Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулж өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг “Монфемнет үндэсний сүлжээ”-тэй хамтран иргэний нийгмийн 30 байгууллагын төлөөллөөр хэлэлцүүллээ. Энэ үеэр ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогоос салгах агуулгыг чухалчилсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн арга хэмжээг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах замаар өрх, иргэдийг ядуурлаас гаргах, нийгмийн эмзэг байдалд буй айлуудын амьжиргааг дээшлүүлэх, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйлчилгээнүүдийг нэмэгдүүлэх бодлого баримтлан боловсруулсан” гэлээ.
Харин иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргаа багатай, хүчирхийлэлд өртсөн зэрэг зорилтот бүлгийнхний онцлог, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээнүүдийг нэмэгдүүлэх, тэдгээрийг илүү тодорхой болгон тусгах, ажлын байр бий болгоход анхаарах, амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой өрхийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах зэрэг санал дэвшүүлэв.
О.Оргилох