Хяналтаа алдсан нь нэгэнд тодорхой болсон хар тамхи гээч цагаан тахлын эсрэг төр дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй л болнэгэнт хүчрэгдэхээсээ өнгөрөх нь. Нийслэл дэх шүүхүүдийн долоо хоногийн хурлын товыг харахад Эрүүгийн хуулийн 20.7 дахь хэсэг буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэсэн зүйл заалтад заасан гэмт хэргийн анхан шатны шүүх хурал багадаа л 3-4, зарим тохиолдолд 10-аас дээш тооныхыг хэлэлцэхээр зарласан байдаг. Үүн дээр нэмээд “Чингис хаан” олон улсын нисэх буудал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг болсонтой холбоотойгоор тус аймаг дахь шүүхэд агаарын хөлгөөр мансууруулах бодис тээвэрлэгчдийн шүүх хурлыг хэлэлцдэг болсон. Энэ сарын 3-7- ны хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дээрх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн найм, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд нэг гээд нийт 11 хэрэг хянан хэлэлцэхээр товлоод байна. Энэ нь юуг илэрхийлээд байна вэ гэхээр манай улсад хар тамхи хилээр нэвтрүүлэгчид, тэднээс худалдан авагчид, хэрэглэгчид хяналтаа алдсаныг баталж буй явдал.
Хар тамхи хяналтаа алдаж болзошгүй талаар манай сонин хэдэн жилийн өмнөөс л бичиж, сэрэмжлүүлж, үр дүнтэй арга хэмжээ, сөрөх тактик боловсруулах шаардлагатай болсон талаар сануулж байв. Харамсалтай нь өнөөдөр цагаан тахлын аюул хаяа, хатавчинд бус, хойморт заларч, хүүхэд залуус гэр бүл ээж аавтайгаа нийлж, мансууруулах бодис худалдан борлуулах болсон. Хэдэн жилийн өмнө манайхан мансууруулах бодис тээвэрлэсэн үйлдэлдээ харийн шоронд насаараа хоригдох, эсвэл цаазаар авхуулах ял шийтгүүлсэн нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байсан билээ. Тухайн үед манай иргэдийн тээвэрлэж байсан хар тамхины 5-10 хувь нь Монголын нутаг дэвсгэрт үлдэж, түүний хор уршгаар өнөөдөр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодист донтох эмгэгтэй залуус нэн олширсон. Улмаар элдэв гэмт хэрэг ч өдүүлэх нь ихсээд буй юм. Өдгөө хар тамхины наймааг “цэцэглүүлж”, хилээр нэвтрүүлэн худалддагзохион байгуулалттай бүлэглэл ч гэхэд хилсдэхгүй, гэр бүлийн хүмүүс нийлж, борлуулдаг боллоо. Эмч, эмнэлгийн ажилтнууд сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийг жирийн иргэдэд жоргүйгээр худалдаж ашиг олох явдал ч гаарлаа. Гэтэл өнөөдөр Монголд энэ төрлийн бодис худалдагч, хэрэглэгчидтэй ганц цагдаагийн байгууллага л тэмцдэг гэхэд хилсдэхгүй. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан дээр дурдсан Эрүүгийн хуулийн зүйл заалтад заасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээр ажилладаг. Гэвч тэдэнд хүчрэгдэхгүй, төрийн бодлого шийдвэр ч алдаа, дутагдалтай байсаар.
Нэгэнт мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх нь нэн тэргүүний хэрэгцээ. Тийм атал манайд эмчилдэггүй гэхэд хилсдэхгүй. Цагдаагийнхан өөрсдийн эрх хэмжээний хүрээнд албадан саатуулна. Мансууруулах бодис хэрэглэсэн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, шүүхээр тогтоогдсон тохиолдолд нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ нэг жил хүртэлх хугацаанд мансууруулах бодист донтсон хүн засардаггүй гэлцдэг. Тэгэхээр нэгэнт шүүхээр шийтгэж хорих ял оноохтой зэрэгцээд албадан эмчилгээ хийхээр хуульчилбал илүү үр дүнтэй мэт. Ингэхийн тулд хууль эрх зүйн орчиндоо албадан эмчлэх заалт оруулах, ийм эмчилгээний төв байгуулж ажиллуулах ёстой юм.
Үүнээс гадна хил, гааль, цагдаа, тагнуул, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагынхныг ч сайтар мэргэшүүлэх шаардлагатай талаар холбогдох албаныхан үеийн үед ярьсаар ирсэн ч лоозон төдий л байсаар. Гэтэл өнөөдөр дэлхий дахинд хар тамхи наймаалагчдын хууль бус сүлжээ цахимжиж, төлбөр тооцоогоо криптолвалютаар хийдэг болоод буй юм билээ. Харин манайд хил, гаалийн хяналтдаа хар тамхи илрүүлэх рентген төхөөрөмж авч өгнө гэх мэтээр “үлгэр ярьсаар” өдий хүрсэн. Гэтэл дэлхий дахинд “Энэ хар тамхи” гээд илрүүлээд өгчихдөг рентген төхөөрөмж байхгүй. Байсан ч манайд оруулж ирж чадаагүй. Тиймдээ ч хилээр мансууруулах бодис хараа хяналтгүй нэвтрүүлж, эх, эцэг, ах дүүсээрээ түүнийг борлуулсаар буй юм. Ингэж хилээр оруулж ирж буй барааг илрүүлэхийн тулд гаалийн ажилтнуудыг мэргэшүүлэх ёстой юмбилээ. Хар тамхи зарж байгаа нь үндэсний аюулгүй байдлын эсрэг өдүүлж буй гэмт хэрэг гэхэд хилсдэхгүй.
ЭЭЖЭЭРЭЭ ХАР ТАМХИ ЗАРУУЛЖ ТОРНЫ ЦААНА СУУЛГАСАН ЗАЛУУГ АЛБАДАН АВЧРАВ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполтой хамтран ажилласны дүнд эх орон руугаа мансууруулах бодис нийлүүлэгч нэг бус хүнийг баривчлан авчирч шалгаж буй. Тухайлбал, тус газрынхан Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан Г.Уянгасайхан гэх залууг өнгөрсөн аравдугаар сард эх оронд нь шилжүүлэн авсан юм. Киргизстаны хууль сахиулах байгууллагынхан түүнийг саатуулж манай талд шилжүүлэн өгсөн бөгөөд тэрбээр Турк улсаас нэг бус төрлийн мансууруулах бодис Монгол Улс руу ачаа тээшинд нуун нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон аж. Г.Уянгасайхан Туркээс гараад ОХУ, Казахстанаар дамжин Киргизстан улсад очоод удалгүй баривчлагдсан юм байна.
Харин түүнээс “бараа” хүлээн авч борлуулагч нь 60 настай Ш.Хишигсүрэн гэх эмэгтэй. Түүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоодугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас эл эмэгтэйд Эрүүгийн хуулийн 20.7- 3.3 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэснийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Шүүх хэргийг хэлэлцээд Ш.Хишигсүрэнг мансууруулах бодис хилээр нэвтрүүлж борлуулсан гэм буруутайд тооцсон ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг үндэслэн ялыг нь хөнгөрүүлж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон юм. Өөрөөр хэлбэл, шүүх насных нь байдлыг харгалзан ялыг нь хөнгөрүүлсэн. Гэхдээ түүний борлуулах гэж байгаад чадалгүй баригдсан “бараа” нь маш олон хүнийг донтуулах хэмжээнийх бөгөөд эд мөрийн баримт болгож хураан аваад буй. 60 настай ээжийгээ гурван жил торны цаана суулгах ажлыг түүний хүү, дээрх Г.Уянгасайхан гэгч үйлдсэн учраас Хар тамхитай тэмцэх газрынхан олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, баривчлах ажиллагаа явуулснаар ийнхүү өнгөрсөн сард хүлээн аваад байгаа юм. Тэрбээр ээж Ш.Хишигсүрэндээ 2023 ондолон улсын шуудан илгээмж ашиглан Туркээс цахилгаан бараан дунд их хэмжээний мансууруулах бодис нуужилгээсэн аж. Уг бодисыг нь Хан-Уул дүүргийн нутаг дахь гэрээсээ гадна Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт, хүнд заахад ойлгомжтой танигдах хэд хэдэн газар байршуулан борлуулах гэж байсан аж. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо, сонгуульд нэр дэвшигчдийн зурагт самбарын дэргэд гэх зэргээр тодорхой газартбайршуулан хадгалж худалдсан байдаг. Уг “бараа”-гаа зарахдаа “Телеграмм” сүлжээ ашигласан аж. Ийнхүү ээж нь ял шийтгүүлэн хоригдож буй бол хүүгийнх нь гэм буруутай, эсэхийг шүүх удахгүй дэнслэн хариуцлага оноох биз ээ.
ТӨРСӨН ДҮҮГИЙНХЭЭ ИЛГЭЭСЭН БОДИСЫГ ХУДАЛДСАН ХЭРГИЙГ ШҮҮХ ДЭНСЭЛНЭ
Гэр бүлийнхнээ хар тамхины хэргийн золиос болгож, торны цаана суулгаж буй тохиолдол ганц энэ биш. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ долоо хоногт өөр гэр бүлийн хоёр хүн холбогдсон хэргийг хянан хэлэлцэхээр товлоод байна. Тодруулбал, Г.Хулан, Ч.Булган-Эрдэнэ нарт холбогдох мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, борлуулсан гэх хэргийг лхагва гаргийн 10.00 цагт шийдвэрлэхээр зарлажээ.
Г.Хулан нь 2023 оны аравдугаар сард Туркээс Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн С гэх хүний ачаанд багагүй хэмжээниймансууруулах бодис хийж авчруулсны хөлсөнд тухайн иргэний ХААН банкны дансанд мөнгө шилжүүлсэн байгаа юм. Харин Ч.Булган-Эрдэнэ нь тухайн цаг хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дахь гэртээ уг бодисыг нь хүлээн авч хадгалж байсан гэнэ.
Дээрх шүүх уг хэргээс гадна Э.Баттулга, Ө.Өсөхбаяр, Б.Ганбат нарт холбогдох мансууруулах бодис хилээр нэвтрүүлж худалдсан гэх хэргийг мөн өдөр хэлэлцэхээр товлосноо зарлажээ. Энэ хэргийн холбогдогч Э.Баттулга нь Туркээс төрсөн дүүгийнхээ илгээсэн нэлээд хэмжээний мансууруулах бодисыг Б.Ганбатад худалдсанаас гадна тодорхой байршилд байрлуулан өөр хүмүүст борлуулахыг завдсан гэх хэрэгт холбогдсон аж. Б.Ганбат нь худалдаж авсан бодисоо Ө.Өсөхбаярт нэг бус удаа дамлан зарж ашиг олсон гэх хэрэгт холбогдон Хар тамхитай тэмцэх газарт шалгуулсан юм байна. Улмаар НПГ-аас эл гурван хүнд Эрүүгийн хуулийн 20.7-3.1 дэх хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.