Монгол Улсад V зэрэглэлийн Зүрх, судасны үндэсний төв байгуулах зээлийн гэрээнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар гарын үсэг зурж баталгаажуулав. Тодруулбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро буюу 26.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр Зүрх, судасны үндэсний төв барих юм. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн 40 орчим хувийг буцалтгүй тусламжаар шийдвэрлэж буй. Тус төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн хашаанд барих бөгөөд 120 ор бүхий найман давхар байх гэнэ. Төслийг хэрэгжүүлснээр зүрх, судасны өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шинэ технологи нэвтрүүлэх, сургалт, судалгааны цогц төв болгож, тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмнэ хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.
Манай улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны өвчин хэвээр байна. Өнгөрсөн онд эл өвчний улмаас 5789 хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн 36.3 хувь нь 45-65 насныхан байна. 2030 он гэхэд зүрх, судасны тусламж, үйлчилгээ 2.6 дахин нэмэгдэх төлөв гарчээ.
Ч.Болор