
Ж.Нэргүй
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байна. 2009 онд анхны БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулсан бөгөөд сэтгүүлч, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй “90-ээд оны Чойном” хөрөг нийтлэлээрээ “Шилдэг-9”-д шалгарсан юм.
“...Наадах хөндлөн толгойт чинь их учиртай эд шүү!
Хэн ч энэнийг барахгүй...”
Базаррагчаагийн Бат-Оршихын тухай 1993 онд Д.Нямсүрэнгийн нэгэнтээ унагаасан үг
Тэр хүү 1990 оны “Болор цом”-оор гэнэт гарч ирсэн юм. Цэлмэг тэнгэрт аянгын дуу тасхийх адил. Олон цагаан хунгийн сүрэг дотор ноорхой хар хэрээ шиг нисэн орж ирээд цоорхой цэнхэр тэнгэрийг цайвалзуулан дүүлчихсэн юм. Яруу найргийн хамгийн том наадамд оролцоод урлаг, соёлын сүм-Дуурийн театрын тайзан дээр зогсож байгаа мөртлөө өөрийн¬хөө, тас хар нүүртэй адил цэрэг бахиалан гутлаа гилтийтэл тосолчихоод ирснээ хорвоод байхгүй сайхнаар гоёчихсон гээд бодчихсон, хөндлөн юм шиг харагдах хавчигдуу толгойтой, монхор хамартай, нүүрэндээ сорвитой, 23 настай гилгэр хар залуу.
“...Тэрмэн дээлийн энгэр задгай
Тэрсүү нь дэндүү залуу нас минь
Тэнзэн ташуур хөндлөн барьсан
Тэмээнээс гэдгэр залуу нас минь...”
ч гэх юм уу, аль эсвэл
“...Гоо бусгүйн тэмцээнд нүцгэн шалдан гайхуулаагуй Гоолиг турьхан биеэ өлөн харцанд таалуулаагүй
Таанын үнэртэй энгэртэй хөрслөг бор охид минь
Саалийн сүү шигээ ариухан хөдсөн дээлтэй цэцэгс минь
Моодны боол эмс чамайг харан бахдаг
Манай Монголын гайхамшиг хөдөө бийд итгэг...
Эгэлийн эгэл даруу, талын танхил эрдэнэ
Эрхэмсэг гоо марал та нартай минь тэнцэх
Мисс гэж байхгүй ээ, хүрээ гангачуул хойшоо!
Миний нутгийн бахархал-хараа бардам дээшээ”
хэмээн уншиж, хэрийн юманд сэтгэл нь хөдлөхөө больсон хотын хямсгар “язгууртнууд”-ын зүрхэнд шар ус хуруулсан мөнөөхөн нүднийхээ хонхорхойд хөх тамгатай 23-тай хулигаан шинжийн хүүг өдгөө бодохоор шазруун зангаараа алдаршсан арван тавдугаар зууны дунд үеийн Францын Франсуа Вийон, өнгөрсөн зууны 20иод оны Оросын Сергей Есенин хоёр санаанд ороод болж өгөхгүй юм.
Урьд нь тэгтлээ олны итгэлийг хүлээх завшаан хүртдэггүй байсан Бавуугийн Лхагвасүрэн ах, “генерал” Д.Пүрэвдорж гуай, Готовын Нямаа ах гээд дандаа стандартын бус сэтгэлгээтэй агуучуулын шүүсэн тэр “Болор цом” наадам Б.Бат-Орших, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир, Билгүүн тавыг анхлан “олж гаргаж тавьсан” ч, хумсаа нуусан мигуй шиг нийгмийн өөрчлөлтөд Оршихоо шиг минь тэгж өөрийнхөө онгон зэрлэг “байгалиар”, эхээс төрсөн бодгаль чанараар үлдсэн, хангал адуу шиг ханхийсэн нь одоо санахад үгүй ажээ.
Мөрийтэй тоглоомын газар шиг болчихсон Монгол эх орноо Оршихоо шиг минь өмөөрөх найрагч нэг хэсэгтээ л гарахгүй бололтой. Б.Явуухулан, Д.Нямсүрэнгээс хойш, Б.Лхагвасүрэн ахын омголон залуу насны цэцэн цэлмэг мөрүүд цөөрч эхэлсэн цагаас хойш, Б.Галсансүхийн постмодернизмыг эс тооцвол Монголын уран зохиолчид бүгдээрээ л тийм нэг талын хөх толгод шиг өндөр, намаараа үл ялгагдах ив ижил зиндааны, реализм, натурализм, идеализмаас ангижирч чадаагүй, догшин эмоцигүй, “Өгөөж”-ийн талх шиг амт шимт тааруухан, оньсого мэт агуулгатай даржиндуу хуулан бичлэгүүдээр гулгиж, мөн л тийм зиндааны сэтгэлгээтэй уншигчид нь эгээтэй л Данзанравжаагийн ‘‘Үлэмжийн чанар”-т мансуурах мэт өнөөх хэдийнхээ шүлгүүдээр сэтгэлээ зогоон суух болжээ. Гэтэл Оршихоо маань бол яах аргагүй 90 оны Чойном байсан юм. Тэр ч жамаараа Чойномын “Оюухай” наадмын анхны шагналтан болсон билээ.
Уржигдар өглөө эхнэр бид хоёр босоод “Урьд шөнө чинь яасан хүнд унтав даа?!” хэмээн гайхалцан, яагаад ч юм бүү мэд, “Муу Оршихоогоо нэг номтой болгочих юмсан, өнөөх шүлгүүдийг нь шивж дуусаа бол уу, үгүй бол уу, Мөнхжөө рүү (“Алаг хорвоо” сонины) нэг утасдъя байз” гэж бодосхийн сэтгэл бүрзгэр сууж байтал Дорнодоос аюулын хонх жингэнэж, “Бат-Орших маань өнгөрчихлөө” гэсэн мэдээ ирүүт (Ер нь ч нас яваад ирэхээр өөрийн эрхгүй зөн совинтой болдог юм шиг байна) л утсыг нь шууд таслахуй, эр хар нулимс асгарч, “90 оны Чойном байсан юмсан” гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирсэн.
Жаахан тайвшраад хүргэн рүү нь эргэн залгаж “Та нар тэгээд олигтойхон хянаж байхгүй яасан юм бэ” хэмээн түүнд огтын хамаагүй ялыг тулгаж байхдаа “За даа, тэгээд жинхэнэ яруу найрагч 37-ныхоо, үгүй юм гэхэд 49-нийхөө жилээр л амьд явахыгаа хязгаарладаг даа” хэмээн сэтгэлээ тайвшруулсаан. Тэгээд Зохиолчдын хороо руу гүйгээд очсон чинь М.Амархүү маань уйлсан, уусан хоёртоо улаан зээрд болчихсон амьтан урдаас угтаад бас л “Миний муу найз 90 оны Чойном байсан даа, тийм ээ, Нэргүй ах аа” гэсэн сэн.
Тийм ээ, Оршихоо маань яах аргагүй “90 оны Чойном” байсан юм. Амьд, үхсэн аливаа хүнд алт шиг ч байлаа гэсэн үг хайрлаад яана. “Цагаан морин жилийн утга зохиол дахь “хувьсгал”-ыг тэр гардан хийлцсэн юм. “Дарханы Оршихоо” гэсэн тодотголтой тэр бор хүү нийслэлд зохиогддог шүлгийн “дуулалт жү¬ жиг”-үүдийг удаа дараа бужигнуулж, аархан бишрүүлж, бас адлуулж явсан билээ” гэж яруу найрагч, зохиолч, 80-90-ээд оны яруу найрагч¬ дын “газар эх” Жамбалын Зана хэмээх буурал авгай “Монголын мөнгөн үеийн яруу найраг” хэмээх номонд бичсэн нь хар, цагаан атаархалгүйгээр, хармын сэтгэлгүйгээр өгсөн дүгнэлт. Оршихоогийнхоо өмнөөс баярлалаа, Тандаа.
Оршихоо бол “90 оны Чойном”. Онол монолгүй задгай танхай шүлгээрээ, онгод сэтгэл нь хайлан бялхсан омголон догшин авьяасаараа, амьдралдаа арчаагүй арван настай л хүүхэд шиг зангаараа, ариун цагаан сүү шиг нинжин сэтгэлээрээ, ямагт мөрддөг төрөлхийн зан төрхөөрөө, ямар ч сурах бичигт заагдаагүй оройн дээд ёс суртахуунаараа. ЁС суртахуунтай учраас л архины халуунд Зохиолчдын хорооны дарга нарыг хэзээ ч очиж шаналгаж байгаагүй юм. Жаахан хэтрүүлчихээрээ тийшээ байтугай, гадуур ч гарахаас эмээн хаа нэгтээ бүгээд хэвт¬ чихдэг байсан. Одоо харин бодож ээ байх нь ээ, мань мэттэй адилхан бачимдсан сэтгэлээ түмэнтэйгээ хуваалцаж явсан сан бол ингэж үхтэлээ бачимдаа ч уу, үгүй ч үү. Хар юман дотор цагаан юм багтах орон зай байдаггүйн хуулиар тэсэхээ байгаад өөрөө тэсэрчихдэг юм байна...
1991 онд Дорнодод унасан “Ю-12” онгоцноос алга болчхоод өдөржингөө олдохгүй, бид хэдийг сандаргаад л, тэгсэн чинь эсэн мэнд гарсныхаа баярыг тэмдэглэх гээд Үйлчилгээний төв рүү явчихсан байсан. Тэрнээс эхлээд л ууж эхэлсэн шиг санагдана. Харин Д.Ган-Очир тэнэгхэн жаахан хүүхэд байсан юм болохоор, онгоц сольж суугаад яруу найргийн “Хүрэл тулга” тэмцээн рүү нисээд явчихсан байсан, юун тэр амьд гарснаа тэмдэглэх...
“Та намайг баас, шээсэнд хутгаад л...” гээд хааяахан нэг эрүүгээ яйжийлгаад жуумайтал инээнэ. Нээрээ ч би Ус сувгаас халагдахдаа “Энэ муу онгироо хүүхэд элдвийн юм үзэж байг” гээд Чойбалсан хотын Бохир усны станцад туслах машинистаар оруулчихсан юм. Аав нь ч тэр ажилд нь их дуртай. Дорнодын НАА, уурын зуухны бурхан механик, VI зэргийн засварчин “Онин” Базаррагчаа гэдэг чинь Монголын том атамаануудын нэг, алдарт Мөнгөншагайтай хоёулаа миний анхны сантехникийн багш байлаа. Аймгийн НАААҮУГ-ын ерөнхий инженер Ч.Моломжамц гэдэг хүн дөнгөж техникум төгсөөд очсон “шар жавьжтай” амьтан намайг тэр хоёрт “Төгс төгөлдөр инженер болго, наадхыгаа” гээд хүлээлгэн өгч байсан юм.
Оршихоо маань миний сайн анд, ахлах машинист Өлзийхутагт маань загнуулаад л, Чойбалсан хотын хамаг муу муухайгаас цэрвэх ч үгүй, хольж хутгаад л явж байдаг сан. Тэгснийхээ л ачаар хорвоогийн эрээн бараанд гудийхгүй болчихсон ч байж мэднэ. Ээлжээс буунгуут өнөөх айхтар үнэр танарыг нь нэг угаасан болчихоод “тэнгэрийн харьяат биеэ спиртээр ариусгах” гээд Үйлчилгээний төв рүү алга болж өгнө. Нэгэнтээ өөрийнх нь хэлснээр “аз болж”. Хэнтий, Сүхбаатарын зохиолчдыг гэртээ аваачиж дайлах гэж яаран сандран, цуйван хийж байгаад түргэн буцалгагчийн ууранд хамаг нүүрээ шатаачихсанаараа далимдуулан Бохирын станцаас гарч, нэг санаа нь амарч билээ.
Нямсүрэн, Жамбалгарав, Алтангэрэл бид хэд бол ойрхон өнгөрөхөөс ч яршигладаг байсан Үйлчилгээний төвд нэг л хүрэх юм бол хулигаануудыг хуйлруулж өгнө дөө. Архи зөөлгөж уугаад л... Нөгөөдүүл нь бөхөлзөөд л. Тийм л их найзархаг хүүхэд байлаа даа, муу Оршихоо минь. “Ах нь энэ үзэг барьдаг хуруугаа хөрөөнд тасалчихлаа, алив чи долоовор хуруугаа өгчих” гэх юм бол “Тэгье л дээ, мэс заслын тасаг руу очоод залгуулчихъя” гэх нь холгүй хүн. Чойномыг хараад анх их л “томорсон” Хэнтийн атамаануудын нэг, аймгийн арслан, “морьт” хэмээх Батсүх гуай Чойномын амнаас хэдэн шүлэг сонсоод “Хаа газраас гараад ирсэн ямар гээшийн бурхан гээшив, ши шэнэ, хэдэн шил архи байвал шамд болохоб” гээд шөнө дунд өнгөрсөн хойно эрж явж зургаан шил архи өмнө нь авчраад тавьж байсан гэдэг шиг “Энэ хэдэн хурууны алиныг нь та авах юм бэ” гээд урдаас сарвайхаа сийхгүй л хүн.
Өөрөө уудаг мөртлөө өчүүхэн би “Архи битгий уугаач, тэнэг минь” гэж анд нөхөд, найрагч дүү нараа дандаа л загнадаг, Харин Оршихоог тэгтлээ загнаад байдаггүй байсан санагдана. Яагаад ч юм мэдэхгүй. “Архи бол угаасаа л жинхэнэ яруу найрагчийн ундаа, энэ муусайн дарга нар, тэр муусайн траншейныханд ер нь юуны хамаа” гэж “Бүлэг дээрэмчдийн эх орон” гэсэн памфлетдаа бичсэнийг минь уншаад нэг нөхөр их “арзаганаж” байна лээ. Базаахгүйн жишээ болгож бичсэн хоёр бүлэг хүний аль нэг нь байсан юмсанж. Үнэн юм чинь, архи бол дундаж оюунлагуудын ундаа биш. Жинхэнэ яруу найрагч биш гэдгээ ухаарвал над шиг л хаячихна биз, ядах юу байсан юм. Харин жинхэнэ яруу найрагч мөн бол өглөө нь босоод бантан хийгээд өгчихдөг халамжийн оргил-ханьтай байх ёстой. Тийм биш бол бас л хаячихна биз. Архи гэдэг бол Пегас тэнгэрийн л ундаа байдгийн нэгэн адил чи өөрийгөө Пегас тэнгэр л гэж бодож байгаа бол ханийн дээд хань л чамайг аварна. Үхлээс ч, эрүүлжүүлэхээс ч. Тэгсэн цагт архи уухад тайван. Энэ бол жинхэнэ яруу найрагчийн амь зуух ёс суртахууны нэгдүгээр хууль юм даа...
“...Будант хорвоод бурхан байхгүй ээ
Будаг нийлсэн хөх тэнгэрийг л шүтнэ.
Бурхангүй хорвоог бурхантай гээд
Буурай ээжийгээ бурхан хэмээн шүтнэ.
...Бурхан минь тэгээд
Бурхдын бурхан болно.
Бурхандаа би Бурхан болтлоо залбирна”
гэж Оршихоо маань бичсэнээрээ бурхан гээ¬ чийг нүдэндээ харах заяагүй энгийн төрөлтөн хүмүүнийг босоод иртэл сэтгэлийг нь хөдөлгөж, харин будант хорвоогийн учир зүйн холбоосын зах зухыг таниад авсан нэг үеийн найрагч, лам Содномнамжилдаа загнуулдаг байсан. “Юу ч мэдэхгүй байж бурхныг чи муу үл тоомсорлоод байхдаа яадаг юм” гэж Co маань уурлах.
Оршихоо маань ижий бурхныхаа дэргэд нь очиж сууж байгаад бурхан болтлоо залбирах гэж л энэ зун нутагтаа очсон байх ёстой. Гэтэл яагаад? Өнгөрсөн зун намайг Дорнодод очиход “Хөөш, Оршихоо ирчихээд байгаа шүү, хотоос зугтааж ээждээ ирье гээд Налайхаас гараад туж явган гүйсээр ирсэн гэсэн” хэмээн хүргэн Дүлзэнгийн Сүхбаатар нь ярьсан юм. Ээждээ очиж чадсан мөртлөө яагаад? Одоо харин бурхан болсон хүүдээ ээж нь өөрөө бурхан болтлоо залбирах нь ээ... Аяа.
Оршихоо маань шүлгээ бол урсгаж өгнө. Хэлгийдүү юм уу гэхээр арай ч тийм биш, хэт наалинхай дуугаар уншаад байгаа юм уу даа гэхээр арай ч бас биш. Хэний ч, ямар ч шүлгийг цээжээрээ л аваад хаячихна. Хэнтийн Ц.Нэргүй ах шиг, цээж сайтай лам шиг.
“Олон л шүлэгтэй байсан, одоо хаа байдгийг нь олоод ээжид нь боогоод өгөөрэй” гэж Жамбалгарав, Эрээнцавын Батжаргал, Ган-Очир гуравтаа захичихаад сэтгэл минь амрах шиг болов. “Нэг хүрэн чемодан байх ёстой, дүүрэн шүлэгтэй” гэж Д.Ган-Очир хэлж байна лээ. “Бэрс”-ийг хамт төгссөн Мөнхжөөд (сэтгүүлч Я.Мөнхжаргал) ч бас олон шүлэг нь байх учиртай. Өнгөрсөн тавдугаар сард Оршихоо маань над руу утасдаад “Мөнхжаргалд шүлгүүдээ өгчихлөө. Та аваад редакторлоод, өмнөх үг хийгээд өгнө шүү” гэж хэлсэн юм сан. Түүнээс өмнө би “Мөнхийн үсэг” дээр Х.Чилаажав, А.Баяржаргал хоёртой таарахдаа “Оршихын номыг хэвлэх мөнгө олж аль” гэж тушаах, гуйх хослуулахад минь зөвшөөрснийг нь УБДС-ийн дэргэд барилгын ажилчин болчихоод явж байхад нь Оршихоотой таараад дуулгасны дагуу л номоо гаргах гэж байсан нь тэр биз ээ, хөөрхий.
Амьддаа номоо гаргах талаар аанайхан л яараагүй түүнийхээ өвийг олон түмэнд үлдээх аваас монгол найрагчийн онгод нэгэн цагт “Улаан ном”-д орох үед хэрэгтэй. “Номоо бушуу гарга” гэж зөндөө л хэлсэн. Архи жаахан уудагтаа бантаад хөдөлж өгөхгүй л байсан. Дүү охинд нь ч зөндөө л ярьж байсан. Хэрвээ номоо бэлдчихсэн бол ямар ч бизнесмен хэдэн төгрөгөө хайрлахгүй л байсан. Онцын шахаагүй, шавдуулаагүй бидний л буруу. Хүрэлчулуун минь, Тайван минь байсан сан бол... Ялангуяа яруу найргийн номоо гаргасан өдрөө бурхан болоод тэнгэр лүү нисчихсэн Хүрэлчулуун минь байсан сан бол аль хэдийн л шүлгүүдийг нь цахим бичүүртээ шажигнуулчих байсан даа...
Оршихоо маань жинхэнэ эх оронч, дайчин цэрэг байлаа. Халх голын хилийн отрядын ахмад, яруу найрагч Ц.Жамбалгаравын тушаал дор алба хааж, хил манаж, сүүлд нь дахин хил рүү очиж, сумангийн жагсаалын дарга байхдаа Хилийн цэргийн удирдахаас очсон том дарга нарыг өвлийн дүн хүйтэнд өдөржингөө цасан дээр зогсоосон хэргээр ялд унаж, хилийн цэргээс хөөгдсөн юм. Тэр бол 94-95 оны л үе байх. Хилийн зурвасаар Хятад руу хулгайгаар сайн машин гаргадаг бизнес ид цэцэглэж байсан цаг. Тэр дарга нар нь мөн л нэг тийм машин хулгайгаар гаргах гэж нийслэлээс зориуд очоод хилийн хайчид баригдчихгүй юу. Буу тулгасан хилийн хайчийн ахлагчийн өөдөөс, тэгээд ч Бат-Орших шиг шулуун шударга, омголон хүний өөдөөс хэчнээн том дарга байлаа гээд хэрхэн сарвалзах юм бэ! Отрядынх нь дарга нар очиж байж тэднийгээ арайхийн суллаж авсан юм гэдэг. Манай хил нэг тиймэрхүү л... Тийм бизнесийг “үхтэлээ буруутган бичиж байсан” “Ил товчоо” сонин маань уг явдлыг зөндөө л дэвэргэсэн боловч Оршихоог манай төр “гэлээн гэх нь байтугай, гөлөөг ч гэж дуудаагүй”. Хилээр машин гаргадаг ганц ч контрбандын бүлгийг “олоогүй”. Харин Оршихоо маань л өөрийнх нь бичсэнээр, “Бутны өргөс шиг үндсэнд зүрхээ цоо хатгуулсан” юм.
Жамбалгарав маань ч мөн ялгаагүй, нэг удаа албан ажлаар хотод орж ирээд зочид буудалд байж байсан чинь хажуугийнх нь өрөөнд хужаа нар монгол охидыг чарлуулж өнжихийг сонссон юм гэсэн. Тэгээд л “Бид тэнд хилээрээ хамхуул ч оруулахгүй гэж нойр, хоолоо хасаад зогсож байхад улсынх нь нийслэлд хөгшин, залуу хужаа нар буучхаад онгон охидыг маань ноолж байдаг, ер нь юу юм гэж бодоод хил манасан хориод жилээ хаячхаад энгийн болчихсон” муу нөхөр минь одоо тэтгэврийн нас нь ойртохоор яая даа гээд хохийж яваа. Манай төрийн ёс суртахуун нэг иймэрхүү л...
Одоо өглөөний долоо болж байна. Дорнодоос “Лимбэний” Ганболд маань хэзээнийхээрээ л халамцуухан утасдаж байна. “Алтангэрэлийн “Тулга” буудалд хэвтэж байна. Нямсүрэнгийнхээ “Дөрвөн цаг”-т ая хийчихлээ, чи сонсох уу? Хөөе, надад моби-гийн нэгж явуулчих, их урт шүү” гэж байна. Утсандаа нэгжгүй мөртлөө зохиосон дуугаа сонсгох гээд шараа ч тайлах завгүй утас руугаа ухасхийдэг, мөн ч ариухан дотортой улс даа, миний муусайн найз нар. “Үхэрчин хүү” Цэрэндоржийн лимбэний битүү амьсгалыг өвлөн үлдсэн хоёрхон шавийнх нь нэг, төгөлдөр хуурынхаа өнгө шиг энэ падан хар царайтай хөгжмийн багш биднийхээ мөн ч олон шүлгэнд ая хийсэн дээ. Сэтгэл нь цагаан бол царайны хар юу билээ. Дахиад л нэг агуу уран бүтээл төржээ...
Гурван цэгээс салж ядан “нэгжинд” гарахад
Гурилын үйлдвэрийн хойноос хүйтэн бороо нөмрөөд ирлээ. “
Таван шар”-ын хэдэн улиас тэнгэрийн салхитай үзэлцэх нь
“Тэнэг минь чи, усан нүдлээд яана, үхэл үзээгүй юү! гэх шиг ээ...
2009.06.27 Таван шар