Зам, тээврийн яамныхан БНХАУ-ын Бээжингийн зам харилцааны их сургуультай хамтран төмөр замын салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэхээр болжээ. Талуудын хамтын ажиллагаа 2012 онд эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд манайхаас 60 оюутан тус сургуульд тэтгэлгээр сурч, тэд өдгөө төмөр замын салбарт мэргэжлээрээ ажиллаж буй юм байна.
Тэгвэл энэ удаагийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд үндсэн хоёр чиглэлд түлхүү анхаарах гэнэ. Нэгдүгээрт, монгол оюутнуудыг Бээжингийн зам харилцааны их сургуульд бакалавр, үргэлжлүүлэн магистр, докторт сургах, төмөр замын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах богино хугацааны сургалтад хамруулах аж. Ингэхдээ суралцагсдыг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах боломжийг түлхүү эрэлхийлнэ гэв. Хоёрдугаарт, хил дамнасан төмөр замын төлөвлөлт, барилга, ашиглалтын менежмент, аюулгүй байдал, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийж, үр дүнг практикт ашиглахтай холбоотой ажлуудыг гүйцэтгэхээр тохиролцлоо.
О.Бат