Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, орон байртай болох нь хүний амьдралын чухал шийдвэр, томоохон алхам билээ. Харин бусдын эл хүсэлд дөрөөлөн худалдан авагчийг мэ¬хэлж, залилах үзэгдэл хавтгайрсан байна. Үүнээс болж иргэд орон сууцдаа орж чадахгүйд хүрэх, хураан хуримтлуулсан мөнгөө алдах зэргээр хохирох нь элбэг. Түүнчлэн байршил муутай, хүүхэд тоглох газаргүй гэх мэт стандартын шаардлага хангахгүй, бөөр бөөрөө дарсан орон сууцад бухимдаж, тав тухгүй амьдрах нь ч бий. Иймээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах¬даа анхаарах зүйлсийн талаар уншигчдадаа хүргэе.
Иргэний хуулийн 84.3 дахь хэсэгт “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” хэмээсэн. Байр, байшин, газар авахдаа нэн тэргүүнд таны болон танай гэр бүлийнх¬ний ажил, сургууль, бусад үйлчилгээний төвтэй ойр, эсэх болон эргэн тойрны авто зогсоол, гудамж талбайн стандартыг харгалзах нь зүйтэй. Түүнчлэн ирээдүйд тухайн байршилд шинэ зам, сургууль, худалдааны төв, дэд бүтэц баригдах, үгүйг мэдсэнээр хожим та орон сууцынхаа үнэлгээг өсгөн худалдах, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, эсэх эцсийн шийдвэрээ ч гаргах боломжтой юм.
Хэрвээ та өөрийн сонирхолд нийцсэн орон сууц, байшин, газраа олсон гэж үзвэл өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар ашиглалтын зориулалт, үл хөдлөхийн бүртгэ¬лийг шалгах хэрэгтэй. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд байгаа, эсэхийг ТҮЦ машин, УБЕГ-ын цахим системээр дамжуулан шалгах боломжтой юм. Харин шинэ орон сууц худалдан авч буй бол барилгын компанийнх нь өмнөх төслүүдийн хэрэгжилт, холбогдсон асуудлыг судлах нь зүй. Компаниуд барилгаа амласан хугацаандаа ашиглалтад оруулахгүй байх нь хүмүүсийн шүдний өвчин болсон шүү дээ. Хэрэв тухайн орон сууцын компани танд итгэл төрүүлж байвал өөрийн сонгосон байрынхаа дуу чимээ тусгаарлалт, сантехник, цахилгааны систем, ам метрийн тооцооллыг мэргэжлийн хүнээр шалгуулах нь ирээдүйд үүсэх маргаанаас сэргийлэх ач холбогдолтой.
Орон сууц, байшин, газар худалдан авахдаа тус худалдах-худалдан авах гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлдэг. Иргэний хуулийн 245.2 дахь хэсэгт заасанчлан “Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна”. Энэ бүхнийг “ном ёсны” дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдан авбал хожим үүсэх эрсдэлээс сэргийлж чадна. Үл хөдлөх эд хөрөнгө авах шийдвэрийг яаран гаргах хэрэггүй бөгөөд үүнд мэргэжлийн хуульчтай зөвлөлдөх нь хамгийн найдвартай алхам юм шүү.
Д.Хэрлэн