УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийн асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг мэдээлэхдээ "Урд өмнө засгийн газар өргөн барьснаас хойш УИХ болон байнгын хорооны түвшин өнөөдрийнх шиг том хэмжээний зохицуулалтын санал хэлэлцүүлэгдэж байгаагүй. Багш, эмч, тэтгэвэртэй холбоотой зардал нийтдээ 1,1 их наяд төгрөг болж байгаа. Ингэж нэмэхийн тулд нөгөө талдаа мөн адил зардлыг бууруулах буюу танан гэсэн үг.
Тухайлбал, Төсвийн ерөнхийлөн зарцуулагчийн зардлыг бууруулна. Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сан, эрүүл мэндийн даатгалын сан, боловсролын салбарын гүйцэтгэлийн сан, улсын төсвөөс санхүүжих боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гамшиг ослоос хамгаалах байгуулга, эрэн хайх авран хамгаалах, засгийн газрын зээлийн хүүгийн зардал, гадаад зээл, тусламжаар санхүүжих урсгал зардал, хүүхдийн мөнгө зэрэгт зарцуулагдах зардлыг оролдохгүй. Харин үүнээс бусад бүх зардлыг 10-13 хувиар бууруулахаар харагдаж байна.
Мөн тухайлсан зардлыг танан. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардал, хэрэг эрхлэх газрын зардал, соёл спорт аялал жуулчлалын татаасыг бууруулах гэх мэт зарим зардлууд хасагдана.
Хөрөнгө оруулалтын улсын хэмжээнд эрүүл мэнд ,боловсролоос бусад тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар, шилжих хөрөнгө оруулалтаас 15 хувиар бууруулна. Өөрөөр хэлбэл, 1 их наяд 150 тэрбум төгрөгийг бууруулж буюу танаж байна гэсэн үг.
Өнөөдрийн бидний ярьж байгаа эдгээр зардлууд төсвийн хүрээнд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Урсгал зардлын 24 хувь, хөрөнгийн зардлын хэмжээгээ барьж байна" гэх мэдээллийг өглөө.