Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баруун есөн аймагт албан томилолтоор ажиллан иргэдтэй уулзах үед ажлын байр хүссэн, тэр дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хүн олон байсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар онцгойлон ярьж, асуудлыг системтэйгээр шийдэх үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус өглөө.
Ингэснээр орон нутгийн залуус Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч мэргэжил эзэмшиж, улмаар Оюутолгой төсөлд ажиллах боломж нээгдэж байна. Оюутолгой ХХК манай иргэдийг ажлын байртай болгоход зориулж гурван жилийн хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн 3300 хүнд мэргэжил эзэмшүүлэх юм. 2010-2011 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн материаллаг баазыг бүрдүүлэх, сургалтын болон дотуур байрны зардал, суралцагчдад тэтгэлэг олгоход дээрх мөнгөнөөс зарцуулна.
Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилчдыг Оюутолгой төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа уул уурхай, зам, төмөр зам, аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллуулах талаар Оюутолгой ХХК-тай ярьж тохирохыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Түүнчлэн ажилгүй иргэдийг нэмж сургах боломжийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бүрээр тооцож, аймаг, нийслэлээс суралцах ажилгүй иргэдийн тоог нарийвчлан гарган, суралцагчдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг тогтоох болж байна. Ажилгүй иргэдийг сургалтад хамруулахдаа урьдчилан нарийн судалгаа гаргаж, бэлтгэлээ бүрэн хангасны дараа өндөр хэмжээнд зохион байгуулан, сургалтад хамрагдах иргэдийг “Илгээлтийн эзэд”-ийн нэгэн адил тооцож дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм.
Оюутолгой төсөлд ажиллах гадаадын мэргэжилтэн, ажиллах хүчний тоог жил бүр тогтоохдоо Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог тус компаний монгол ажилтны тоонд оруулан тооцож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Одоогийн байдлаар Оюутолгой төсөлд 4366 хүн ажиллаж байгаагийн 1618 нь гадаадын, 2748 нь монголчууд юм. Оюутолгой төсөл нь дотроо барилга, ган хийц, механик, цахилгаан, дамжуулах хоолой зэрэг бүх салбарыг багтаасан дэд төсөлд хуваагдсан.
2012 он гэхэд ил уурхай ажиллаж жилийн дараа баяжмал үйлдвэрлэж эхлэхээр тооцоолж байна. Энэ жилдээ багтан суурийг нь тавьж, ирэх хавар ган хийцийг босгож, механик, цахилгаан, дамжуулах хоолойн хэрэгслийг суурилуулахаар төлөвлөжээ.