Боловсролын салбарын ажилтнууд ажил хаяад 18 хонох гэж байна. Цэцэрлэг, сургуульгүй болсон хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгосон сурч боловсрох эрх хөсөр хаягдаж, хэзээ хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх нь тодорхойгүй байсаар өдий хүрэв. Ажил хаялтыг зохион байгуулсан Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Боловсролын яамныхан багш нарын цалин нэмэх асуудалд тохиролцоонд хүрч, хэлэлцээр хийж чадалгүй олон хоносны горыг хүүхдүүд амсаж, хохирсон. Тэгвэл хоёр тал тохиролцоонд хүрч, гарын үсэг зурсан аж. Энэ талаар тус холбооны дарга З.Цогтгэрэл “Хоёр тал тохиролцоонд хүрсэн. Одоо үйл явцын дарааллын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Тус яам бүртгэсний дараа албажуулна” гэв. Гэвч шинэ долоо хоногийн эхний өдөр буюу өнөөдөр хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх, эсэх нь тодорхойгүй байна. Багш нарт тодорхой мэдээлэл өгөөгүй учраас даваа гаргийн өглөө цэцэрлэг, сургууль хүүхдүүдээ хүлээж авахгүй бололтой. Гарын үсэг зурсан уг тохиролцоог албажуулснаар үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх гэнэ. Боловсролын сайд болон үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар өнөөдөр хамтарсан мэдээлэл хийх сурагтай. Багш нарын шаардлагын дагуу цалинг нь 3.5 сая төгрөгт хүргээгүй ч нааштай хариу ирүүлсэн тул ийнхүү тохиролцоонд хүрсэн хэмээн тус холбооноос мэдэгдэж буй.
Ташрамд, нийслэлд ийнхүү хичээл сургалтыг эхлүүлэх нааштай чимээ сонсогдох зуур орон нутгийн зарим сургуулийн багш нар энэ долоо хоногийн дундуур ажил хаяхаа илэрхийлээд байгаа гэнэ.
Ч.Туяа