УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалалд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар энэ сарын 22-нд гаргасан 08 тоот дүгнэлтийг багтаажээ. Лхагва гарагт Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор үүнийг хэлэлцэх аж.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа чуулганы хуралдааныг удирдахдаа ирц бүрдээгүй байхад цаг сунгасан, шинэ өдөр эхлэхэд бүртгэлийг шинэчлээгүй, буруу томьёоллоор санал хурааж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоол батлан Үндсэн хууль зөрчсөнийг уг дүгнэлтээр тогтоосон юм. Мөн Үндсэн хуулийн 66.4-т “Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх, үүнийг УИХ-аар хянан хэлэлцэхгүй гэдгийг Цэцийн гишүүн дүгнэлтээ танилцуулахдаа ч сануулсан. Гэвч УИХ-ын гишүүд “мэдэн будилж”, УИХ-ын тухай хуулийн 84.2.1-т “Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол долоо хоног, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш тав хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь (хэсэгчлэн) хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргана” хэмээн заасан, хэлэлцэх ёстой гэж байсан юм. Зарим ойлгомжгүй зүйл байгааг тодруулахын тулд 08 тоот дүгнэлтийг уг заалтын дагуу хэлэлцэх ёстой гэж үзсэн бол хуулийн хугацаанд нь багтаах байсан. Гэтэл долоо хоног нь аль хэдийн өнгөрчихсөн. УИХ-ын баасан гаргийн чуулганы үеэр дэд дарга Б.Пүрэвдорж ч үүнийг сануулж байв. Гэхдээ хуулийн хугацаа МАН-ынханд сонин биш болоод удаж байгаа билээ.
С.Уул