ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын уран бүтээлчдийн академийн гишүүн, керамик барималч Н.Сүхбүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Нэгэн цул” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгоод буй бөгөөд орлогынхоо 10 хувийг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлахаар төлөвлөжээ. Эл дэмжлэгийг дунд сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх өрөө байгуулахад зориулах юм байна.
Багаасаа л үзсэн хүүхэлдэйн киноныхоодүрийг баримлын шавраар урлаж өссөн тэрбээр бүтээлүүдээрээ дамжуулан хүний оршихуйн мөн чанарыг гэрэл, өнгө, сүүдрийн хэлбэлзлээр илэрхийлэхийг зорьдгоороо онцлогтой нэгэн.
-Таны хувьд Монголоос анх удаа ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын уран бүтээлчдийн академи (IAC)-ийн гишүүнээр элссэн шүү дээ. Энэхүү академийнхан гишүүдээ хэрхэн сонгон шалгаруулдаг юм бол?
-Тус академийнхан миний мэдээллийг 4-5 жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн юм билээ. ЮНЕСКО-гийн тангарагтны шүүгч дөрвөн уран бүтээлч шалгаруулах даалгавартай манайд 2022 онд ирсэн юм билээ. Ингээд эхний шатанд монгол, герман, япон, тайвань уран бүтээлчийг сонгосон. Дараа нь биднээс нэгийг нь сонгож, шилдэг уран бүтээлчийн каталогийн ковер шалгаруулахад оруулсан. Тухайн үед би тэнцэх, эсэхээ мэдэхгүй, юу болоод байгааг ч сайн ойлгоогүй. Би өөрийнхөө бүтээлүүдийг тайлбарлах гэхээр “Хэрэггүй. Чиний мэдээлэл бидэнд хангалттай бий” гэнэ. Шалгуурын хувьд олон улсын үзэсгэлэн, биенналь, хөтөлбөрүүдэд хэр идэвхтэй оролцсон тухай протоколыг голчлон авч үздэг. Хамгийн чухал нь тухайн уран бүтээлчийн чанар, чансаа, консепц, багаар ажиллах чадвар, хувь хүний хандлагыг харгалзан үздэг юм билээ.
-Эл академид элсэх нь ямар ач холбогдол, давуу талтай вэ?
-Дэлхийн дөрвөн өөр газарт тархан сууж буй тангарагтны шүүгч нар эл академид хандан миний өмнөөс захиа бичдэг. Ингэж хоёр жил гаран бичсэний эцэст Олон улсын уран бүтээлчдийн академид 36 гишүүн энэ онд шинээр элссэний нэг нь би. Идэвхтэй гишүүнээр гурван жил ажилласны дараа ЮНЕСКО-гийн томоохон үзэсгэлэн, биенналь, симпозиумыг эх орондоо албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, олон улсын урлаг, соёлын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах эрх нээгдэнэ гэсэн үг. Бас ЮНЕСКО-гоос санхүүжилт авах эрхтэй болж байгаа юм.
-Монголын дүрслэх урлагийн салбарыг дэлхийд төлөөлнө гэдэг амаргүй үүрэг. Нэг талаас маш өндөр хариуцлага, нөгөөтээгүүр дарамт болох үе ч бий байх.
-Нуулгүй хэлэхэд, хувь хүний хөгжлийн талаас өөрийгөө жаахан голж байна. Монгол уран бүтээлчдэд хэлний бэрхшээл их бий. Улсаа төлөөлж байгаа гэдэг утгаараа халтар, бултар яривал ичмээр шүү дээ. Мөн өөрийгөө хөгжүүлэх шаардлага их байна. Үүнээс гадна бичгийн ажил ч нэмэгддэг юм билээ.
-Та “Нэгэн цул” үзэсгэлэнгээ саяхан олны хүртээл болголоо. Эл үзэсгэлэнгээр дамжуулан илэрхийлэхийг хүссэн гол санаа, бүтээлүүдийн онцлог нь юу бол?
-Би Монголдоо үзэсгэлэн гаргаагүй бараг таван жил болсон. Хамгийн сүүлд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд керамик баримлын “Манан” үзэсгэлэнгээ дэлгэсэн. Түүнээс хойш олон ч зүйл үзэж, тууллаа. Гадаадад ч бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, олон улсын томоохон биенналиудад идэвхтэй оролцлоо. Амьдрал бол аялал гэдэг шиг сэтгэл зүйн болон бие махбодын аялалд гарч, богцоо дүүргэчхээд “Нэгэн цул” үзэсгэлэнг дэлгэлээ.
Таван жилийн хугацаанд бие махбод болон сэтгэл зүйн хувьд маш олон сорилттой нүүр тулсан. Яг л зүрхний бичлэг мэт унаж, боссон үе олон. Энэ бүх туршлага, туулсан замналынхаа үндсэнд “Нэгэн цул” хэмээх үзэсгэлэнгийнхээ ерөнхий консепцыг олж харсан юм. Тиймээс энэ бүхнийг нэгтгэн базаж, үзэсгэлэн гаргах нь зүйтэй гэж шийдсэн. Монголчууд бидний хувьд нүүдлийн иргэншил, ёс заншил болон тээгдмэл өв соёл гэж бий. Гэвч эдгээр нь сүүлийн жилүүдэд мартагдаад байх шиг. Цаг хугацааны эрхээр бид илүүтэй суурин амьдралын хэв маягт шилжиж байгаа. Энэ бол даяаршиж буй нийгэмд байх л ойлголт. Биднийг жаахан байхад өвөө, эмээ минь хэвийн боов хэрхэн өрөхийг зааж өгдөг байсан шүү дээ. Амьдралд зовлон, жаргал хослон оршдогийг зөвхөн Цагаан сараар идээ, ундаагаа хэрхэн засдагаар хүртэл хүүхдийн ухамсарт суулгадаг байж. Харин бид энэ бүхнээс өдөр ирэх тусам маш ихээр алсарч, холдож байна. Өөрөөр хэлбэл, аливаа зүйл түр зуурынх болохыг бидэнд хүүхэд байхаас сургажээ. Гэтэл энэ гэрийн боловсрол алдагдаад эхлэхээр сэтгэл зүйн эмгэг, асуудлууд гарч ирж байна. Бид өмнө нь сэтгэл гутралтай болчихлоо, эсвэл сэтгэл түгшээд байна гэж ярьдаг байсан бил үү. Ямарваа нэг зүйлд хэт туйлширч, нэг тал руугаа хэлбийгээд эхлэхээр улс орны онцлог, давуу тал, өв соёл чбүдгэрдэг. Бид бол дугуй гэртээ жижигхэн ширээгээ тойрч суугаад, хоолоо хувааж иддэг байсан ард түмэн. Гэтэл өдгөө бидний амьдралын хэв маяг маш их өөрчлөгджээ. Амьдралын хэвшил өөрчлөгдөхийн хэрээр монгол хүний сэтгэл зүйн дархлаа үгүй болоод байна. Би ч гэсэн үүний нэгэн золиос нь. Бусдын л адил сэтгэлээр унаж, өвдөж шаналан, алдаж, эндэж явсан. Эргээд харахад хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдэг юм байна. Жаргалыг зовлон, зовлонг жаргал тодотгодог болохыг ойлгосон.
Харин хар, цагаан гэдэг нэршлийг бид л оноогоод өгчихсөн болохоос энэ бол хийсвэр ойлголт. Зүгээр л бие биеэсээ хамааралтай эсрэгцэл. Тиймээс амьдралын энэ хослолыг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Тэр ч утгаараа “Нэгэн цул” үзэсгэлэн төрөх, үхэхийн өнгө нь ижил гэдэг эшлэлээр эхэлдэг. Бид эхийнхээ хэвлийд лаа, ламп, гэрэл аль ч үгүй харанхуй орчинд бүрэлдэж, хүн болдог. Харин төрөх мөчид маш олон өнгөн дунд ордог. Зовж, жаргаж, баярлаж, цэнгэж, гуньж, гутарч бүх л амьдралынхаа туршид олон төрлийн мэдрэмж авсаар эцэст нь бүдгэрч, өнгө нь буурсаар харанхуй руу буюу эх дэлхийдээ буцаад шингэдэг.
Хар бол хамгийн шударга, гэгээлэг, хүнийг өөрийнх нь дотор орших гайхалтай ертөнцтэй нь хамт байлгадаг, тухтай өнгө. Энэ үзэсгэлэн ч хар өнгөтэй. Гэхдээ гэгээлэг хар гэдгээрээ ялгаатай. Хүн нүдээ аних мөчид эрх чөлөөтэй болж, дотоод ертөнц рүүгээ шумбан ордог. Бид бясалгах, эсвэл аливааг бодож тунгаахдаа үргэлж нүдээ аньдаг шүү дээ. Учир нь тэр үед л бид дотоод хүнтэйгээ уулздаг. Харин нүдээ нээх төдийд эрх чөлөө хумигдаж, хэн нэгэнд таалагдахын тулд маск зүүж эхэлнэ.
-Таны баримлуудаас “Инээмтгий хайр”-ыг илүү тодруулж асуух хүсэлтэй хүн олон байх?
-“Инээмтгий хайр”-ыг өдгөө улсын сан хөмрөгт хадгалж байгаа. Хайрыг хүчлэх боломжгүй. Хайр бол зөнгөөрөө, цаанаасаа л урсаж, ундран гардаг зүйл. Өөрийн мэдрэмжээ дарж, хүчиллээ гээд зовохын л нэмэр гэдэг санааг илэрхийлэхийг хүссэн юм.
-Уран барималч болно гэхэд гэрийнхэн тань их эсэргүүцэж байсан гэж сонссон.
-Гэр бүлийнхнээ буруутгадаггүй. Ямар ч хүн тийм үйлдэл хийх л байсан. Би дөрвөн ахтай. Ах нар минь сургуульдаа нэртэй, онц сурдаг хүүхдүүд байлаа. Харин би эцэг, эхийнхээ чихэнд “хонх уядаг” нь. Хамгийн анх таван настайдаа баримлын шавраар тоглож эхэлсэн. Ингээд бараг донтчихсон. Ер нь хичээлээс илүү баримлаар элдэв зүйл хийх хүсэлтэй байсан. Улмаар III ангид ордог жил миний сурлага эрс муудсан. Дээр үед айл бүр л пүршин ортой байсан шүү дээ. Нэг удаа аав, ээжийнхээ орны доор лаа тавьж, нууцаар тоглож байгаад гэрээ шатаангаа алдсан. Ер нь энэ мэт асуудал цөөнгүй давтагдсан. Гэрээ шатаах, муу сурахаас гадна эрүүл мэндийн шалтгаан ч гарч ирсэн. Хумсныхаа завсар баримлын шавар чихсээр байгаад сүүлдээ идээлээд, хумс нь уначихна. Сүүлдээ байдал ч хурцдаж, ах нар уурлаад, миний баримлыг гал руу чулуудчихсан. Тухайн үед надад эд, эрхтнээ алдаж байгаа мэт хэцүү санагдсан. Тэгээд л улайссан галаас баримлаа аваад “Би заавал барималчин болно” гэж хэлсэн. Гэрийнхнийхээ өөдөөс ингэж чанга дуугарсан Сүхбүрэнг одоо бодоход үнэхээр эрэлхэг зоригтой санагддаг. Ингээд л манайхан болохгүй юм байна гэдгийг нь ойлгоод эвээр ярьж эхэллээ. “Бид чамайг баримлаар тоглолоо гэж дахиад дургүйцэхгүй. Нуугдах ч шаардлагагүй. Гэхдээ чөлөөт цагаараа л тогло. Бусад үед нь хичээлээ хийгээрэй” гэх болсон.
-Дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн керамикийн ангид орсон байх аа.
-Би аравдугаар ангиа 1999 онд төгссөн. Багаасаа л барималчин болно гэж бодсон учраас Дүрслэх урлагийн дээд сургуульд орох хүсэлтэй. Гэтэл намайг ордог жил элсэлтээ аваад дуусчихсан. Ингээд хоёр жил өнжсөний эцэст керамикийн ангид орсон юм. Тухайн үед урлаг судлалын Байгалиа багш “Чи керамикийн ангид ороод үз. Чамд таалагдана. Хэрэв болохгүй бол ирэх жил шилжчих” гэж хэлсэн. Харин керамикийн ангийн багш миньГ.Сэрээтэр хэмээх гайхалтай хүн байсан. Амьдралын минь багш байлаа. Гэр бүлийн хүмүүжил мэдээж чухал ч түүнийг минь илүү өнгөлж, тордсон хүн бол Г.Сэрээтэр багш.
-Хамгийн ихээр сэтгэлээ шингээж урласан, “Миний дотоод ертөнцийн илэрхийлэл бол энэ” гэж хэлж чадах бүтээл тань аль нь вэ?
-Бүхий л уран бүтээлдээ сэтгэлээ шингээн урладаг. Тэдгээрээс нэгийг нь онцлооч гэвэл “Сайн, муу нэгэн цул”-ыг хэлнэ. Намайг зургаан настай байхад Монголын үндэсний телевизээр “Тахиа цаг” гээд авьяастай хүүхдүүдийг оролцуулдаг нэвтрүүлэг гардаг байлаа. Энэ нэвтрүүлэг миний ой тооноос ер гардаггүй юм. Тухайн үед хөтлөгч нь надаас “Энэ хорвоод сайн хүн олон уу, эсвэл муу хүн олон уу” гэж асуусан. Харин би сайн, эсвэл муу хүн энэ хорвоод байхгүй гэж хариулсан. Учир нь сайн хүн заримдаа муу зүйл хийх тохиолдол бий. Бас муу хүн ч хэн нэгэнд тусалж болно. Ер нь эргээд бодоход бидний нас л нэмэгдээд буй болохоос ертөнцийг харах үзэл эхийн хэвлийд байхаас бүрэлддэг юм шиг.
Хорвоогийн нарыг харж, салхи, агаар, усыг мэдэрч байгаадаа талархах хэрэгтэй. Энэхүү бүтээл бол зовлон, жаргал угаасаа хоршиж оршдог учраас сайн, эсвэл муу гэсэн ойлголт ч нэг нэгнээсээ хамааралтай гэдэг санаа. Ингээд ойлгочихвол амьдрахад илүү амар болдог. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол. Хүн бүрийн хорвоог харах өнцөг харилцан адилгүй. Зарим хүнд миний ярьж буй зүйл утга учиргүй мэт санагдаж болно. Тиймээс өөрийнхөө бодлыг бусдад тулгах дургүй.
-Таны гэр бүлийн хүн ч уран бүтээлч шүү дээ. Хоёр уран бүтээлч нэг дор амьдарч, бүтээж туурвина гэдэг давуу тал олонтой ч, хүндрэлтэй зүйл бишгүй л тохиолддог боловуу?
-Асаалттай арван танк гэдэг шиг үргэлж дэргэд минь байдаг хүн бол эхнэр минь. Заримдаа багш шиг зааж зөвлөнө, бас найз, ээж, аав шиг хандах үе ч бий. Ер нь миний уран бүтээлийн хамгийн том тулах цэг бол эхнэр минь гэж ойлгож болно.
Манайх сэтгэл хөдлөл өндөртэй гэр бүл. Аливаад сэтгэл хөдлөлөөрөө хандах гээд байдаг талтай. Бүх зүйлийг уран бүтээлчийн нүдээр харна. Бас хувь хүний орон зай, дотоод ертөнц гэж бий. Харин тэдгээр хувь ертөнцийг хооронд нь хэрхэн эвцэлдүүлэх вэ гэдэгт маш их ур ухаан шаарддаг. Бид эр, эмээрээ зохицох гэж яаж яддаг билээ. Гэтэл уран бүтээлчид бол үүнээс гадна өөрийн гэсэн хувийн орон зай, ертөнцийг үзэх өнцөгтэй байдаг. Бүр авьяас нь хүртэл тусдаа шүү дээ.
-Монголын дүрслэх урлагийн салбарын өнөөгийн төлөв, залуу уран бүтээлчдийн чиг хандлагыг та хэрхэн харж байна вэ?
-Би Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжилд ерөөсөө санаа зовдоггүй. Дэлхийн тавцанд эн зэрэгцээд явж байгаа гэж хардаг. Зарим тохиолдолд илүү тод санагддаг. Зөвхөн баримал, уран зураг бус, ер нь манайхан соёл урлагаараа дэлхийд түүчээлдэг. Монгол Улс хэдийгээр цөөн хүн амтай ч бидний язгуур урлаг соёлоороо харагддаг байх. Тэр ч утгаараа төрийн бодлогоор урлаг соёлоо дэмжээсэй гэж хүсдэг юм. Учир нь урлаг бол олборлоод дундрахгүй уурхай. Энэ нь эдийн засагт ч тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгнө. Бас бусад оронтой харьцуулахад манайхны урлагийг мэдэрч, таашаах мэдрэмж нь арай илүү юм шиг санагддаг. Ямар нэгэн байдлаар урлаг соёлтой холбоотой бүтээлийг яаж ийж байгаад л авчих юм сан гэж боддог.
У.Сүрэн