Гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй халдварт өвчний үед мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, тохиолдлын удирдлагын тогтолцоогоор хангах тухай тушаалыг шинэчлэх үндэсний хэлэлцүүлгийг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа. Манай улс өнгөрсөн хугацаанд улаанбурхан, тарваган тахал, боом, менингит, “Ковид-19”-ийн халдвар, химийн бодисын болон хоолны хордлого зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой 100 гаруй тохиолдлын үед уг журмыг баримтлан тухайн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Эдүгээ гишүүн улс орнууд тохиолдлын удирдлагын үндэсний тогтолцоог бэхжүүлэхээс гадна алслагдсан бүс нутгийн чадавхыг нэмэгдүүлэх нь чухал болоод байна. Тэр дундаа халдварт өвчний дэгдэлтийн үед аймгийн түвшинд хариу арга хэмжээ авах чадавх бүрдсэн байх ёстой. Энэ мэт бүх шатанд шуурхай удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу бүрдүүлэхэд хуучин журмыг шинэчлэх шаардлага үүссэн” гэв.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд түүнийг хянах, эрт илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах нь улс орнуудын ДЭМБ-ын өмнө хүлээсэн үүрэг байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа эрсдэлийн үед удирдан зохион байгуулах, шуурхай арга хэмжээ авах, шаардлагатай эм, тариа, хүний нөөц хуваарилах зэргээр бэлэн байдлыг хангаж ажиллах ёстой. Улс орнуудын эл чадавх ямар түвшинд байгааг ДЭМБ-аас жил бүр үнэлдэг. Мөн 4-5 жил тутамд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээгээр дүгнэдэг аж. Манай улсын шуурхай удирдлагын тогтолцоо буюу нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авах чадавх өдгөө бэхжиж буй түвшинд үнэлэгдээд байна.
О.Ундрах