Нийслэлийн гэр хорооллын айлуудад сайжруулсан шахмал болон хагас коксон түлшнээс гадна угааж баяжуулсан мидлингийг өнгөрсөн баасан гаргаас борлуулж эхэлсэн. Улмаар нүүрс түлэх үед өмхий үнэр гарч, хоолой хорсож, амьсгалахад ч хүртэл хүндрэл учруулж буй талаар иргэд хэлж байна. Иймд нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрынхнаас энэ талаар лавлахад “Юу үнэртээд байгааг бид хэлэх боломжгүй” гэсэн юм.
Тэгвэл “Тавантолгой түлш” компанийнхан “Өмхий үнэр хүхрийнх байх магадлалтай. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны аравдугаар сарын 8-ны тогтоолоор угааж баяжуулсан мидлинг борлуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ тодорхой хугацаанд буюу 7-14 хоног л хэрэглэнэ. Иргэд “Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш эрүүл мэндэд хортой учраас түүхий нүүрс хэрэглэе” гэдэг. Гэтэл угааж баяжуулсан мидлинг ч гэсэн түүхий нүүрс юм. Угааж баяжуулсан мидлинг нь шахмал түлштэй харьцуулахад хүхэрлэг хий, РМ2.5, РМ10 тоосонцрын хэмжээ өндөр. Тиймээс үүнийг боловсруулж, хүхрийн чулуулгийг нь бууруулж байж шахмал түлш болгодог юм. Харин сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлт бүрэн зогссон. Намар үйлдвэрлэсэн 7-8 мянган тонны нөөц л үлдсэн. Цаашид зөвхөн хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон түлшний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа” гэлээ.
Э.Сүйлэн