2008-2012 оны Монголын Парламент өмнөхөө бодвол хэлэх юмтай, хийсэн зүйлтэй гэж болох хоёр жилийг үдэж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Тавантолгойн гэрээг үзэглэх өдрийг наашлуулж, төмөр замын бодлого, Шинэ бүтээн байгуулалт үндэсний хөтөлбөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаарх УИХ-ын шийдвэрийг баталж, тэдгээрийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгөөд буй. Яндаж болшгүй далай шиг баялгаа чулуу болгох Сайншандын хүнд аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг Ерөнхий сайдын тэргүүлсэн Ажлын хэсгийнхэн одоо боловсруулж байгаа гэсэн.'
Энэ нь хэрэлдэж, уралцдаг араншинтай МАХН, АН-ынхан гэмээ ухаарч, хамтарсаны үр дүн буюу. Бид эх орноо хөгжүүлэх нэг л зорилготой, харин түүнд өөр өөр замаар хүрнэ гэж намууд тайлбарладаг. Тэгвэл тэнд нэг замаар очиж болохыг ойлгож эхэлсэн нь сайн хэрэг.
Тиймдээ ч алт сандайлсан гуйлгачин хочоосоо салах их бүтээн байгуулалт, зарим онолчдын хэлдэгээр эрчимтэй хөгжих шав сууриа Монголын төр, засаг тавиад эхэллээ. С.Баярын санаачилсан эв эеийн жимээр МАХН, АН-ын дарга С.Батболд, Н.Алтанхуяг нар дөрөө харшуулж явна. Сайхан зорилгын төлөө саад багатай яваа ч Монголын улс төр, намуудад төлөвшил бий болгох, сонгуулийн ардчилсан, шударга ёсыг бэхжүүлэх, Парламентын сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн асуудлаар намууд харин санал зөрөлдөөнтэй байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт өмнө минь байна.
Түүнд, “Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг нарын 12 гишүүн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж 2010 оны дөрөвдүгээр сарын 9-нд өргөн мэдүүлсэн. УИХын сонгуульд олон жил баримталж ирсэн мажоритар буюу олонхийг төлөөлөх аргыг хэрэглэж байгаа нь одоогийн нөхцөлд тохирохгүй болсон, сонгуулийн санхүүжилтэд тавих хяналтыг боловсронгуй
болгох, Парламентын төлөөллийг хангах, сонгогчдын саналыг бүрэн тусгах зорилгоор хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгон авах шаардлагатай байгаа зэрэг нь уг хуулийг өөрчлөх үндэслэл болжээ. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүн Э.Бат-Үүл, Д.Одхүү, Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар хуулийн төслийн хувь тэнцүүлэх аргад нийцүүлэн нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг дэмжиж өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
Д.Энхбат, С.Оюун нар хуулийн төсөлд нийт хүчинтэй саналын тооноос босго долоон хувийг тооцохоор тусгасан болон долоогоос дээш хувийн санал авсан нам, эвсэлд авсан саналтай нь хувь тэнцүүлэн суудал хуваарилахаар заасныг 4-5 хувь болгож өөрчлөх санал гаргаж байлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн болно.
Эрхэм гишүүд ээ, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэж өгнө үү” гэжээ. Ингээд анх зорьсон ёсоор Монгол Улс нэг тойрог болж, намуудын санал болгосон 76 хүртэл нэр дэвшигчээс нэг сонгогч дэмждэг нэг хүнийхээ төлөө санал өгөх, нийт авсан саналуудаас хамгийн их дэмжлэг хүлээсэн 76 хүнээр УИХ-ыг бүрдүүлэх зарчмаар сонгуулийн шинэчлэл хийгдэх байв. Гэвч намуудын удирдах байгууллага нь дэмжсэн, УИХ дахь бүлгүүдийн дарга нарын санаачилсан төсөл бүдэрлээ. Сонгуулийн шинэчлэлийг бүдгэрүүлэх алхмыг МАХНын зүгээс анх хийв.
Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг холимог хувилбарыг дэмжих чиглэлийг УИХ дахь бүлэгтээ сүүлд өгсөн байдаг юм. Бүлгүүд дахин зөвшилцсөнөөр 50:26 буюу пропорциональ хувилбар зонхилсон тогтолцоог дэмжих хандлагатай байна. Ингээд сонгуулийн шинэчлэл цааш явах нь уу гэтэл АН-ын бүлгийн зүгээс нэгэн сэдэл гаргаж тавьжээ. Түүнийг нь МАХН болон АНын олон гишүүн эсэргүүцэх хандлагатай байгаа гэсэн. 50:26 хувилбараар сонгууль явуулсан тохиолдолд 50 нэр дэвшигчийг намууд сонгогчдод санал болгох, үгүй бол намын авсан саналд хувь тэнцүүлж гишүүддээ УИХ-ын суудлыг хуваарилах юм.
26-гийн тухайд сонгогчдын тооноос хамаарч 26 тойрог байгуулж, түүндээ мажоритар тогтолцоог хэрэглэх юм. Гэтэл АН-ын бүлгээс дэвшүүлсэн сэдэл огт өөр буюу хэсэг бүлэг лидерийн эрх ашигт зориулагдах мэтээр ойлгогдож байна. Хувь тэнцүүлэх хэлбэрээр нэр дэвшүүлэх мажоритар хувилбараар явуулах сонгуульд 26 хүн давхар нэр дэвших бололцоог АН-ын зарим удирдагч бий болгохоор зэхэж байгаатай МАХН-ынхан санал нийлэхгүй байгаа аж.
Тодорхой хэлбэл, мажоритараар явуулсан тойрогт нэр дэвшээд унасан АНын гишүүд намын авсан саналаар буюу 50 дотор багтсанаар УИХ-ын гишүүнээр сонгогдох хувилбарыг дэм үүлэхийг хүсэж байгаа аж. Аливааг таашгүй учир мажоритар тойрогт нөхөр Батаа намаасаа нэр дэвшээд уначихлаа гэж саная.
АН-д нөлөөтэй, санхүүгийн том хандивлагч тэрбээр хувь тэнцүүлсэн саналын хуудасны 50 хүний нэгд нэрээ давхар оруулчих юм байна л даа. Тойрогт өвдөг шороодсон тохиолдолд Батаа хувь тэнцүүлэх жагсаалтаар гишүүнээр сонгогдох ийм санааг АН-ын зарим нөхөд зүтгүүлж байгаа нь худлаа биш аж.
Ингэсэн тохиолдолд УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллах арвин нөөцтэй АН-д том зөрчил үүсэх нь гарцаагүй. Сонгуулийн шинэчлэл яриад овоо урагштай байтал улс төрийн зарим хүчний лидер гэх нөхөд ийн эрх тушаалын төлөө тэчъяадах болов оо, хөөрхий.
Ийм маягаар сонгуулийн хуулийг өөрчилнө гэж байгаа бол энэ чинь сонгогчдын саналыг бүрэн тусгах шударга ёс, ардчиллын төлөөх алхам биш. Харин олигархуудад зориулагдсан гишгүүр болж хувирах бус уу.
Сонгуулийн аль тогтолцоог Та дэмжиж байна вэ?
NEWS.mn. сайтын асуулгын дүн:
-Жижиг мажоритар
буюу 76 тойрог, 76 мандат:
13 хувь
-Том мажоритар буюу
26 тойрог, 76 мандат: 11
хувь
-Пропорциональ буюу
хувь тэнцүүлсэн: 61 хувь
-Холимог: 14 хувь
СЕХ-ны санал
асуулга:
-Пропорциональ: 72 хувь
-Мажоритар: 28 хувь