Математик, шинжлэх ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон улсын 19 дэх тэмцээнд “Эрхэм нандин сувд” ТББ-ын дэргэдэх “Эрхэм асралт илч” дэмжих төвийн суралцагч Т.Ананд, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм. Тус тэмцээнд манай улсаас анх удаа тусгай хэрэгцээт хүүхдүүд оролцсоноороо онцлогтой. Дэлхийн 15 орны 50 гаруй баг оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улс багаараа “Special award” шагнал хүртжээ. Тусгай хэрэгцээт хүүхдийн ялгаатай байдлыг ойлгож дэмжвэл амжилтад хүрэх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талаар тус дэмжих төвийн багш, хөдөлмөр засалч Б.Нямаатай ярилцлаа.
-Таны хоёр шавь олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод анх удаа хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээнд оролцохын тулд эхлээд болзол хангасан гэж сонслоо.
-Баярлалаа. Хүүхдүүдээ медаль авахад өөрийн эрхгүй нулимс унагасан. Оролцоход л хангалттай гэж бодож байтал хүрэл медаль хүртэхийн зэрэгцээ манай хүүхдүүд багаараа “Special award” шагнал хүртлээ. Би өнгөрсөн хоёрдугаар сард STEAM хөтөлбөрийн сургагч багшаар БНСУ-д сурч, III зэрэг авсан юм. STEAM гэдэг нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, дизайн, математик гэсэн үгний товчлол. Энэхүү боловсролын хөтөлбөрийг Солонгост цэцэрлэг, сургууль, тусгай төв зэрэг олон газарт өргөн хэрэглэдэг юм билээ. Хөтөлбөрийн дагуу олон улсын тэмцээн болно гэдгийг анх сонсоод дэмжих төвийнхөө хүүхдүүдээс оруулахыг хүссэн. Бид сэдвийн дагуу 2-3 сарын хугацаанд бүтээлээ хийж, үйл явцынх нь бичлэгийг зохион байгуулагчдад илгээсэн юм. “Тэмцээний болзол хангасан, оролцох боломжтой” гэсэн хариу удалгүй ирсэн. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг дан ганц багш хариуцаж явах боломжгүй тул хоёр шавийнхаа ээжийг хамтад нь авч явсан. Тэмцээн энэ сарын 18-20-нд Солонгост болсон. Эхний өдөр хүүхдүүд хийсэн бүтээлээ танилцуулав. Манай хоёр нэг баг болж оролцсон. Зураг болон бодит бүтээлийн харьцуулалт, өнгөний зохицол, асуултад хэр оновчтой хариулж буй тус бүрд үнэлгээ өгдөг юм билээ. Монгол Улсаас нийт 25 хүүхэд оролцсон. Оюутнууд маань мөнгө, хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүүхдүүд алт, манайхан хүрэл медаль хүртэж, багаараа амжилттай оролцож, шилдгээр шалгарсанд баяртай байна.
-Хоёр сурагчаа танилцуулахгүй юу. Энэ төвд хэзээнээс суралцаж эхлэв?
-Тэмцээнд Т.Ананд, Б.Бат-Эрдэнэ хоёр оролцсон. Т.Ананд аутизмын хүрээний эмгэгтэй, 11 настай. Манай төвд ирээд жил гаруй болж байна. Өмнө нь сургуульд сурч байсан ч нийгэм, харилцааны бэрхшээл нь ихээхэн саад учруулдаг байж. Манай дэмжих төв боловсрол олгохоос гадна сэргээн засах, хөгжүүлэх үйл ажиллагааг хамтад нь явуулдаг. Харин Б.Бат-Эрдэнэ маань өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хамрагдсан. Тархины саа, саажилт оноштой, доод мөчдийн чангаралтай, харааны хавсарсан бэрхшээлтэй хүүхэд. Ерөнхий боловсролын сургуульд гурван жил сурсан ч танин мэдэхүйн талдаа нэлээд хоцрогдолтой, өөрийгөө илэрхийлэхдээ тааруу. Харин энд ирээд бусадтай нээлттэй харилцах болсон. Тэмцээний үед шүүгчдийн асуултад Б.Бат-Эрдэнэ багаа төлөөлж сайн хариулсан.
-Хоёр өөр төрлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад та ямар арга барилаар ажиллав. Онцлогт нь тохируулах чухал байх.
-Т.Анандын хувьд анхаарал төвлөрөх чадвар сайжирсан, өгсөн үүрэг, даалгавар буюу команд биелүүлэх, аливаа юмны эхлэл, төгсгөлийг ойлгох, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлсээр байгаа. Хийсэн бүтээлээрээ өөрийгөө илэрхийлдэг. Мөн төвдөө тогоочид тусалдаг бол гэртээ төмс, ногоо арилгаж, дуртай хоолоо хийх хэмжээний чадварт суралцаж байна. 11 настай хүүхэд өөртөө хангалттай үйлчилж чадна. Гэхдээ хөгжлийн ялгаа, онцлог бий учраас үүнд нь тусалж, зааж сургах зайлшгүй шаардлагатай. Харин Б.Бат-Эрдэнэ маань танин мэдэхүйн асуудалгүй боловч нийгэмшихүй болон гар, хурууны хөдөлгөөн сул. STEAM хөтөлбөрийн даалгавар биелүүлэхэд хүүхэд бодож сэтгэнэ, савх шиг нарийн хэрэглэгдэхүүнийг хооронд нь холбохоор гарын жижиг булчин хөгждөг, анхаарал төвлөрөл сайжирдаг. Б.Бат-Эрдэнэ бүтээлээ танилцуулсны дараа бусад орны хүүхдүүдийн хийсэн автомашин, онгоц зэргийг харж сонирхож, одоо хөдөлгүүртэй бүтээл хиймээр байна гэж хэлсэн. Үүнд нь ихэд олзуурхаж байгаа. Хүүхэд бүрийн онцлог, сурах арга барил өөр. Тиймээс сургалтын олон арга барил туршиж үзээд өөрт нь тохирсныг олж, хөгжүүлэх нь чухал. Үүнд эцэг, эхийн оролцоо шаардлагатай бөгөөд сургалтаа таслуулахгүй хүүхдээ зөөх нь хүртэл дэмжлэг болдог.
-Бүтээлийг зориулалтын хэрэглэгдэхүүн ашиглаж урладаг юм байна. Гарын доорх материал ашиглаж болох уу?
-Шүдний чигчлүүр, хөвөнтэй мод зэргийг баримлын шавраар холбож хэрэглэж болдог. Бидний энэ хэрэглэгдэхүүн нь хэмжээтэй, холбогчтой зориулалтын материал. БНСУ-аас оруулж ирдэг. Тус улсад үйлдвэр нь бий. Дэлхийн 40-өөд орон STEAM хөтөлбөрийн арга барилыг нэвтрүүлсэн. Солонгост сүрэл холбож тоглодог байсныг шинжлэх ухаанчаар баяжуулж, цаашлаад нь сургалт болгон дэлгэрүүлсэн нь олон оронд түгээд байна.
-Та тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаад 10 гаруй жил болжээ. Хөдөлмөр засалч мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?
-Би 2015 оноос хойш тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байна. Нийгмийн ажилтан мэргэжилтэй. Хөдөлмөр засалч бол миний дурлаж сонгосон хоёр дахь мэргэжил. 2023 онд АШУҮИС-ийг хөдөлмөр засалчаар төгссөн. Энэ төвдөө хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хөдөлмөр засалч бол танин мэдэхүй, мэдрэхүй, нийгэмд бие даан оролцох бүх л чадварыг олгодог. Тархины харвалт, сэтгэцийн эрүүл мэнд, ахмад настан, хүүхэд гэсэн дөрвөн чиглэлд ажиллах боломжтой. Гэвч манай улсад ахмад настан болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүст үзүүлэх хөдөлмөр заслын тусламж, үйлчилгээ төдийлөн хөгжөөгүй. Тархины харвалт, дээд мөчдийн саажилт, гэмтлийн дараах тусламж, үйлчилгээнд хөдөлмөр заслын эмчилгээ зайлшгүй хэрэгтэй. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн тухайд нийгэмд бие даан оролцох чадвартай болгох нь чухал. Тоглох, хооллох, хувцаслах гээд өглөө босоод унтах хүртлээ хийж буй бүхий л үйлдэл нь хөдөлмөр засал юм. Арга техникийг нь заагаад өгвөл хүүхэд олон зүйл сурах боломжтой.
Би өдөрт 7-8 хүүхэдтэй ажилладаг. Нэг хүүхдэд 30 минут зарцуулдаг. Хавсарсан оноштой, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд манай төвд ирдэг. Овоо хөөрхөн сурч байгаад таталт өгсний улмаас өвчин нь хүндрэх эрсдэл ч гардаг. Зарим нь маш богино хугацаанд сайжирдаг. Бид үр дүн амладаггүй. Гэхдээ багш, эцэг, эх хамтраад нэг зорилгын дагуу явахад хүүхэд бага багаар сайжирдаг.
-Хөдөлмөр засалч нь эрэлттэй мэргэжил. Бусад хөгжилтэй улсад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хөдөлмөр засалч нар гэрээр очиж үйлчилдэг юм билээ.
-Намайг сурч байх үед АШУҮИС-ийн хөдөлмөр засалчийн ангид цөөн хүн сурдаг байв. Одоо элсэгчид нэмэгдсэн ч хүний нөөц дутагдалтай хэвээр. Улсын хэмжээнд хөдөлмөр засалч мэргэжилтэй 52 хүн бий. Тухайн үед надтай хамт аутизмтай хүүхэдтэй хоёр ээж сурч төгссөн юм. Тэд 63 дугаар тусгай сургуульд ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид хөдөлмөр, хөдөлгөөн засалчаар сурах болсон нь сайн хэрэг. Анх хөдөлмөр засалчаар ажиллаж байхад гурван настай аутизмтай хүү ирсэн юм. Эмчилгээнд хамрагдаад дөрвөн сарын дараагаас шүдээ угааж сурсан. Анхаарал нь огт төвлөрөхгүй, нэг минут ч тогтож суудаггүй, хувцсаа тайлаад гүйчихдэг хүүхэд байлаа. Тэр хүүгийн өөрчлөлтийг хараад энэ мэргэжлээрээ тууштай ажиллах юм шүү гэж бодсон. Мөн багшийнхаа ярьсан өөр нэг улсын жишээ сонсоод хөдөлмөр засалч ямар чухал болохыг ойлгосон. Тухайлбал, аутимзтай хүүхдийг ганцаараа автобусаар явуулж сургахын тулд хөдөлмөр засалч нь хүүхдэд очих газрыг нь сайн хэлж тайлбарлаж өгөөд өөрөө араас нь хянаад явдаг юм байна. Манай улсад хүүхэд бүртэй тулж ажиллах боломж хомс ч өөр нэг дэмжих төв явуулын багш ажиллуулж эхэлсэн байна лээ. Долоо хоногт 2-3 удаа гэрт нь очиж үйлчилгээ үзүүлдэг юм.
-Олон улсад хөдөлмөр засалчийн ур чадвар хэрхэн өөрчлөгдөж байна. Мэргэжлийн ур чадвараа сайжруулахад яаж анхаардаг бол?
-Хөдөлмөр засалчдын Монголын холбоо идэвхтэй, сайн ажилладаг. Холбооны зүгээс гурав дахь жилдээ олон улсын хурал зохион байгуулсан. Хөдөлмөр заслын дэлхийн холбооны тэргүүн хүртэл ирж оролцсон. Хурлаар олон улсын сургалтын жишиг, арга барилын талаар суралцдаг. Япон, Швейцараас мэргэжлийн багш нар ч ирж сургалт явуулдаг. Мөн бид өөрсдөө судалгаа шинжилгээний бүтээл бичиж, олон улсад хэрэгжүүлж буй арга туршлагаас суралцал-даг.
-Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 14 609 хүүхэд бүртгэгджээ. Тусгай хэрэгцээт хүүхэд жил бүр нэмэгдэж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Бууруулах боломж бий юү?
-Хөгжлийн бэрхшээлийг хожуу оношлох тохиолдол цөөнгүй. 7-8 нас хүрсэн үедээ оношлогдох нь бий. Иймд эрт илрүүлгийг маш сайн хийх хэрэгтэй. Хүүхдийг зургаан сартайгаас нь эхлээд ой гарантай байхаас нь оношлоод, үнэлээд ямар нэгэн хөгжлийн эмгэг байвал эрт илрүүлснээр илүү хөгжүүлэх боломжтой. Олон улсын хамтын ажиллагааг сайжруулж, бусдаас туршлага судлах хэрэгтэй. Манай төвд удахгүй Австралийн сайн дурын мэргэжилтэн ажиллана. Эрт үеийн оношилгоо, ганцаарчилсан сургалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд удирдах чиглэлд ажилласан туршлагатай хүн.

Г.ЭНХЧИМЭГ: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН
“Эрхэм нандин сувд” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Эрхэм асралт илч” төвийн үүсгэн байгуулагч Г.Энхчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай төвд хэчнээн хүүхэд хамрагдаж байна вэ?
-Сургуульд сурах боломжгүй гэртээ байгаа хүүхдүүдийг хөгжүүлэх шаардлагатай учраас хөгжлийн төвөө 2023 онд өөрсдийн зардлаар байгуулсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сараас туршилтын төсөл гэж хэрэгжүүлээд хувьсах зардал авч эхэлсэн. Гэхдээ зөвхөн багшийн цалин олгохоос хөдөлгөөн, хөдөлмөр засал, сэргээн засах, өдрийн үйлчилгээний багш нарын төсөв өгдөггүй байсан. Боловсролын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвөөр дамжуулан хөгжүүлнэ гэсэн заалт бий. Үүний дагуу бид ажлын хэсэг гарган дүрэм журмаа батлуулж, тендерт оролцон тэнцсэнээр улсаас санхүүжилт авах боломжтой болсон. Улсын хэмжээнд нийт долоон дэмжих байгааг дэвшүүлж, нийт найман тэрбум төгрөгөөр оношилгооны тоног төхөөрөмж авахаар болсон. Хүүхдийн төлөө сангаас 4.5, НҮБ-ын Хүүхдийн сангаас 2.2 тэрбум төгрөг, үлдсэн төсвийг нь ЭМДС-гаас гаргах юм.
Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Өнгөрсөн хугацаанд хүүгээ гадаад, дотоодын олон эмнэлэгт үзүүлж явахдаа Монгол Улсад оношилгооны систем сайн хөгжөөгүйг олж харсан. Ялангуяа генетик, тархи, бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх оношилгоо, таталттай хүүхдийн таталтыг эмчлэх эмнэл зүйн нарийн асуудал орхигдсон байв. Энэ тал дээр манай улс хэдэн арван жилээр хоцорчихсон. Тоног төхөөрөмжтэй болсноор хүүхдийг дөнгөж төрөх үед нь оношилж, шаардлагатай тусламжийг үзүүлж чадна. Зарим төрлийн эмгэгийг бүрэн эдгээх ч боломжтой. Хүүхдийн оношилгоог сайжруулах ажлын хэсэгт бүх эмнэлгийн дарга, эмчилгээ эрхэлсэн захирлууд оролцож, шаардлагатай тоног төхөөрөмжтэй болгоход нэгдсэн. Тодруулбал, ЭХЭМҮТ-д генетик болон бодисын солилцооны эмгэг илрүүлэх, таталтын цахилгаан бичлэгийн, ГССҮТ-д саажилттай хүүхдүүдийн ризотоми хагалгаанд шаардлагатай тоног төхөөрөмж олгох юм. Уг хагалгааг Монголд нутагшуулахаар зорьж байна. Гадаадад 150-250 сая орчим төгрөгөөр хийдэг мэс засал. Манай улсаас сүүлийн 3-4 жилд 100 гаруй хүүхэд Энэтхэгт очиж, эл хагалгааг хийлгэжээ. Мөн УГТЭ-т хүүхдийн мэдрэлийн хагалгаа хийхэд шаардлагатай мониторинг болон нойрсуулалтын тоног төхөөрөмжийг шийдсэн. Түүнчлэн хөдөлгөөний хоцрогдол, саа, саажилттай хүүхдүүдэд зориулсан робот алхуулагч оруулж ирэх юм. Робот алхуулагчийг ЭХЭМҮТ, ГССҮТ болон Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд байрлуулахаар төлөвлөсөн. Тоног төхөөрөмж оруулж ирээд асуудлыг шийдэхгүй, мэдлэг боловсрол, чадвартай мэргэжилтнүүд хэрэгтэй учраас зөвлөх эмч, сургалтын асуудлыг цогцоор нь шийдүүлэхээр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна.