоор хожигдсон ч шийдвэрлэх тоглолтод алдаагаа засаж чадсан нь амжилтад хөтөлсөн юм. Энэ эрчээрээ зүтгэвэл тэд дээд лигт ширүүхэн өрсөлдөөн үзүүлэх магадлалтай. Тэдэнтэй Бүгд Найрамдах Косово Улсын шилдэг тоглогч Адриатик Бериша, мөн Куба улсын тамирчин Томас Алехандро нар хамтран зүтгэхээр нэгджээ. Томас Алехандро 2000 оны долоодугаар сарын 6-нд, Адриатик Бериша 1997 оны тавдугаар сарын 26-нд мэндэлжээ.

Адриатик Бериша 2023-2024 оны Косова Райффайзены супер лигийн аварга, 2024-2025 оны Косова Райффайзены супер лигийн финалд гайхалтай тоглолт үзүүлж, хоёр дахь удаагаа аваргын цом гардан MVP-ээр тодорсон юм. Түүнчлэн 2021-2022 Унгарын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2022-2023 онд мөнгө, 2022-2023 онд алтан медаль хүртсэн байна. 2023-2024 Унгарын цомын АШТ-д түрүүлж, 2023-2024 онд тус улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргалан, 2024-2025 Монголын “Үндэсний дээд лиг”-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай.

“Минтонетт говь”-ийнхон дээд лигийн "дарийн утаа" үнэрлээд удаагүй байгаа шинэ баг. Тус баг бусад клубийг бодвол шинэ залуу тамирчидтай. Туршлагаар илүүрхэхгүй юм гэхэд хурд, хүчээр хойшдоо яван чангарахаа харуулах биз ээ. Залуу тоглогчдоос холбогч С.Хайратбек, багийн гол хүч М.Гэндэндарам, хамгаалагч С.Анх-Эрдэнэ, довтлогч О.Бархасбаяр зэрэг өсөх ирээдүйтэй тамирчдаар багаа бүрдүүлжээ.

Тус багт АНУ-ын тамирчин Дэвид Кисиэл тоглохоор хөл тавив. 1997 оны аравдугаар сарын 4-нд төрсөн тэрбээр Аризонагийн Глендейлээс гаралтай бөгөөд Ironwood ахлах сургуульд сурч, Grand Canyon их сургуульд таван жил волейбол тоглон, компьютерийн шинжлэх ухаан, бизнесийн чиглэлээр суралцсан байна. Финландын волейболын лиг болон CEV аваргуудын лигт тоглон, мэргэжлийн карьераа 2021 онд Недарландын “VC Limac” клубээс эхлүүлжээ. 2022–2023 онд Финландын “Саво воллей” клубийнхэнтэй нэгдсэнийхээ дараа Италийг зорьж, ”The begin volley Ancona” багт тоглож буй.
Дээд лигт өрсөлдөж буй эдгээр багийн өрсөлдөөн, тоглогчдынх нь авьяас, ур чадвар хөгжөөн дэмжигчдээ огшооно гэдэгт эргэлзэхгүй байна.