Өмнөговьчууд орон нутгийн хөрөнгө оруулалтаар дурангийн оношилгоонд суурилсан нүүдлийн иж бүрэн эмнэлэгтэй болжээ. Тус эмнэлгийг хэвлийн болон бамбайн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, уушги, нүд, дотор эмэгтэйчүүд, жирэмсний хяналтын үзлэг, хэт авиан шинжилгээ, хавдрын эрт илрүүлэг, ходоод унтуулгатай болон унтуулгагүй дурандах, эд, эсийн оношилгоо хийх зориулалтаар иж бүрэн тоноглосон байна. Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан цахилгаан шатыг ч мартаагүй аж.
Түүнчлэн “Старлинк”-ийн төхөөрөмжийн тусламжтайгаар хаана ч нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдээс онош тодруулах боломж бүрдүүлжээ. Хамгийн гол нь иргэд нүүдлийн эмнэлэгтэй болсноор эрт илрүүлэгт тогтмол хамрагдахаас гадна сум, багийн төв, малчны хотонд, хээрийн дуудлага, гэнэтийн аюул ослын үед ч дээрх үзлэг, оношилгоог түргэн шуурхай зохион байгуулах ач холбогдолтой.
Ташрамд дурдахад, орон нутгийн хэмжээнд Өмнөговь аймаг анх удаа өөрсдийн гэсэн явуулын эмнэлэгтэй болж буй нь энэ юм.
О.Бат