Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн эргэлтүүдийн цэгүүд, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон цэг, ойн сан бүхий газрын хилийн газарзүйн солбицолыг тогтоосон ажлын хэсгийн тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл нь цуцлагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох нөхөн олговрын тухай журам боловсруулж 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болголоо.
Энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд 3335 талбайн 2833700 газарзүйн цэгийн солбицолыг тогтоож зурагт буулгасан байна. Улсын хэмжээнд 2007 онд гадаргын усны тоо бүртгэлээр устай бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойромын 71,6 хувийг хамруулж, энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ.
Энэ ажлын хүрээнд 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамж гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд авч нэгтгэсэн байна. Хамгаалалтын бүсийг байршил, геологийн тогтоц зэргээс нь хамаарч хангайн уулархаг нутагт 200-500 м хүртэл, тал хээр, говьд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн газарзүйн солбицолыг хэмжиж баталгаажуулжээ.
Хамгаалалтын бүс тогтоох ажилд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн 483 албан хаагч, иргэн оролцон, ажлын 54 хэсэг гарч 2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн 60 гаруй хоног ажилласан байна