Монголчууд эрт дээр үеэс саалиа бэлдэхээр саваа бэлд хэмээн хэлэлцэж ирсэн. Харин саваа бэлдсэн ч сааль тасрах магадлалтай талаар энд хөндөхийн өмнө багахан түүх өгүүлье. Одоогоос 10 жилийн өмнө БНЭУ-ын Ерөнхий сайд манай оронд төрийн айлчлал хийхдээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэ нь БНЭУ-ын зүгээс нэг улс, нэг төсөлд олгож буй хамгийн өндөр дүнтэй зээл гэдгээрээ онц¬лог. Үүнийг хэрхэн “чулуу болгох” талаар манайхан зөвлөлдөж, улмаар 2018 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан юм. Тухайн үедээ тус үйлдвэрийг 2022-2023 онд ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байсан ч одоо бол 2028 онд ашиглалтад оруулахаар зүтгэж буй. Шав тавьснаас хойш 10 жилийн дараа нээлтээ хийх төлөвлөгөөтэй Монгол газрын тос боловсруулах үйлдвэр (МГТБҮ)-ийн санхүүжилт гэхэд анх нэр¬лэсэн нэг тэрбум ам.доллароос давж, 1.7 тэрбум “ногоон”-д хүрээд байгаа билээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн байдлаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явц 50 хувьд хүрснийг МГТБҮ-ээс мэдээлсэн. Юутай ч Энэтхэг, Монгол, БНХАУ, АНУ зэрэг олон орны мэргэжилтэн, инженер, ажилчид зогсолтгүй ажиллан, боловсруулах үйлдвэр барьж байна. Үйлдвэр барих нэг хэрэг, үйлдвэрээ түүхий эдээр тасралтгүй хангана гэдэг тун чухал асуудал. Хоёр жилийн дараа ашиглалтад оруулах, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, дотоодын шатахууны хэрэглээнийхээ багадаа 50 хувийг хангах түүхий эд манайд байна уу. Газрын тосны батлагдсан болон үйлдвэрлэлийн нөөц хэр байгаа, нөөцөө нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч буйг сонирхлоо.
Манай улсын газрын тосны батлагдсан нөөцийг 330, үйлдвэрлэлийн нөөцийг 43 сая гаруй тонн гэж тодорхойлжээ. 43 сая тонноос одоогоор 10 гаруй сая тонныг Тамсагийн сав газраас, урд хөршийн компаниуд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олборлон, борлуулаад байгаа аж. Тодруулбал, “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос”, “Петро матад” гэсэн гурван компани өдгөө хоногт нийт 1650 тонн газрын тос олборлон, БНХАУ руу экспортолж байна. Ийн олборлон, борлуулсаар өдгөө үйлдвэрлэлийн нөөцийн хэмжээ Тамсагийн сав газарт 30 орчим сая тонн үлдсэн гэж тооцжээ. Энэ нь боловсруулах үйлдвэрт 20 хүрэхгүй жил хэрэглээд дуусах хэмжээ. Тиймээс нөөцөө өсгөх талаар ямар ажил хийж буйг нь Ашигт малтмал, газрын тосны газраас тодрууллаа. Тус газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр “Газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх талаар хаана, хаанаа л ажиллаж байна. Бид Увс, Ховд, Хэнтий, Өмнөговь зэрэг цөөнгүй аймагт 34 талбайг ялган хайгуул хийх нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Уг талбайгаас 10 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулж хайгуул хийж байгаа бол дөрвөн талбайг ашиглалтад шилжүүлсэн. Улмаар газрын тосны хайгуул, үнэлгээ, олборлолтын 1778, метан хийн хайгуул, үнэлгээний 117 цооног өрөмдөөд байна. Ер нь хайгуул хийж, нөөцийн хэмжээг тогтоож, ашиглахад бэлэн болгоход 8-12 жилийн хугацаа зарцуулдаг гэж болно. 2-3 жилийн өмнөөс хайгуул хийсэн компаниудын ажлын үр дүн 4-5 жилийн дараа гарна. Газрын тосны хайгуулын нэг цооног өрөмдөхөд л 1-2 сая ам.доллар зарцуулдаг өртөг өндөртэй ажил. Тиймээс олон хөрөнгө оруулагч сонирхоод байдаггүй сөрөг тал бий. Бас хэдэн жил хайгуул хийж, хэчнээн ч хөрөнгө зарцуулаад үр дүнд хүрэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс бид хөрөнгө оруулагчдад таатай боломж олгох, хайгуул, ашиглалт хийхэд бүх талаар дэмжих, хамтран ажиллахыг хичээж буй. Цаашид хайгуул хийх боломжтой 20 гаруй талбай бэлэн байна” гэв.
Газрын тосны хайгуул хийж буй зарим компаниас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангаа багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж чадахгүй, орон нутгийнхны зөвшөөрлийг авахад хүндрэл тулгарч буйгаа мэдээлжээ. Тухайлбал, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд “Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл”-ийг тусгах ёстой гэж заажээ. Санал, тэмдэглэл нь дэмжсэн, дэмжээгүй, эсэхээс үл хамаардаг ч дэмжсэн санал аваагүй тохиолдолд тайланг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам батлахаас татгалзсан тохиолдол бий аж. Үүнээс шалтгаалан хайгуул судалгааны ажил саатаж, талбайн хэмжээнд бүрэн судалгаа хийх, хэтийн төлөвийг тогтоох боломж буурч, хугацаа алдаж буйг ч С.Түвшинбаяр хэлсэн. Мөн Үндэсний аудитын газраас өртөг нөхөх зардлыг баталгаажуулахдаа хүндэтгэн үзэх шалтгаан, тайлбарыг үл харгалзан шууд төлбөрийн акт тавин, хөрөнгө оруулагч, гэрээлэгчийн нөхцөл байдлыг зөв үнэлэхгүй байх зэрэг нь хайгуулын салбарт хөрөнгө оруулахад хүндрэл учруулж, маргаан үүсгэдэг гэнэ. Төлбөрийн акт удаа дараа тавигдсанаар зөрчил гаргасан нөхцөлд хүрч, одоогоор газрын тос болон метан хийн хайгуулын та ван компанид 2.3 сая ам.долларын төлбөрийн акт тавигдсан юм байна. Энэ мэтээр төрийн албаны уялдаагүй байдал, нутгийн иргэдийн эсэргүүцэл, үл ойлголцлоос болж компаниуд төлбөрт унах, ажлаа зогсоох, хугацаа алдах зэрэг сөрөг талууд үүсэж байгааг хаана, хаанаа анхаарах хэрэгтэй байх нь.
Үүнээс гадна Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой байдлыг хангаж, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгч МГТБҮ-т “Давст XXXI” талбайг олгожээ. Тус талбай нь эдийн засгийн хувьд ашиглах боломжтой 8.4 мянга гаруй хавтгай дөрвөлжин нутаг юм. Уг талбайд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн гүйцэтгэсэн тооцоо, судалгаанд үндэслэн МГТБҮ нийт 31 геологийн бүтцийг зураглаж, эрсдэлийн түвшнээр ангилж, үүнээс гурван бүтцийг сонгон анхан шатны тооцоолол хийжээ. Ингэснээр нийт 108 сая баррель газрын тос байх магадлалтай, үүнээс 24.6 сая баррелийг нь олборлох боломжтой гэсэн тооцоо гаргасныг “Эрдэнэс Монгол” компаниас дурдлаа. Цаашид төсөл хэрэгжүү¬ лэгч компанийн зүгээс талбайн нөөцийг нэмэгдүү¬ лэх, баталгаажуулах талаар шат дараатай хайгуул, судалгааны ажлыг төлөвлөсөн бөгөөд шаардлагатай тохиолдолд гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэнэ.
Монголын Улсын гавьяат багш, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжав газрын тосны нөөц болон МГТБҮ-ийн талаар санал сэтгэгдэлээ үргэлж илэрхийлж ирсэн. Тэрбээр “МГТБҮ-т нэг жилд 1.5 сая тонн түүхий тос ашиглахаар тооцсон нь тун хэцүү зорилт. Дорноговьд одоогоор тос олборлоогүй байж үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг ингэж тогтоож төлөвлөнө гэдэг хөнгөн гоомой шийдвэр байсан. Гэхдээ галт тэрэг нэгэнт хөдөлж, олон хүний хүч хөдөлмөрөөр үйлдвэрээ барьж л байна. Магадгүй шаардлагатай тохиолдолд хойд, урд хөршөөс түүхий тос импортолж, үйлдвэртээ ашиглахаар тооцсон байх.
Манай улсад геологийн хайгуулын ажил удаашралтай явагддаг, арайхийж хайгуулын лиценз авлаа гэхэд орон нутгийнхантайгаа ойлголцохгүй, хугацаа алддаг явдал газрын тосны салбарыг ч тойрсонгүй. Тиймээс боломжит бүх бүс нутагт тосны хайгуул хийх нөхцөл бүрдүүлж, төрөөс дэмжиж, нөөц олж илрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн бид аймаг, сум, суурин газартаа тархай бутархай амьдардаг учраас хаана түүхий тос олборлоно тэндээ бага оврын боловсруулах үйлдвэр барьж, хэрэгцээгээ хангаад явах учиртай. Энд, тэндгүй газрын тос боловсруулах жижиг оврын үйлдвэртэй болчихвол хөгжил дэвшлийн хувьд ч нэг шат ахиж, хүн амын төвлөрлийг бууруулж, эдийн засаг, нийгмийн амьдралд эерэг дүн гарна” хэмээн ярив.
С.Дулам