“Өмнө нь бид шар сүүгээ зүгээр л асгадаг, эсвэл малдаа өгдөг байлаа. Харин өдгөө тэрхүү хаягдал шар сүү бидний орлогын эх үүсвэр болсон” хэмээн ярих эмэгтэй бол Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Дунгийн салхи” хоршооны дарга И.Ариунбат юм. Дорнын уудам талд ийм нэгэн “хүнсний хувьсгал” нам гүмхэн өрнөж байна. Монголчууд бидний хувьд мал аж ахуй бол нүүдлийн оршихуйн үндэс суурь, соёл, уламжлалыг хадгалан авч яваа үнэт өв. Энэ салбар эдийн засгийн тулгуур, хүн амын амьжиргааны эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа болдог гээд тоочоод барахгүй олон үр өгөөжийг бидэнд өгдөг. Гэвч харамсалтай нь, хажуудаа байгаа эрдэнээ анзаардаггүйтэй адил суурин иргэншилд хошуурсан монголчууд дээр дооргүй мал аж ахуйн салбараа мартаад байх шиг.
Зах зээлийн орон зайгаа дагаад хөдөөгийн малчид ч хот, аймгийн төв рүү нүүж, нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, арга ухаан бүдгэрч буй энэ үед Дорнод, Завхан зэрэг баруун, зүүн бүсэд малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй “Дунгийн салхи”, “Цэцэн хайрхан, Цэгээн нуур” хоршооны эмэгтэйчүүдийн санаачилга “сэрүүлэг” болж байна гэлтэй.
Монгол малын цэвэр сүү, цагаан идээ нь олон төрлийн амин хүчил, эрдэс бодисоор баялаг. Тухайлбал, манайд бод 60-70, бог мал 300400 төрлийн ургамлаар хооллодог бөгөөд энэ нь сүүний уургийг бүрдүүлдэг 20 гаруй төрлийн амин хүчлийг өөртөө агуулдаг аж. Ялангуяа өндөр уулын бүсийн сарлагийн сүү нь омега-3 болон селенээр баялаг тул хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй хэмээн судлаачид үздэг. Гэвч хүн бүр малчны хотонд очоод цэвэр сүү уух боломж хязгаарлагдмал. Тиймээс авч явахад авсаархан, байгальд болон эрүүл мэндэд ээлтэй шар сүүн чихрээр дамжуулан уураг, амин хүчлийг хүмүүст хүргэх зорилгоор “Дунгийн салхи” хоршооныхон өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлжээ.
ГАШИЛСАН СҮҮГЭЭ АСГАДАГ ЦАГ АРД ХОЦРОВ
Хэтрүүлэн хэрэглэвэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний тоонд чихэр ордог нь нууц биш. Чихэр нь дархлааг сулруулж, шим тэжээлийн дутагдалд оруулахын зэрэгцээ жингийн илүүдэлтэй болоход голчлон нөлөөлдөг байна. Мөн чихрийн шижин тэргүүтэй олон өвчний эх үүсвэр болдог. Гэвч хүн төрөлхтний дунд чихрийн агууламжтай бүтээгдэхүүнд донтох эмгэг түгээмэл илэрсээр л байна. Тэгвэл “Дунгийн салхи” хоршооныхон ямар ч химийн нэмэлт бодис, өнгө будаг, транс тос, тогтворжуулагч, өтгөрүүлэгч агуулаагүй, малын цэвэр шар сүүгээр үйлдвэрлэсэн чихрийг зах зээлд нийлүүлж, амттаны ертөнцөд хувьсгал хийгээд байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хямд үнэтэйгээс гадна чихэрт дурлагсдын таашаалд нийцсэн, эрэлт ихтэй амттан болоод буй юм. Хэлбэр, хийцийн хувьд хүүхдүүдэд зориулсан иштэй чихэр, бэлэг дурсгалын ууттай амттан зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг шар сүүгээр хийж хэрэглэгчдэд хүргэж буй бөгөөд нэг кг нь 45 мянган төгрөгийн үнэтэй. Өөрөөр хэлбэл, гашилсан сүүг асгадаг цаг ард хоцорч, оронд нь эко чихэр үйлдвэрлэдэг болжээ.
Шар сүүний чихэр нь уургийн агууламж өндөр, D, B-гийн төрлийн витамин, цайр, кали, кальци зэрэг ашигтай эрдэс бодис агуулдгаараа давуу талтай. Хамгийн гол нь энгийн хатуу чихэртэй харьцуулахад сахрын агууламж хоёр дахин бага гэдгээрээ онцлогтой. Мөн шар сүү нь хурдан шингэдэг бөгөөд хүний биеийн бодисын солилцоонд хурдасгуур (катализатор)-ын үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

ӨДРИЙН УУРГИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ “TUMEN JERKY”-ГЭЭР БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын төвд эмэгтэйчүүдийг дэмжих танхим бий гэнэ. Тэнд “Дунгийн салхи” хоршооны гишүүд цаашдын төлөвлөгөөгөө гаргаж, сургалтад хамрагдах зэргээр сард нэг удаа цугладаг. Тус хоршооны үнэт зүйл нь уламжлалт өв соёлыг хоол хүнсээр дамжуулан үр хойчдоо таниулах бөгөөд зүүн аймгийн брэнд болсон үзэмчин цай, бусад амтат хоолоор үйлчилдэг кофе шоп ажил-луулдаг юм байна.Үүний зэрэгцээмонголмалыншимтмахыг борцлох, амталж хатаах зэргээр боловс-руулсан бүтээгдэхүүн болон цагаан идээ үйлдвэрлэдэг. Эл хоршоонд өдгөө 36 өрхийн 129 гишүүн нэгдсэн бөгөөд малын гаралтай түүхий эдийг чанар, стандартын шаардлага хангасан байдлаар бэлтгээд сурчихсан, түүнийгээ зах зээлд өндөр үнээр борлуулсаар иржээ. Тус хоршооныхон малын гаралтай түүхий эдийг чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгон зах зээлд ний-лүүлэхдээ зөвхөн чихэр хийгээд зогсохгүй “Баянтүмэн” брэндийн борц, “Tumen jerky” буюу үхрийн амталж хатаасан мах зэргээр үйлчилдэг. Тэдний үхрийн гуяны цул махыг ашиглан хийсэн “Tumen jerky”-г шинжилгээнд хамруулахад уургийн агууламж 73.1 хувьтай гарсан аж. Энэ нь хүний өдөрт авах ёстой уургийг бүрэн хангахуйц өндөр чанартай бүтээгдэхүүн болохыг баталжээ. Үүнээс гадна жимсээр өнгө оруулсан ааруул, хайлмаг, өглөөний цайнд зориулсан “нүдэн” шар тос зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээр орон нутгийн төдийгүй нийслэлийн хэрэглэгчдийг хангаж байна. Түүнчлэн “Адапт” төслөөс өгсөн 20 тоннын багтаамжтай хөргүүртэй чингэлэгтээ зун нь мах хямд үед нөөцөлж аваад ханшийн өсөлтөд өртөхөөргүй болжээ.
Эмэгтэйчүүдийн хамтын хүчээр байгуулсан “Дунгийн Салхи” хоршоо бол малын гаралтай түүхий эд тэр дундаа шар сүүг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, хөдөөгийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлж буй бодит жишээ юм. Малаас хаягдал үгүй гэдгийг батлан харуулж буй энэ хоршооны гишүүд өрхийн жижиг үйлдвэрлэлээс эхлэн зах зээлд хүч сорихоор хичээнгүйлэн суралцаж, ур чадвараа дээшлүүлсээр байна. Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлж буй нь орон нутгийнхны эдийн засаг, нийгмийн хөгжил шат ахиж байгаагийн тод илрэл билээ.

ӨӨХИЙГ Ч ҮНЭД ХҮРГЭЖЭЭ
Говь, хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой Завхан нутагт уйгагүй хөдөлмөрлөж суугаа малчдын төлөөлөл бол “Цэцэн хайрхан, Цэгээн нуур” хоршооныхон. Анх ердөө есөн эмэгтэй нэгдэн хоршоо байгуулж, малын түүхий эд дундаас хамгийн ихээр үнэгүйдэн хаягддаг дотор өөхийг ахуйн саван болгож, борлуулах санаачилга гаргасан нь бодит ажил болж өдгөө үр өгөөжөө өгсөөр байна.
“Цэцэн хайрхан, Цэгээн нуур” хоршооны дарга Я.Нарангэрэл “Бид малын гаралтай түүхий эд дотроос хамгийн ихээр хаягдаж буй дотор өөхийг үнэд хүргэж, саван үйлдвэрлэж байна. Ингэхдээ саван хийхэд шаардлагатай материалуудаа “Адапт” төслийн тусламжтай авчруулсан. Нэг сарын дотор 4500 орчим саван хийж, зөвхөн сум төдийгүй аймгийнхандаа ч борлуулан, 2.5 сая төгрөгийн орлого олсон. Эдийн, гоо сайхны болон хүүхдийн саван үйлдвэрлэж байна. Мөн хүүхдийн савангаа илүү өнгө үзэмжтэй, сонирхол татахуйц болгохын тулд жижиг тоглоом, саа зэргийг түүхий эдийнхээ дунд хийж үйлдвэрлэдэг. Тоглоомтой саван гэхээр хөөрхөн байгаа биз” хэмээн ярив.
НЭМЭЛТ БОДИС АШИГЛАДАГГҮЙ ТУЛ ХАРШИЛ ӨГӨХГҮЙ, БАС БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ
Эл хоршооныхон шүлт, өөхөн тос, нэрмэл ус зэргийг ашиглан эдийн саван хийдэг бөгөөд 3500 төгрөгийн үнэтэй. Ингэхдээ ямар нэгэн химийн бодис ашигладаггүй тул харшил өгөхгүйгээс гадна хувцасны хир буртаг, тосны толбыг торолгүй арилгадгаараа давуу талтай аж. Тэд өдгөө байнгын үйлчлүүлэгчид болсон бөгөөд сумын төвийн дэлгүүрүүдэд байршуулахад хоёр хонохгүй дуусдаг гэнэ. Харин гоо сайхны савангаа наран цэцгийн болон сүүлэн тосоор хийдэг юм байна. Хоршооны гишүүд ингэж саван борлуулж, олсон орлогоороо торго, бөс бараа худалдан авч, өнгө үзэмж, ур ухаан шингэсэн үндэсний хувцас урладаг. Түүнийгээ дотоодын болон гадаадын хэрэглэгчдэд ч хүргэдэг бөгөөд даавууны өөдсөө ч хүртэл ашиглан, дэр хийдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, Монголын хөдөөд эмэгтэйчүүд бичил бизнесийн ачааны хүндийг үүрч, ач тусыг нь хүртэж байна. Тэд уламжлалт мэдлэгээ орчин үеийн бизнесийн арга барилтай хослуулж, байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн соёлыг бий болгож буй нь хөдөөгийн хөгжлийн тод жишээ билээ.
Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ бол зүгээр нэг тодорхойлолт бус, монголчуудын оршихуйн утга, соёл, түүхийн илэрхийлэл юм. Дэлхийд 200 гаруй улсын найман тэрбум орчим хүн амьдран суудгаас 40 орон нүүдлийн болон хагас нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Тэдгээрээс нүүдлийн мал аж ахуйн хэв шинж, уламжлалаа төгс хадгалан үлдсэн нь Монгол гэхэд буруутахгүй. Нүүдлийн мал аж ахуйг хүн төрөлхтний үйлдвэрлэл явуулах анхны хэлбэр ч гэж үзэх нь бий. 298 мянга гаруй малчны хөдөлмөрийн үр дүнд бий болсон мах сүү, ноос, ноолуур, арьс шир зэрэг түүхий эдэд суурилсан хэдэн арван үйлдвэр, хүнс, түүхий эдийн зах, худалдааны төвүүд нь өдгөө олон хүнийг ажлын байраар хангажбайна.Тэгвэл баруун, зүүн аймагт үйл ажиллагаа явуулж буй “Дунгийн салхи” болон “Цэцэн хайрхан, Цэгээн нуур” хоршооныхон хаягдал сүү, дотор өөхийг үнэт баялаг болгон хувиргаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнийг зүгээр нэг жижиг бизнес бус, байгальд ээлтэй, тогтвортой амьдралын шинэ “загвар” гэж болох юм. Монгол малын үр шимийг бүрэн ашиглаж, хаягдалгүй үйлдвэрлэл эрхэлж, орон нутагт ажлын байр бий болгож буй эмэгтэйчүүдийн гараас хөдөөгийн шинэ хөгжил эхэлж байна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (Адапт) төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн сурвалжлагчдын корпусын гишүүдийн дунд зохион байгуулсан “Малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй сайн туршлага” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.
У.Цэцэгсүрэн