Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсоор Ази тивд анхны аялал, айлчлалаа саяхан хийлээ. Тэрбээр аравдугаар сарын 24-ний орой Вашингтоноос мордож, Малайз, Япон, Өмнөд Солонгосоор орсон юм. Малайз, Өмнөд Солонгост ёслолын чанартай арга хэмжээнд оролцсон бол Японд айлчилсан. Дэлхийн хэвлэлүүдэд эдгээрээс БНСУ-д болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хийсэн уулзалтыг нь нэлээд анхааралтай ажиглав. Нэг цаг, 40 минут үргэлжилсэн энэ уулзалтыг Трамп олон асуудал шийдвэрлэсэн “гайхалтай” үйл явдал боллоо гэж үнэлсэн байна. Хятадын удирдагчийг Трамп “анд нөхөр”, “аугаа удирдагч” гэж нэрлээд хоёр дахь удаа Ерөнхийлөгч болсноос хойш түүнтэй анх удаа биечлэн уулзсанаа “азтай учрал” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Си дарга хариуд нь энэ уулзалтаас “халуун дулаан” сэтгэгдэл үл
дэж, Америк, Хятад хоёр “тэр болгон юман дээр үзэл бодол нийлдэггүй” ч “найз нөхөр, түнш” байх ёстой гэж хэлжээ. Нэг жилийн хугацаатай худалдааны хэлэлцээр байгууллаа, үүнийг цаашид байнга сунгаж байх болно гэж Трамп төгсгөлд нь зарлав.
Худалдааны дайны үед Хятадын бараанд 57-47 хувийн гаалийн татвар оноож байсныг 10 хувь болгож бууруулахаар болсон байна. Трампын хэлснээр бол “газрын ховор металтай холбоотой бүх асуудлыг” энэ уулзалтаар шийдвэрлэжээ. Өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал хэрэгцээтэй энэ металлыг үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг дэлхийд үндсэндээ Хятад улс хянаж байдаг юм байна. Энэ хяналтаа саяхнаас хүчтэй болгосноор АНУ-тай тогтоосон харилцааг нь хурцадмал болгосон аж. Одооноос зарим хязгаарлалтаа Хятад сулруулах нь. “Синьхуа” агентлагийн хэвлүүлсэн мэдээлэлд өгүүлснээс үзвэл “Америкийг дахин аугаа болгох” гэсэн Трампын зорилгод Хятадыг хөгжүүлэх, сэргээх бодлого зөрчилдөхгүй, АНУ, Хятад хоёр харилцан амжилтад хүрч, хөгжин цэцэглэнэ” гэж Си Жиньпин онцлон тэмдэглэжээ. 1992 оноос хойш хийгээгүй цөмийн зэвсгийн туршилтаа даруй эхлүүлэхийг Пентагондоо тушааснаа Си Жиньпинтэй уулзахын өмнө Трамп зарласан байна. Энэ нь бусад улсын үйл ажиллагаанаас үүдэлтэй аж. “Асар их сүйтгэл учруулах хүчтэй зэвсгийнтуршилт хийх шийдвэр гаргах нь надад харамсалтай байгаа ч өөр сонголт алга. Одоо Орос хоёрт, Хятад гуравт яваа ч таван жилийн дотор тэр (Хятад) биднийг гүйцнэ” гэж тэрбээр нэмж хэлжээ. Энэ талаар Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Үүнийг зогсоочихвол мөн гайхалтайсан. Энэ талаар бид Оростой ярилцаж буй. Хэрэв бид ямар нэг арга хэмжээ авбал Хятад түүнд нэгдэх болно” гэж хэлсэн байна.
Трампыг Хятадын удирдагчтай уулзахын нь өмнөхөн Британийн Ерөнхий сайд Кир Стармер түүнтэй утсаар ярихдаа Оросоос нефть худалдаж авахын нь болиулах талаар Хятадад дарамт үзүүлэхийг уриалсан байна. Америкийн телевизийн “Fox news” сувгийн олон улсын тоймч Лиза Дафтари АНУ, БНХАУ-ын удирдагчдыг аль алинтай нь яриа хэлэлцээр хийхдээ тун яггүй улс гэж үнэлдэг аж. Тэгээд “Тэр (Трамп) сүрхий өрсөлдөгчтэй учирсан болохоор Байдений үед хийж чадаагүй АНУ-ын ард түмэнд ашигтай, ямар нэг сайн үйлс бүтээх бизээ” гэсэн бодлоо илэрхийлсэн байна.
Тэд хэлэлцээгээ хаалттай хаалганы цаана хийв. Дараа нь ч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй. Уулзалтаа өндөрлөөд Трамп шууд нутгаа зорьсон бол Си Жиньпин Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон.
Онгоцон дотроо замдаа сэтгүүлчдэд хэлснээс нь үзвэл Трамп удахгүй Хятадад айлчлах, Си даргач хариу айлчлал хийх бололтой.
Азид хийсэн энэ удаагийн аялал, айлчлалынхаа хүрээнд Трамп Японы шинэ Ерөнхий сайд хатагтай Санаэ Такаичитэй анх удаа уулзав. Энэ уулзалтын өмнө тэд утсаар ярихад 2022 онд амиа алдсан Ерөнхий сайд асан Шинзо Абэг Трамп сайнаар дурсжээ. Такаичиг “аугаа хүний их анд” гэж нэрлэсэн байна. Трамп Японд байхдаа эзэн хаан Нарухитод нь бараалхжээ.
Трамп Ази тивийг зорин хөдлөхдөө Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзах хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд хэлж байжээ. Хэрэв энэ удаа тэд уулзвал дөрөв дэх нь болох байв. Трамп Умард Солонгосын газар нутаг дээр хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч юм.
Умард Солонгосын удирдагчтай уулзахын тулд Ази тив рүүхийж буй энэ аялалынхаа хугацааг сунгахад бэлэн гэж тэрмэдэгдсэн удаа бий. Тэгэхдээ энэ нь хэн хэний нь төлөвлөгөөнд ороогүй ажил байлаа.
Р.Жаргалант