Боловсролын ерөнхий газар, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагынхантай хамтран номд “хорхой”-той хүүхэд багачуудын хүрээг тэлэх, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр “Зорилтот уншигчдын 50 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэхичээлийн жилд уг хөтөлбөрийг “Байгаль экологийн тухай 50 ном” сэдвийн хүрээнд өрнүүлэхээр болсныг өнгөрсөн баасан гарагт зарлав. Байгаль орчны тулгамдсан асуудал, экологи, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийг уран сайхны болон шинжлэх ухаанчаар хүүхдүүдэд хүргэж, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, унших дадал суулгах нь төслийн үндсэн зорилго юм.
Хөтөлбөрийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжүүлэх бөгөөд эл хугацаанд 500+ оролцогчийн номын бүтээлч тэмдэглэл (ханын сонин, эсээ, зурагт хуудас) хүлээн авч, ерөнхий боловсролын сургуулиудад уншлага удирдах хуанлитүгээх гэнэ. Мөн сургуулиудын номын санчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, анги даасан багш нартай хамтран ном унших санаачилгыг өрнүүлнэ. Түүнчлэн үйл ажиллагааны төгсгөлд шилдэг 50 уншигчийн подкаст, үзэсгэлэн, “Ном уншдаг, байгальд хайртай уншигч”-ийг шалгаруулж, олон нийтэд таниулан, багуудын бүтээлийг “Номын ертөнц” сэтгүүлд хэвлүүлэх аж. Шилдэг уншигчдыг мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр урамшуулах юм байна.