УИХ-ын хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг шинээр томилсон болон УИХ-ын дэд даргаар МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг томилсныг танилцуулж байна. Уг томилгоотой холбоотойгоор гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Засгийн газрын огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы шөнө Үндсэн хууль зөрчихийг шаардаж, мессежээр дарамталсан. Шөнөжингөө 80-тай дугаараас "Ална шүү, ......минь. Ирж хуралдаа ор. Дүүжлэн шүү. Очиж наад хоёроо огцруул" гэдэг мессеж ирсэн шүү. Ингэж дарамталсан.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт маш тодорхой гарсан. Та бүхэнд уншиж өгье. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь УИХ-ын чуулганы хуралдааныг даргалахдаа Үндсэн хуулийн холбогдох 43.1-ын заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэж бичсэн байна.
УИХ-ын тухай хуулийн 9-ийн 3-т Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргавал түүнийг УИХ хүлээн зөвшөөрч, гишүүнийг эгүүлэн татах эсэхийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж, бид нар шийднэ. Эгүүлэн татахгүй байж ч болно шүү дээ. Хамгийн гол хуулиа дагаад энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Үлдээх эсэхээ бид шийдэх ёстой. Танай бүлэг Үндсэн хуулийг давсан шийдвэр гаргаж байгаа бол бид УИХ-ын гишүүн гэж суух хэрэг байна уу. Эвлээд нэгтгэхээр үндсэн хуулийн зөрчсөн асуудал ингээд үлдэх юм уу" гэх мэдээллийг өглөө.