Хүний оюуныг шатар, даамаас дутахааргүй хөгжүүлдэг төрөл бол спорт өрөлт. Энэхүү спорт тоглоом нь АНУ-д 1980 онд анх үүсэж, өдгөө дэлхийн 54 орны 45 000 гаруй сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт багтдаг болжээ. Тоглох арга барил, техник нь зориулалтын 12 ширхэг хуванцар аягыг тусгай дарааллын дагуу хамгийн богино хугацаанд дээр дээрээс нь давхарлан өрж, буцааж хураах үйл явц юм. Үүгээр хичээллэх явцад 70 гаруй булчин зэрэг ажилладаг тул биеийн хоёр талын чадвар эн тэнцүү хөгждөг. Түүнчлэн хоёр гарыг тэнцвэртэй ашигладаг болохоор ухамсар, анхаарал, бүтээлч сэтгэлгээ болон хэмнэлийг мэдрэх чадварыг хариуцдаг тархины баруун талын бөмбөлгийг хөгжүүлэх онцгой нөлөөтэй. Спорт өрөлтөөр хичээллэхэд нас хязгаарладаггүй тул хүн бүр сурах боломжтой. Эл спортын давуу тал ньтэмцээнийг хөгжилтэй, өрсөлдөөнтэй, сонирхолтой болгодог тул үзэгч олонтой байдаг.
Сонирхуулахад, Спорт өрөлтийн өсвөр үе, насанд хүрэгч, ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өмнөд хөршийн Далянь хотод болж өндөрлөлөө. Дээрх тэмцээний финалд шалгарсан Монголын тамирчдаас Ч.Чингүүн 10 хүртэлх насныхны хөвгүүдийн ангилалд ганцаарчилсан 3-6-3, ганцаарчилсан цикл төрөлд тус бүр тэргүүлэв. 14 хүртэлх насныхнаас З.Ирмүүн эл хоёр төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Насанд хүрэгчдийн ангилалд М.Ганцэцэг (35 нас) ганцаарчилсан 3-3-3 төрөлд III, цикл төрөлд дэд байр эзэллээ.Ахмадын ангилалд Д.Гандолгор (55 нас) дээрх хоёр төрөлд хүрэл, мөнгөн медаль гарджээ. Энэ удаа тивийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдсөн оролцогчдоос ганцаарчилсан 3-3-3 төрөлд А.Руслан (10), ганцаарчилсан 3-6-3 төрөлд Л.Отгонзаяа хүрэл, цикл төрөлд Ч.Удвал (6), Д.Энхжүүн (7-8), Б.Маргад-Эрдэнэ (9), А.Баясгалан (10), Н.Энгүүн (11), З.Эрдэнэбаяр (15-18 нас) нар хүрэл медаль зүүв. Манайхан хошой алт, найман мөнгө, 19 хүрэл нийт 29 медаль хүртсэн нь Азийн орнуудын анхаарлыг татжээ. Эл спортын мэргэжилтнүүд спорт өрөлт хамгийн хурдацтай хөгжиж буй улсаар Монголыг онцолж, БНХАУ-д ирэх жилийн зургаадугаар сард зохион байгуулах олон улсын нээлттэй тэмцээнд урьсан байна.