Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 оны 2 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 14877 өргөдөл гомдол ирсний 96.6 хувийг барагдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.0 хувиар нэмэгджээ. Нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.6 хувьтай байна.
Иргэд төрийн захиргааны төв байгууллагад хандан ихэвчлэн гэр, орон сууцаар хангах, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал хүсчээ. Харин нутгийн захиргааны байгууллагууд малгүй болсон малчдын нийгмийн асуудал, банкны зээлийг хөнгөлөх, ажлын байр, мөнгөн тусламж, газар эзэмших, гэр, орон сууцтай болоход хөнгөлөлттэй зээл үзүүлэхийг хүссэн өргөдөл хүлээн авсан байна