Харуул хамгаалалт чангатай, дэлхийд нэртэй музейн хамгийн үнэтэй үзмэрүүд хадгалдаг танхимд гэгээн цагаан өдөр дээрэмчид “найрласан” явдал энэ сарын 19-нд болсон нь олон улсын янз бүрийн салбарын мэргэжилтнүүдийн “хүлхэх” сэдэв болов. “Сайн эрчүүд” ажлаа ердөө долоон минутад амжуулж, 102 сая ам.долларын үнэ бүхий эрдэнэс авч одсон. Ер нь 10 хүрэхгүй минутад музей тоносон явдал олон улсын түүхэнд өөр байна уу. Дэлхийн музейнүүдээс хулгайлагдсан үнэт эдлэл, уран зургуудын “тавилан” хэрхэн өрнөдөг бол? Ийм хэргүүд музейн ажилтнуудтай холбоотой юу?
ТОДРУУЛГА
Луврын музейд халдсан, багтай дөрвөн эр шилэн хоргыг хагалж I Наполеон Бонапарт (1769-1821. Францын эзэн хаан, орчин үеийн Франц улсын суурийг тавьсан, Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, цэрэг, улс төрийн зүтгэлтэн) болон түүний эхнэр Жозефинагийн үнэт эдлэл зэрэг есөн үзмэр хулгайлжээ. “Le Parisien” сонинд бичсэнээр “зочид” талийсны дараа Луврын ойролцоогоос хэмхэрсэн титэм олдсон нь III Наполеон (Шарль Луи Наполеон Бонапарт, 1848-1852 онд Францын Хоёрдугаар Бүгд Найрамдах Улсын анхны Ерөнхийлөгч, 1852-1870 онд Францын хоёр дахь эзэнт улсын хаан. I Наполеон Бонапартын ач хүү)-ы эхнэр, Францын сүүлчийн хатан хаан Евгениягийнх аж. 1855 онд дэлхийн үзэсгэлэн яармагт зориулж хийсэн уг титэм 1354 алмааз, 56 маргад эрдэнэтэй. Алдагдсан эрдэнэс музейн онцгой хэсгийн нэг буюу хаадын эд өлгийн зүйлс хадгалдаг “Аполло” галерейн үзмэр. Тус танхимд мөн дэлхийн хамгийн үнэтэй, цэвэр эрдэнийн чулуу гэгддэг 140 каратын регент алмааз хадгалагддаг бөгөөд үүнийг хөндөөгүй орхисон нь “ажлын цагт” хавчигдсан гэж таамаглаж буй.
Хулгайч нар дотогш нэвтэрсэн нь харагдаагүй ч “ажлаа тараад” скүүтерээр явсан нь хяналтын камерт бичигдсэн.
Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн хэлснээр гэмт этгээдүүд маш нарийн төлөвлөгөөтэй ажилласан бөгөөд “мэргэжилдээ” гаршсан. Тэд музейн засвартай буюу хяналтын камерт өртөхгүй хэсгээр нэвтэрснийг музейн захирал өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн бол маргааш өдөр нь гэмт этгээдүүдийн нэгийг Шарль де Голлийн нисэх буудлаас, нөгөөхийг нь хотын гудамжинд баривчилсныг албаныхан мэдэгджээ. Тэд 3439 настай, тус улсын иргэн бөгөөд цагдаагийн байгууллагад хэдийн “данслагдсан” гэдгийг өчигдөр мөрдөн байцаалтыг удирдаж буй Дээрэмчний эсрэг бригад болон Соёлын үнэт зүйлийг хууль бусаар наймаалцахтай тэмцэх төвийнхөн мэдээлэв. Луврын хамгаалалтын албаны нэг ажилтан хулгайч нартай хамтран ажилласан талаар “The Telegraph” сонинд “Тэрбээр музейн аюулгүй байдлын системийн дотоод мэдээллийг дамжуулсан” гэжээ.
Парисын прокурорын газар энэ хэрэгтэй холбоотой хоёр хувилбар дэвшүүлж, захиалгат дээрэм, эсвэл мөнгө угаах зорилготой үйлдэл байж болзошгүй гэв. Эл хулгайн талаар олон улсын нэртэй хэвлэлүүд янз бүрээр дуугарч буй. Дэлхийн хамгийн алдартай музейг тоноход ердөө долоон минут, хулгайчийг баривчлахад найман өдөр болсон гэж “Ройтерс” “хоржоонтой” мэдээллээ.
ФРАНЦЫН МУЗЕЙНҮҮД ТОНУУЛЫН “ДАВЛАГАА”-НД ӨРТӨВ ҮҮ
Луврыг дээрэмдсэний дараахан ням гаргийн орой Францын өөр нэг музейн 2000 алт, мөнгөн зоос хулгайн замаар оржээ. Энэ талаар даваа гарагт мэдээлэв. Барагцаагаар 104 000 ам.долларын үнэтэй зооснууд Ландрес хотод байрлах Люмьерийн байшин музейн үзмэр. Ийм хэрэг гарсныг өнгөрсөн мягмар гарагт ажилчид нь мэдэж түгшүүр зарлажээ. Сүүлийн үед тус улсын музейнүүдийг дээрэмдэх нь “энгийн” зүйл шахам болсныг илтгэх өөр нэг хэрэг сарын өмнө гарсан. Парисын Байгалийн түүхийн музейгээс I Николас хаантай холбоотой, барагцаагаар 1.5 сая еврогийн үнэтэй, тус бүр нь нэг кг жинтэй зургаан алтан зоос хулгайлсан этгээд барилгын дохиолол, хяналтын систем кибер халдлагын улмаас идэвхгүй болсныг мэдсэн байх магадлалтай. “Le monde” сонинд мэдээлснээр эл хэрэгт сэжиглэн 24 настай, хятад бүсгүйг өнгөрсөн сарын сүүлээр Барселоноос баривчилжээ.
Мөн л өнгөрсөн сард Лимож хотын Үндэсний шаазан эдлэлийн музейгээс хятад хоёр шаазан таваг, нэг ваар хулгайд алдагдав. 6.55 сая еврогоор үнэлэгдэх шаазангуудыг олоогүй байна. Энэ сарын дундуур Сарран хот дахь Жак Ширакийн музей 48 цагийн дотор хоёр удаа “довтолгоонд” өртөж, Ерөнхийлөгч асны цаг, үнэт эдлэл, дипломат бэлгийг тавиад туучихжээ. Гэхдээ энэ бол “жижиг” хэрэг.
Дэлхийн хэмжээний том музей, галерейд гэгээн цагаан өдрөөр “зочлоод”, ердөө долоон минутад хүссэнээ аваад арилсан явдал бүртгэгдээгүй байв, 2025 оны аравдугаар сарын 19 хүртэл. Тиймээс “бүх цаг үеийн хамгийн шившигтэй хэрэг” хэмээн шуугиж буй. Харин 1911 оны хэргийг “зууны дээрэм” гэж түүхэнд тэмдэглэжээ.
Луврт саяхан гарсан дээрэмтэй нэлээд төстэй хэрэг 2019 онд Германы Дрезден хот дахь эртний цамхагт буюу дэлхийн хамгийн эртний музейнүүдийн нэгэнд болжээ. Цамхгийн Грюнес гевёльбе буюу “Ногоон агуй” үнэт эдлэлийн эрдэнэсийн санд Берлиний Реммо нэртэй гэмт бүлэглэлийнхэн нэвтэрч очир эрдэнийн шигтгээтэй хүзүүний зүүлт, цагаан очир алмааз, III Августустын бадмаараг чимэглэл, сэлэм зэрэг XVII-XVIII зууны Бароккогийн сүүл үеийн 100 гаруй үнэт эдлэл хулгайлсан. Тэдгээрийн даатгалынх нь үнэлгээ гэхэд 114 сая евро. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр эрдэнэсийн үнэ нь ойролцоогоор нэг тэрбум евро. Гэвч аливаа түүхэн эд зүйлсийг ач холбогдлоор нь үнэлж баршгүй гэж үздэг. Хулгайг “хар өдөр” гэж тодорхойлсон нь өглөө 05.00 цагт үйлдсэнтэй мөн “хоромхон” зуурт (ямартай ч Луврынхаас давсан хугацаанд. Эх сурвалжуудад цаг хугацааг нягт дурдаагүй) болсонтой холбоотой. Энэ хэргийн талаарх мэдээлэлд 500 000 еврогийн шагнал амласан байдаг. Гэмт хэргийг илрүүлэхэд 40 мөрдөн байцаагч ажиллаж, маш нарийн зохион байгуулалттай бүлэглэл болохыг тогтоожээ. Цусан төрлийн холбоотой хүмүүсээс бүрддэг Реммо бүлэглэлийн дөрвөн гишүүнийг жил хагасын дараа баривчилжээ. Тэднээс бусад нь баригдаагүйгээс гадна хулгайлагдсан эд зүйлсийн заримыг олоогүй. Мэргэжилтнүүдийн таамагласнаар хайлуулж, хэсэгчлээд зүсийг нь хувиргасан байх магадлалтай. Сонирхуулахад, 1945 онд Холбоотны цэргүүд Дрезденийг бөмбөгдөх үеэр хотын 90 хувь нь сүйрэхэд эл музейн нэг танхимын хэсэг өртсөн гэдэг. Гэхдээ эрдэнэсийг Дрезденээс нүүлгэсэн байжээ. Дайны төгсгөлд ЗХУ-д хүргэгдсэн эрдэнэсийн эд зүйлсийг 1958 онд БНАГУ-д буцааж өгсөн түүхтэй. “Ногоон агуулах”-ыг сэргээн босгосны дараа 2006 онд дахин нээжээ.
Тэгвэл өдрийн цагаар гэдгээрээ Луврынхтай адил нэг хэрэг 2001 оны хавар Санкт-Петербургт болжээ. Францын зураач Жан-Леон Жеромын “Гарем дахь усан сан” уран зургийг Эрмитажийн Өвлийн ордон дахь Баруун Европын уран зургийн танхимаас хулгайч гэгээн цагаан өдөр жаазнаас нь хутгаар салгаад авч одсон. Тухайн үед дохиоллын системд холбогдоогүй байж. Куратор Александр Бабин зургийн хоосон хүрээг анзаарч, цагдаад мэдээлсэн аж. Музейгээс 30 орчим настай эрэгтэй ихэд сандарсан байдалтай гарахыг анзаарсан үйлчлүүлэгч эмэгтэйн ярьсанд үндэслэн зурган томьёолол гаргажээ. Мөрдөгчид олон хувилбар дэвшүүлсний нэг нь Эрмитажийн ажилтнуудын оролцоо байгаа, эсэхийг шалгах. Гэвч үр дүнд хүрэлгүй таван жил өнгөрч, хэргийг түдгэлзүүлж, зургийн сураг гараагүй тул эргэлт буцалтгүй алдагдсанд тооцсон байна. Эрмитажийн захирал Михаил Пиотровский “бэлгийн дур хүслээс” болж зургийг хулгайлсан байх гэж үзсэн нь “усанд орж буй бүсгүйчүүдийн” дүрслэлтэй холбоотой. Ингэж байтал 2006 онд уг зургийг Москвагаас, Төрийн Думын байрнаас, бүр Коммунист намын дарга Геннадий Зюгановын хүлээн авах өрөөнөөс олов. Уран зургийг дөрөв нугалснаас болж будагнууд нь халцарч, хагарч, зарим хэсэгт хууларсан байж. Гэхдээ хэн тэр бүтээлийг хулгайлсан хийгээд Думын байранд аваачсаныг тогтоож чадаагүй. Энэ мэт хулгайчдын гараас “мултарсан” уран бүтээлүүдийн талаар бид дараа тодорхой өгүү¬ лэх болно. Сонирхуулахад Рембрандтын зургууд олон орны музейгээс 81 удаа хулгайлагдсан гэдэг баримт бий.
Энэ мэтээр дэлхийн алдартай олон музейд хулгай нүүрлэсэн жишээ цөөнгүй. 1990 онд Бостон дахь Изабелла Стюарт Гарднерын музейгээс алдарт Рембрандт, Вермеер, Дегас, Мане нарын 13 бүтээл хулгайлагдсан нь тухайн цагийн үнэлгээгээр 500 сая ам.доллар. Олон жилийн мөрдлөг, тусгай ажиллагааны үр дүн гараагүй, бүтээлүүд “усанд хаясан чулуу” болжээ. 2000 онд Стокгольмын Үндэсний музейгээс гурван зураг буруу замаар орсон, мөн л нэрт Ренуар, Рембрандтын бүтээл. Хар гартнууд цагдаа нарын анхаарлыг сарниулахын тулд музейн ойролцоо хэд хэдэн машин дэлбэлээд ар хударгаар нь ажлаа хийгээд, завиар зугтсан нь тогтоогдсон ч хэн болохыг мэдээгүй хэвээр.
Эдвард Мункийн алдарт “Хашхираан” зургийг хоёронтоо алджээ. Анх 1994 оны хоёрдугаар сарын 12-нд буюу Лиллехаммерын өвлийн олимпын нээлтийн өдөр Үндэсний галерейд нэвтэрч, уг зургийг хулгайлсан этгээдүүд “Хамгаалалт султай байсанд баярлалаа” гэсэн бичиг үлдээгээд талийсан. Нэг сарын дараа Үндэсний галерей нэг сая ам.долларын барьцаа төлөхөөс татгалзжээ. Харин Норвег, Британийн цагдаа нар Гетти музейнхний тусламжтайгаар тусгай ажиллагаа явуулж, 1994 оны хавар гэхэд “Хашхираан”-ыг олжээ.
2004 оны наймдугаар сарын 22-нд Осло хотын Мункийн музейгээс 1910 оны “Хашхираан”-ы хувилбарыг “Мадонна”-гийн хамт хулгайлсан хэрэг мандав. Багтай этгээдүүд музейгээс бүтээлүүдийг машин руугаа зөөвөрлөж байхад нь түүгээр зорчиж явсан нэгэн зургийг нь авч амжжээ. Найман сарын дараа Норвегийн цагдаа нар сэжигтнийг баривчилсан боловч зургуудыг олоогүй. Хулгайч нар бүтээлүүдийг шатаасан гэсэн цуурхал тараалаа. 2005 оны зун Мункийн бүтээлийг хулгайлсан хэрэгт дөрвөн сэжигтнийг саатуулав. Зургууд олдоогүй тул хоёр сая норвег кроны шагнал амласан ч сураггүй байсаар 2006 оны наймдугаар сартай золгожээ. 31нд тусгай ажиллагааны үр дүнд хоёр зургийг олоход багагүй гэмтэж, халцарсан байж.
Амстердам дахь Ван Гогийн музейгээс 2002 онд “Шевенинген дэх тэнгис”, “Нюененгийн сүм” хэмээх хоёр зургийг хулгайлсан этгээдүүдийг баривчилсан ч бүтээлүүдийг 2016 онд олжээ. Цагдаа нар Неаполитаны мафийн зохион байгуулсан эл хэргийн араас 14 жил “гүйсэн” байна.
ЛУВР ЦӨӨНГҮЙ “ЦӨМЛҮҮЛСЭН”
1793 онд Францын хувьсгалаар унасан хаант засаглалаас хураан авсан үнэт эдлэл болон хэд хэдэн хааны эд зүйлсийн цуглуулга, улсын өмч болгосон урлагийн бүтээлүүд гээд өргөн хүрээтэй цуглуулгыг хамгаалах зорилгоор хааны ордныг музей болгосноос хойших 233 жилийн түүхэндээ Лувр хэмээх соёлын өвийн сан хэдэнтээ мунхаг “зочидтой” таарчээ. 1890ээд оны эхэн үеэс л цуврал дээрэм гарч байсан ч албан ёсны баримт бичигт тэмдэглэж үлдээгээгүй нь дийлэнх аж.
1911 онд Леонардо да Винчийн “Мона Лиза”-г Лувраас хулгайлах үед голдуу гавьяаныхаа амралтыг эдэлж буй цэргүүдээс хамгаалалтын алба нь бүрдэж байлаа. Францын зураач Луи Беру наймдугаар сарын 21-нд өглөө эртлэн Луврт ирэв. Ердийнхөөрөө музейн үзэсгэлэнд зориулж зурахаар ирсэн тэрбээр Карре танхимд иртэл “бүсгүй” алга. Харуулуудаас асуухад “Кураторууд гэрэл зургийн хуулбарлах цехэд аваачсан” гэсэн ч тэнд нь байсангүй. Удалгүй Парисын цагдаагийнхан хэргийн газарт ирэх нь тэр. Музейг долоо хоног хааж, 257 ажилтны хурууны хээг авлаа. Шатны дэргэдээс олдсон алдарт зургийн хүрээн дээрээс илрүүлсэн хурууны хээтэй аль нь ч таарсангүй. Хулгайч музейд данстай хүн биш гэж үзээд янз бүрийн таамаг дэвшүүлсээр. Ингээд яруу найрагч Гийом Аполлинер (1880-1918. Францын зохиолч, яруу найрагч. ХХ зууны эхэн үеийн Европын авангард урлагийн нөлөө бүхий төлөөлөгч, сюрреализм хэмээх томьёоллыг бий болгосон)ыг сэжигтнээр татлаа. Гэтэл тэрбээр найз Пабло Пикассо (1881-1973. Испани, Францын зураач, уран барималч, график зураач, тайзны дизайнер, керамик урлаач, дизайнер. Кубизмыг үндэслэгч, ХХ зууны дүрслэх урлагийн хөгжилд онцгой нөлөөлсөн)-гоо хардах нь тэр. Үүний дагуу түүнийг ч сэжигтнээр байцааж, гэрийг нь нэгжихэд Луврын музейгээс алдагдсан жижиг баримлууд гарч ирсэн гэдэг. Гэхдээ тэдний гэм буруугүйг тогтоожээ. Энэ хэргийг мөрдөхөд 60 орчим мөрдөгч ажилласан. Өдөр бүр шахам сонин хэвлэлд “Жокондо”-гийн хөргийг хэрхсэн талаарх таамаг нийтлэлүүд гарч байв. Хэрэв хулгайч бүтээлийг буцааж өгвөл бүрэн нууцлахыг хүртэл амлаж, “Journal de Paris” сонин уран зургийг олсон хүнд 50 000 франкийн шагнал өгөхөө мэдээлжээ. Энэ зураг ийнхүү улам алдартай болж, нийтлэлүүдийн ачаар дэлхий даяар “Мона Лиза”-г танидаг боллоо. Франц улс Германыг хулгайд буруутгаж байсан бол Герман Луврын музей өөрсдөө нуусан гэж хардав. Ийм байдлаар хоёр жил өнгөрсөн. Гэтэл 1913 онд Италийн Флоренц хотын Уффици галерейд “Мона Лиза”-г зарахыг оролдсон дуулиан дэгдлээ. Винченцо Перужа гэх эр алга болсон “бүсгүйтэй” очоод баригджээ. Галерейн эрхлэгч зургийг таниулж, баталгаажуулаад Винченцог цагдаад тушаасан аж. Винченцо Луврын музейд ажиллаж байхдаа “Жокондо”-г жаазлах, хананд тогтоох үйл явцад оролцсон нэгэн. Түүнчлэн Наполеоны дайны үеэр Италийн урлагийн олон бүтээлийг францчууд завшсан болохыг мэдсэн тэрбээр харин Леонардо да Винчи Франц руу нүүж ордны зураач болсныхоо дараа “Мона Лиза”-гаа I Францист бэлэглэсэн талаар таамаглаа ч үгүй явжээ.
Тэрбээр урлагийн сор бүтээлийг хулгайлаад, жаазнаас нь гаргаж, нөмрөгтөө ороогоод, сугавчлан музейгээс гарч одоход үүр хаяарч байж. Италийн уран бүтээл, соёлын өвийг нутагт нь буцаах эх оронч сэдэлтэйгээр гэмт хэрэг өдүүлсэн гэж өчсөн хулгайч ердөө хагас жил шоронд суусан. Түүний ачаар гайхамшигт уран зургийг италичууд Уффици галлерейд хагас сарын турш “амьдаар” нь тольдож, 1914 оны нэгдүгээр сарын 4-нд Луврт шилжүүлсэн түүхтэй.
Сонирхуулахад, шоронгоос суллагдсаныхаа дараа дэлхийн I дайнд Италийн армид алба хааж, Австри-Унгарын цэргүүдэд олзлогдон, хожим Франц руу буцаж, Пьетро Перужиа буюу жинхэнэ нэрээрээ гоёл чимэглэлийн зураачаар ажиллаж байгаад 1925 онд 44 насандаа хорвоог орхижээ.
Дэлхийн II дайны үеэр Францын үндэсний музейн захирал Жак Жаужар “Мона Лиза” зэрэг Луврын шилдэг 1800 гаруй бүтээлийг буйд нутаг руу зөөвөрлөх шийдвэр гаргасан нь нацистуудад алдахаас сэргийлсэн хэрэг. Гэсэн хэдий ч герман цэргүүд урлагийн олон бүтээлийг хулгайлсан. Эдгээрийн дийлэнхийг дайны дараа Францад буцааж өгчээ. Луврын музей хулгайлагдсан бүтээлүүдийг анхны эзэмшигчидтэй нь нэгтгэх зорилгоор 2018 оноос тэдгээрийг олон нийтэд толилуулж эхэлсэн түүхтэй.
Дараагийн дээрэм 1966 онд болсон бөгөөд Америкийн Виржиниагийн музейгээс Лувр руу буцааж тээвэрлэх үед хэд хэдэн эртний үнэт эдлэлийг бүлэг этгээд хулгайлжээ. Азаар үзмэрүүдийг харьцангуй хурдан олсон бөгөөд Нью-Йоркт энгийн хүнсний уутанд боож тавьсан байж. Үүнийг хэдийгээр Луврaaс аваагүй ч эл музейн халдлагад тооцож болох гэнэ. АНУ-д болсон явдлаас 10 жилийн дараа Луврын музейгээс хулгайлагдсан боловч өдгөө ч олдоогүй нэг үнэт өв бол хааны сэлэм. 1976 онд гэмт хэрэгтнүүд ажлаа маш нарийн зохион байгуулсан учраас харуулууд өөр жигүүр дэх хуурамч дохиололд сатаарч байх зуурт шат ашиглан Аполло танхимд нэвтэрч X Чарльз хааны ёслолын сэлмийг аваад арилсан. Хэрэгтнийг өдгөө ч тогтоогоогүй, сэлэм ч олдоогүй. 1983 оны 5-6 дугаар сард шилжих шөнө музейгээс алт, мөнгөөр чимэглэсэн, XVI зууны Италийн хуяг дуулга, XV Людовикийн цаг алдагдсан. Өглөө нь музейн ажилтнууд үзмэрийн эвдэрхий хайрцаг олсон ч хулгайчдын сураг байхгүй. Үүнээс 38 жилийн дараа 2021 онд хуяг дуулга гэнэт гарч ирлээ. Эртний эдлэл цуглуулагч Бордогийн гэр бүлийнхэн өв залгамжлалынхаа үнэ цэнийг тогтоолгохоор мэргэжилтэнд ханджээ. Тэрбээр хоёр эд зүйлийг сэжиглэн, цагдаад мэдээлсэн байна.
1998 онд Лувр дахин “урилгагүй зочин”-той учрав. XIX зууны алдарт зураач Камиль Корогийн “Хойд зүг рүү хөтлөх зам” бүтээлийг энэ удаа алдсан бөгөөд өнөөг хүртэл мөн л олдоогүй. Зургийг жаазнаас нь салгасан байж. Тухайн үед музейн орц, гарцыг хааж, үйлчлүүлэгч болон ажилтнуудыг нэгжсэн ч үр дүн гараагүй. Үүний дараа Луврын аюулгүй байдлын системийг бүрэн шинэчилсэн гэдэг. 2004 онд 30-47 каратын хоёр алмааз алга болов. Үнэт эдлэлийг дохиоллын системгүй үзмэрийн тавиур болон хяналтын камергүй өрөөнөөс авсан байна. “Франс пресс”ийн мэдээлснээр Луврын музейн цогцолбороос алдагдсан 11.5 сая еврогийн үнэтэй чулуунуудыг “Карусель дю Лувр”-ын 22 дахь биенналийн үеэр дэлгэсэн байжээ.
МУЗЕЙГЭЭС ХЭН ХУЛГАЙ ХИЙЖ ЧАДАХ ВЭ
Ийм төрлийн “ажлыг” музейг сайн мэддэг, бүр хэдэн арван жил тэнд ажиллаж байсан хүмүүс хийсэн түүх цөөнгүй. Ийм нэг явдал 1980-аад онд Ленинградын Оросын музейд болсон. Парисын Орчин үеийн урлагийн музейн цуглуулгад Оросын алдарт авангард зураач Павел Филоновын зургууд байгааг оросууд гэнэт олж мэджээ. Тийм байх учиргүй, Филоновын өв залгамжлагчид тэдгээр зургийг 1977 онд Оросын музейд хандивласан бөгөөд музейн өмчөөр бүртгэжээ. Гэтэл Парист “цагаачилчихсан” байдаг. Мөрдөн байцаалтын явцад музейн хэсэг ажилчин хэдэн жилийн турш Филоновын бүтээлүүдийг хулгайлж, хуулбараар сольж, эх хувийг нь зарсан нь тогтоогдов. Ингээд бөөн хэрэг мандаж, 2000-аад оны эхээр л уг бүтээлүүдийн эх хувийг эргүүлэн авсан аж. Хэрэв ЗХУ-д улс төрийн өөрчлөлт гараагүй бол энэ гэмт хэрэг анзаарагдахгүй өнгөрөх боломжтойг мэргэжилтнүүд өгүүлдэг. М.Горбачевын ил тод байдлын үед Филонов нарын авангард уран бүтээлчдэд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд тэдний бүтээлд тавьсан албан бус хоригийг цуцалсан.
2006 онд нэгэн дуулиантай хэргийг олон нийтэд ил болгов. Аудит хийсний үр дүнд Эрмитажид нүүрлэсэн хулгайг илрүүлсэн бөгөөд үүнд Оросын соёлын түүхийн хэлтсийн куратор Лариса Завадская нөхөр, хүү (хоёулаа түүхч)-гийн хамт холбогдсон. Тэд ажил, албаныхаа давуу байдлыг ашиглан 1990-ээд оны дунд үеэс музейгээс XIX-ХХ зуунд хамааралтай үнэт эдлэл, ваар, хөөрөгний хайрцаг зэрэг 220 гаруй эд зүйл авсан нь тогтоогджээ. Хэдийгээр тэдгээр нь онцгой гэх тодотголтой бүтээл биш ч түүхийн ач холбогдлыг нь үнэлшгүй. Гэтэл түүхэн эд зүйлсийг тэд барьцаалан зээлдүүлэх газар, эртний эдлэлийн дэлгүүрүүдэд зардаг байсан гэнэ. Хулгай илэрсэн үед дуулиан шуугиан дэгдэж, эртний эдлэлийн зарим наймаачин сэжигтэй эд зүйлсийн талаар цагдаад мэдээлсэн бөгөөд Лариса Завадская мөрдөн байцаалтын үеэр нас барж, нөхөр Николай нь таван жилийн хорих ял авсан. 2015 онд Эрмитажаас дахин нэг хулгай илэрсэн. XVIII-XIX зууны үеийн сийлбэр, гэрэл зургууд музейн судалгааны номын сангаас алга болсонд энэ чиглэлийн судлаач холбоотой. Тэрбээр номноос зураг чимэглэлийг урж аваад хавтсан хийгээд гардаг байж. Түүнийг удалгүй баривчилж, хулгайлсан эд зүйлсийг гэрээс нь, эртний эдлэлийн худалдаачдаас олж авсан байна. Энэ мэтээр соёлын ажилтнууд, холбогдох албаныхан хэрэгт хутгалдах нь олон улсад түгээмэл аж.
Берлиний Боде музейг 2017 онд тоноход мөн л Реммогийнхон оролцжээ. Тэндээс ердөө ганц зүйл хулгайлсан нь 100 кг жинтэй дурсгалын алтан зоос. 2007 онд Оттава дахь Канадын хааны зоосны газарт ийм зургаан зоос цутгасан бөгөөд тус бүр нь нэг сая канад доллар. Гэхдээ зах зээлийн үнэлгээ нь үүнээс 4-5 дахин өндөр. Зургаан зоосны эхнийх нь Оттавагийн Зоосны газарт үлдэж, 2010 онд цуглуулагчдын худалдаж авсан таван зоосны нэгийг нь түр хугацаагаар Боде музейд хадгалуулахаар шилжүүлсэн байна. 100 кг жинтэй зоосыг хадгалж байсан, сум нэвтэрдэггүй шилийг хагалсны дараа “бараагаа” хувцасны өрөө рүү өнхрүүлж оруулаад, цонхоор шидэхэд хамтрагч нар нь тосож аваад ойролцоох цэцэрлэгт хүрээлэн рүү тэшүүр ашиглан зөөвөрлөсөн нь тогтоогджээ. Музейд ажилладаг нэг нөхөр Ахмед Реммогийн багын найз байсан гэдэг.
Луврын энэ удаагийн хулгай юугаараа “өвөрмөц” гэдгийг Америкийн урлагийн түүхч Ноа Чарни ийнхүү тайлбарлажээ. Хулгайлагдсан эд зүйлсийг соёлын ач холбогдлоор нь үнэлэх боломжгүй ч дотоод үнэ цэнэ гэж бий. Уран зургийн хувьд үүнд хамаарахгүй. Учир нь ихэвчлэн хавтан, будаг, зотон зэргээс бүрддэг. Харин чулуу, шигтээ, металл гэхчлэн үнэт эдлэл нь дотоод үнэ цэнэ өндөртэй буюу хэдэнтээ буталж, хайлж, хэсэгчлэн зарсан ч өндөр үнэд хүрнэ. Үнэт чулууны хувьд хулгайч нар соёлын өвийн үнэ цэнийг тооцох магадлал бага учраас зүсийг нь хувиргачихвал ул мөргүй болно, туйлын харамсалтай. Тиймээс үнэт эдлэлийн хулгайг илрүүлэхэд хүндрэлтэй. Цорын ганц найдвар бол хулгайлагдсан үнэт эдлэлийн соёлын өвийг хадгалах, бүтээлийг бүрэн бүтнээр нь олж авахын тулд өөрийнх нь үнээс давсан их мөнгийг шагналд амлах явдал. Ийм шалтгаанаар түүхэн эд зүйлс хулгайлах нь бий ч цаг хугацаа шаардах ажил, магадгүй хэдэн арван жил ч болж мэднэ гэдгийг мэргэжлийнхэн мөн тэмдэглэжээ. Музейн хулгай нь урлагийн эсрэг гэмт хэрэг төдийгүй аялал жуулчлалд цохилт болдгийн зэрэгцээ хүн төрөлхтний мэдэх эрхийг зөрчдөг гэмтэй.
Э.Хана