УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар гишүүн С.Ганбаатарын санаачилсан Үндсэн хуулийн цэцэд санал гаргах тухай асуудлыг үргэлжлэн хэлэлцэх байв. Бүрэн эрхийнхээ дөрвөн жилд ямар ч хэргээр хууль, хяналтын байгууллагад гишүүдийг шалгадаггүй байх агуулга үүний ард бий юм. УИХ-ын тухай хуулийн 45.2, 45.3 дахь гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн, мөн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх гэж буй бол ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг парламентад оруулах заалт нь Үндсэн хуулийн 29.2 дахь “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалттай зөрчилдөж байна гэж С.Ганбаатар үзсэн учраас парламентын нэрийн өмнөөс Цэцэд хандах арга бодож олжээ. Үүнийг Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн. Үүгээр АН-ын бүлэг баасан гарагт гурав хоногийн завсарлага авсан нь дууссан тул үргэлжлүүлэн санал хураах байв.
“Гахай давуу эрхтэй” байхыг УИХын олонх дэмжих, эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж буй. Дээрх саналтай холбогдуулан зөвхөн хурал даргалагч Б.Пүрэвдорж л үг хэлэв. Тэрбээр гишүүний суудалдаа сууж байгаад “Эрүү¬ гийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4-ийн 1.3 дахь хэсэгт тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол”, 34.17.4-т “Шүүх хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцсэн, эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэсэн хоёр тодорхой заалт бий. Энэ бол УИХ-ын гишүүнийг хуулийн байгууллага шалгаж, хэрэг үүсгэсэн, эсвэл шүүхээр шийдээд явж байх нөхцөлд уг асуудлаар Цэцэд маргаан үүсгэвэл бүгд зогсоно гэсэн үг. Дараалаад 4-5 удаа сонгогдоод байвал тухайн хэрэг нь тэр хугацаагаар гацна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэчхээд шийдэхгүй орхичихдог, хэдэн жилээр хойшлуулж буй тохиолдол бий. Тэгвэл УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийчхээд л бүрэн эрхийнхээ цаана хэдэн ч жилээр нуугдаад явах боломжийг бий болгоно. Тиймээс энэ бол парламентын нэр хүндийг унагах, олон нийт маш их дургүйцэх асуудал шүү” гэсэн юм.
Ингээд санал хураах гэсэн ч ирцээ бүртгүүлсэн 70 хүнээс цөөхөн нь л танхимд байв. Тиймээс С.Ганбаатарын гаргасан санаачилгаар өнөөдөр санал хураахаар болж хойшлууллаа.