Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдарт нөлөөлж буй хүчин зүйлс, сэргийлэх арга замын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч М.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр БНСУ-ын Бүдүүн, шулуун гэдэсний нийгэмлэгээс зохион байгуулсан олон улсын хуралд энэ чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, шагнал хүртсэн юм.
-БНСУ-д болсон “ICRS-2025” олон улсын хуралд та илтгэл хэлэлцүүлсэн шүү дээ. Энэхүү илтгэлийн гол агуулга, ач холбогдол нь юу байсан талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юү?
-БНСУ-ын Бүдүүн, шулуун гэдэсний нийгэмлэгээс зохион байгуулсан International colorectal research summit буюу Олон улсын бүдүүн, шулуун гэдэсний судалгааны дээд хэмжээний уулзалтад “Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын яаралтай мэс заслын дараах богино хугацааны амьдралын чанар, эрсдэл ба хүндрэлүүд: Хавдар судлалын үндэсний төвийн туршлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Special recognition award” хүртсэндээ баяртай байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад хорт хавдрын тохиолдол түгээмэл бүртгэгдэх болсон. Өвчний шалтгаант нас баралтаар нь авч үзвэл гэмтэл, зүрх судасны өвчлөлийн дараа эл хавдрын тохиолдол бүртгэгдэж байна. Нэгдүгээрт, элэг, цөс, хоёрдугаарт, ходоодны хорт хавдар бүртгэгддэг. Харин бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар зургаадугаарт бичигдэх боллоо. Энэ бол маш хоруу чанартай өвчин. Жил ирэх тусам л нэмэгдэх хандлагатай байна. Харамсалтай нь, манайд хорт хавдрууд ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож, гэдэсний түгжрэл хэлбэрээр нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд ирэх нь түгээмэл. Тиймээс бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдартай гэж оношлогдож, түгжрэл үүсэн, амь насны заалтаар яаралтай хагалгаанд орсон өвчтөнүүдийн амьдралын чанар, мэс заслын эрсдэл, учирч болох хүндрэлүүдийг судлахаар зорьсон юм. Мөн энэхүү судалгаагаар дамжуулан бид яагаад хожуу шатанд оношлогдоод буй шалтгааныг тодруулахыг хичээлээ. Жишээлбэл, иргэдийн мэдлэг, хандлага дутмаг, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдахаас зайлсхийж байна уу гэх мэт. Түүнчлэн мэс заслын дараах эмчилгээ хэр үр дүнтэй байна, цаашид бид юуг сайжруулах шаардлагатайг тодорхойлохоор энэ талаар судалж эхэлсэн.
Ер нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг аль болох эрт илрүүлж, мэс засал хийлгэх нь чухал. Ингэснээр хавдар дахих эрсдэл ч буурна. Харин хожуу буюу дөрөвдүгээр шатанд нь оношилсон тохиолдолд хавдар дахих магадлал өндөр байдаг. Тухайлбал, нэг жилд 100 хүн бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал хийлгэлээ гэж бодоход 10 хүрэхгүй хувь нь л амьд үлддэг. Ялангуяа ургацаг үүссэн бол цаг алдалгүй авхуулах шаардлагатай. Нэг сантиметр болон түүнээс дээш хэмжээтэй ургацаг хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж үздэг.
-Монголд бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тохиолдол нэмэгдсэн гол шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс нь юу бол?
-Сүүлийн 20 жилд бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тохиолдол 10 дахин нэмэгдсэн. Жилд дунджаар 380-400 тохиолдол бүртгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, жил ирэх тусам л нэмэгдээд байгаа. Үүнд биеийн ерөнхий индекс чухал нөлөөтэй. Нэг ёсондоо илүүдэл жин тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэсэн үг. Мөн хүмүүсийн хооллолт буюу амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн. Бид маш их мах хэрэглэдэг. Их хэмжээний мах хэрэглэнэ гэдэг ходоодонд бо лон бусад эрхтэнд ирэх ачааллыг нэмнэ. Мах бол хоол боловсруулах эртхэнд хамгийн удаан задардаг. Өдөрт 150-300 граммаас дээш мах хэрэглэх нь хорт хавдрын эрсдэлийг нэмдэг гэсэн тоон үзүүлэлт ч бий. Бас хүн амын насжилт уртассантай холбоотойгоор хавдрын тохиолдол нэмэгдэж байна. Уг нь 50-иас дээш насныхан бүдүүн, шулуун гэдсээ заавал дурандуулах ёстой. Гэтэл манайд 50-иас дээш насныхан дурангийн шинжилгээнд төдийлөн ордоггүй. Дийлэнхдээ бие нь тавгүйрхэж, зовуурьтай болсон үед л эмчид ханддаг. Энэ нь унтуулгагүй хийхэд жаахан төвөгтэй шинжилгээ. Тухайн хүнд эвгүй, тухгүй мэдрэмж төрүүлдэг болохоор манайхан дурангийн шинжилгээнд бага хамрагддаг байх.
Түүнчлэн бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь архи, тамхины зохисгүй хэрэглээ, өнөөх л амьдралын буруу хэвшил. Үүнээс гадна удамшил тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Тухайлбал, гэр бүлийн нэг хүнд бүдүүн гэдэсний ургацаг оношлогдвол бусад нь ургацагтай болох магадлал өндөр. Харин ургацгийг авхуулахгүй удвал хорт хавдартай болно. Тиймээс бүдүүн гэдсээ дурандуулж, тэдгээр ургацгийг илрүүлэн, оношилсноор хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой.
-Эл хавдрын шинэ тохиолдол энэ онд хэд бүртгэгдэв?
-Дээрд дурдсанчлан нэг жилд 400 орчим тохиолдол бүртгэгдэх болсон. Үүнээс 73-75 хувь нь 3-4 дүгээр шат буюу хожуу үедээ оношлогдож байна.
-Бүдүүн, шулуун гэдэсний хавдартай болсон тохиолдолд голчлон ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хорт хавдар эрт үедээ бол төдийлөн шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ тухайн хүн сайн анзаарвал өтгөн үе үе цусны судалтай гардаг. Энэ нь уруудах болон шулуун гэдэсний орчимд түгээмэл тохиолддог. Өсөх болон хөндлөн гэдэсний орчимд хавдар байгаа тохиолдолд өтгөн хар өнгөтэй гарна. Хар өнгөтэй гарна гэдэг хавдар байна гэсэн үг. Ингэж явсаар өтгөний гарц муудах, шингэнээр гүйлгэх, турах, ядрах, хэвлий дүүрэх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Идсэн, уусан зүйлсээрээ бөөлжиж эхэлнэ. Улмаар гэдэсний цоорол үүсэж, амиа алдах эрсдэлтэй. Энэ нь мэс засал хийхэд бүр л төвөгтэй болгодог. Зөвхөн манай тасагт л гэхэд гэдэс түгжирсэн шалтгаанаар 8-10 тохиолдол бүртгэгдэн, бүдүүн гэдэсний хорт хавдар илэрсэн. Харин хожуу шатанд түгжрэлийн шинж тэмдэг давамгайлдаг. Үүнд өтгөн хатах, хий удаан гарах, дүлэх, гүйлгэлт зогсохгүй байх нь түгээмэл. Ер нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг ихэвчлэн хожуу шатандаа илэрдэг гэсэн үг. Анхдагч бөгөөд хамгийн чухал шинж тэмдэг нь өтгөнд далд хэлбэрийн цус илрэх юм. Хэрэв та өөрийн өтгөнөөс далд цус илрүүлбэл бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ заавал өгөх хэрэгтэй.
Энэ хавдар нь тухайн хүний архаг хууч өвчинд суурилан үүсдэг. Тухайлбал, бүдүүн, шулуун гэдсэнд үүссэн ургацаг, ургацаг төст өвчин, шархлаа, колит, кроны өвчин, эсвэл өтгөн удаан хугацаанд хатсанаар хавдартай болно.
Өтгөнөө өдөр бүр гаргадаг бол хоол боловсруулах үйл ажиллагаа сайн байна гэсэн үг. Сүүлийн үед өтгөн хатах зовуурьтай хүн олон болсон. Энэ нь бүдүүн гэдэсний өөрийн бүтцээс гадна жин болон өөх, тосны илүүдэл, шарсан хуурсан хоол идэж байгаатай холбоотой. Наанадаж, өглөө өндөг, зайдсаа тосонд шарж иддэг шүү дээ. Ер нь шарсан хуурсан хоолны хэрэглээ маш өндөр байна. Мөн ажлаа тараад орой 20.00- 22.00 цагт хоолоо иддэг хүмүүс ч бий. Ингэхдээ нэг дор маш их хэмжээгээр иддэг. Цадчихаад л ходоодоо дүүргээд идээд байна гэсэн үг. Энэ нь шүүрлийн үйл явцыг алдагдуулж буй хамгийн том хүчин зүйл. Үүнтэй холбоотойгоор жингийн илүүдэл, цөс, нойр булчирхай болон бусад төрлийн хоол боловсруулах замын өвчин тусаж байна. Ингэж явсаар 20-30 жилийн дараа хорт хавдар үүсгэх үндсэн хүчин зүйл болдог. Мөн бүдүүн гэдсэнд тодорхой хэмжээний ашигтай бактери байх ёстой. Хүний биед ашигтай бактери хэзээ ч илүүддэггүй бөгөөд хэвийн түвшинд нь байлгах хамгийн хялбар арга бол эрүүл, зөв, тэнцвэртэй хооллох юм. Шаардлагатай тохиолдолд ашиг¬тайбактерийг нэмэлт бэлдмэл хэлбэрээр х¬э¬рэг¬лэжболно. Үүнээс гадна өглөөний цайгаа тогт¬молуух нь аливаа өвчин, эмгэгээс өөрийгөө хам¬гаалах энгийн бөгөөд чухал алхам юм.
Ер нь бидний дархлаа хэдий чинээ сайн байна тэр хэрээр үрэвсэлт болон бусад өвч¬лөлд идэвхтэй хариу үйлдэл үзүүлж чадна. Тий¬мээс зөвхөн бүдүүн гэдэснээс гадна хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог ходоод болон шүд ч эрүүл байх учиртай.
-Манайхан бүдүүн, шулуун гэдэсний эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй. Дуранд ордог хүн ч ховор гэдэг. Тэгэхээр эмчлүүлэхгүй удах, эсвэл дурангийн шинжилгээг хойшлуулж, дур мэдэн эмчилгээ хийх нь ямар эрсдэлтэй талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Ер нь манайхан дурангийн шинжилгээнд маш бага хамрагддаг. Хөндийт эрхтнийг дурангаар шинжлэхийн тулд бохир орчныг цэвэрлэх туулга хэрэглэдэг. Үүнд хүмүүс жаахан дурамжхан ханддаг. Дурангийн шинжилгээгээр эрхтнийг дотроос нь харна. Энэ үед гэдэс дүүрэх болон базлах гэх мэт зовуурь илэрдэг. Бүдүүн гэдэс дурандахад цаг хугацаа ч их ордог. Мөн унтуулгагүй дурандууллаа гэхэд тааламжгүй мэдрэмж төрөх нь бий. Уг нь орчин үед бараг л бүх эмнэлэг унтуулгатай дурдах боломжтой болсон. Гэхдээ улсын болон хувийн эмнэлгүүдэд дараалал их байдгаас үүдэн тэр бүр унтуулгатай дурандаж чадахгүй байгаа. Бас хүмүүсийн олонх нь эхо, компьютер томографаар оношлох боломжгүй юу гэж асуудаг. Ходоод, бүдүүн гэдэс гэх мэт хөндийт эрхтнийг заавал дурангаар оношлуулах шаардлагатай.
Эрт илрүүлгийн хөтөлбөрт ч бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд чухал арга бол дурангийн шинжилгээ байдаг. Хэдийгээр хүмүүс энэ шинжилгээнээс цааргалах тохиолдол их ч 50-иас дээш насныхан заавал дурандуулах шаардлагатай. Ингэснээр хорт хавдраас 100 хувь урьдчилан сэргийлж чадна. Түүнчлэн удамшлын, эсвэл өөр шалтгаант өвчинтэй, эсэхээ тодорхойлуулаад, дараагийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах бүрэн боломжтой. Харин нэгэнт хавдартай болж, түгжрэл үүссэн бол мэс засал хийсний дараа ч дахих эрсдэл өндөр.
-Тэгэхээр бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраас уртдчилан сэргийлэх хамгийн зөв арга бол дурандуулах байх нь.
-Тийм ээ. Үүнээс өөр сэргийлэх арга зам байхгүй. Аав, ээж тань хэдийн 50 гарсан хүмүүс байдаг бол тэднийгээ хоёр жилд нэг удаа бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хамруулах нь зөв. Ингэснээр ядаж л ургацаг, эсвэл янз бүрийн шархлаа бий юү гэдгийг нь мэдэж болно. Мөн хавдар тусах эрсдэлтэй, эсэхийг нь тодорхойлно шүү дээ. Үндсэндээ эмчилгээгээ эрт эхлүүлж гэмээнэ урьдчилан сэргийлэх боломжтой. Манай улсын заавар, зөвлөгөөнд 45-аас дээш насныхан бүдүүн гэдсээ заавал дурандуулах хэрэгтэй гэж заасан байдаг. Харин дэлхийн стандарт нь 50-иас дээш насандаа бүдүүн гэдсээ дурандуулах шаардлагатай гэж зөвлөдөг юм. Учир нь бидний дундаж наслалт Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад залуу болохоор тэр шүү дээ.
-Аймаг, орон нутгийн иргэдэд бүдүүн гэдсээ дурандуулж, эмчилгээ, үйлчилгээ авах боломж хэр хангалттай байдаг вэ?
-21 аймгийн дийлэнхэд нь бүдүүн гэдэсний дурантай. Дурангийн эмч нар ч бий.
-Монголд хавдрын мэс засал эмчилгээ дэлхийн дундаж түвшнээс хоцрогдож байна уу. Эсвэл зарим чиглэлээр гүйцэж эхэлж байна уу. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг бол?
-Манайд дэлхийн түвшнээс хоцрогдсон зүйл одоогоор байхгүй. Хамгийн гол нь хожуу шатандаа оношлогдож буй учраас эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн ч дахих эрсдэл өндөр байна. Харин тухайн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх мэдлэг, боловсролтой мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмж, бидэнд бий. Тиймээс иргэдийн хандлагыг өөрчилж, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал юм. Ер нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ зөвхөн эмч нараас эхлэхгүй. Үүнд иргэд, эмч, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн боловсрол олгох хүмүүс гээд бүгд чухал үүрэгтэй. Ингэснээр ирээдүйд гарах эрсдэлүүдийг бууруулж чадна.
У.Цэцэгсүрэн