Сонгинохайран дүүргийн Баянхошуунд энэ сарын 18-19-нд шилжих шөнө 35 настай эрэгтэй, хоёр настай хүүгийнхээ хамт угаартаж нас баржээ. Талийгаач залуу “Тавантолгой түлш” ХХК-д ажилладаг, эхнэр нь хөдөө ажлаар явсан, тэд ганц хүүтэй байсан гэх мэдээлэл цахим орчин тархаад буй. Энэ сарын эхээр мөн Чингэлтэй дүүрэгт ээж, охин хоёр угаартаж нас барсан. Тэгвэл уржигдар мөн тус дүүргийн VIII хороо, Баянцагааны гудамжинд оршин суух айлд хүн хүн угаартсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад гэрийн эзэгтэй 43 настай О.Н угаартаж нас барж, нөхөр болох 53 настай Б.С нь Хордлогын яаралтай тусламжийн төвд эмчлүүлж байгаа аж. Угаар мэдрэгчгүй, яндангаа хааж унтсан байсан хэмээн холбогдох албаныхан хэлэв. Аав, хүү хоёрын тухайд мөн л угаар мэдрэгчээ унтраагаад унтсан байх гэх мэдээллийг нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас өгсөн. Үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг угаартаж амиа алдсан иргэдийг өөрсдийн буруугаас болсон гэх тайлбарыг албаныхан хэлдэг. Өөрөөр хэлбэл, угаар мэдрэгчгүй, эсвэл унтраагаад унтсан, яндангаа хаасан, өрхөө бүтээсэн гэх жижүүрийн үгээр ам хаах болоод удаж байна. Энэ тухайд Түлш хэрэглэгчид үйлчлэх төвийнхнөөс тодруулахад “Галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хийтэй холбоотой 42 мянга орчим дуудлага бүртгэгдэж, найман хүн нас барсан” гэв. Тус газрынхан “Угааргүй, утаагүй, аюулгүй өвлийг хамтдаа бүтээе” гэх сайхан уриатай. Харамсалтай нь, угаартай, утаатай, айдастай өвөл айсуй. Намрын адаг сар дуусаагүй, хүйтний эрч чангарах болоогүй байхад хүмүүс олнороо, гэр бүлээрээ нэг дор цаг бусаар эндэж буй нь эмгэнэлтэй.
Монгол Улсад эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөсөр хаягдсаны наад захын жишээг угаарын хийн хордлогоор амиа алдагсдын тоо буурахгүй байгаагаас харж болно. ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид “Шүүхийн шинжилгээний үн¬дэсний хүрээлэнгээс авсан мэдээллээр энэ оны эхний арван сарын байдлаар 110 хүн угаартаж нас баржээ. Гэр хорооллын 176 мянган өрх гал түлж буйгаас 120 орчимд нь угаарын хий мэдрэгч байршуулсан. Урьдчилан сэргийлэх боломжтой атал цаг зуурын үхлээр ингэж олноороо нас барж байгаа нь байж боломгүй. Үүнд төрийн байгууллагынхан бүгд анхаарах ёстой” гэв. Цахим орчинд түлш, угаарын хийн хордлогын талаар мэдээлэл өгч, хяналт тавьдаг “Хашаандаа сайхан амьдаръя” группын админ Ц.Түмэнбаяр “Таван жил шахмал түлш үйлдвэрлэсэн компанийн үйл ажиллагааг хотын дарга зогсоож, Хятадаас 226 тэрбум төгрөгөөр түлш оруулж ирж байна. Хуваарийн дагуу түлш нийлүүлэхээс 20 орчим мянган тонныг л оруулж ирсэн. “Тавантолгой түлш” компани таван өдрийн нөөцтэй. Гал алдахад ойрхон байна. Хагас кокс нь агаар их хэрэглэж шатдаг, угаартах эрсдэл өндөртэй. Угаарын хийн хордлогын тоон мэдээллийг хүргэдэг вэб сайт нь ажиллахгүй. Нийслэлийнхэн үнэнийг хэлэхгүй, нууж байна” гэв. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудсанд угаарын хийн хордлогын талаарх тоон мэдээллийг өдөр бүр оруулдаг байсан бол сүүлийн хэд хоног ажиллуулсангүй.
Ч.Цэлмэг