Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
эрбээр 50 нас хүрээгүй ч улс төрч хүний туулж болох адармаатай замаар хэдийн алхсан нэгэн. Өгсөж, сагаж, суралцаж, алдаж, ухаарч, дахин өөдөлж яваа энэ хүн бол УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр. Манай хувийн томоохон компаниудын нэг МАК-ыг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын хүү болох энэ залуу 2012 онд гэнэт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдсон юм. Хөрөнгөтэй эцгийн цөстэй хүү ийнхүү улс төр хэмээх ертөнцийн хаалгыг “өшиглөн” орж ирснээр олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Тэрбээр дэд сайдаар таван сар л ажиллажээ. УИХ-ын чуулганаар яамныхаа ажлыг хамгаалж мэдэхгүй, ихээхэн шүүмжлүүлдэг байв. Гэхдээ тухайн жилдээ Дорнод аймагт нэр дэвшин сонгогдсон юм. Үүнээс хойш улс төрийн замнал нь зогсолтгүй өсөж, 2013-2014 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуу чуудын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллалаа. 2016 онд ч улиран сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал (ХНХ)-ын сайдаар томилогдов. МАН үнэмлэхүй олонх болсон үе л дээ. Хэдий тийм ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил 89 хоног ажиллаад огцорч, Н.Номтойбаяр сул гишүүн болсон. Бүрэн эрхээ дуусгахаас жилийн өмнө түүний улс төрийн замнал, амьдралд эргэлт болох үйл явдал тохиолдох нь тэр.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү 2019 оны тавдугаар сард Төрийн ордонд нас барахад түүнтэй хамгийн сүүлд уулзсан хүн нь МАК-ын “ханхүү” болж таарсан билээ. Гэвч түүнийг энэ талаар худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгасан. Мөн ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн хэрэг ч нэмэгдэв. Харин МАН-ынхан тэр үед түүнээс нүүр буруулсан юм. Эцгийнх нь компаниас санхүүжилт авч, хариуд нь албан тушаалд томилж ч явсан биз. Гэвч ийм л юм болов. УИХ дахь бүлгийнхэн нь түүнийг өргөдлөө өгөөд шалгуулахыг ятгаж эхэлжээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг ч ерөнхий прокуророос ирүүлээд байсан юм. Гэвч өнөөх нь “Намайг улс төрийн хонгилоор чирэх нь, гүтгэж байна” хэмээн эсэргүүцсээр байв. 2020 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооныхон хуралдаж, түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжлээ. Нэгдүгээр сарын 29-нд МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаад, түүнийг намын гишүүнээс “хөөх” нь тэр. Маргааш нь нэгдсэн чуулганаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэв. Харин Н.Номтойбаяр албан тушаалтай зууралдаж, гоншигносонгүй. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Шалгах үйл явц үргэлжилсээр УИХ-ын сонгуультай золгов. Намаасаа хөөгдсөн тэрбээр тойргоо сольж, нийслэлийн Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших болзлоо хангасан ч тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм. 2021 оны нэгдүгээр сарын 22-нд түүнд Улсын дээд шүүхээс нэг жилийн хорих ял оноов. Анх таван жилийн хорих ял оноосныг хяналтын шатанд ийн шийджээ. Тэр шоронд 11 сар ял эдлээд гарсан юм.
Нийтийн албанд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулсан хүн хилийн чанадыг зорьж, Кэмбрижийн болон Оксфордын их сургуулийн Удирдлага, манлайллын хөтөлбөрт хамрагдаж, тархиа цэнэглэсэн байна. Зүгээр л буугаад өгчихдөг эр биш учраас энэ зууртаа тэр цөөнгүй төлөвлөгөө боловсруулснаа удахгүй илчилсэн юм.
Дээд шүүхийн бүртгэлд гуравдугаарт эрэмбэлэгдсэн Монголын ногоон намыг тэр “онилж”, улс төрд эргэн ирэх бэлтгэлээ хангасан. УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, холимог болсон үед МНН, МҮАН-ын хамтарсан Үндэсний эвслийг байгуулж, өөрөө тэргүүн нь болов. Тэр зөв нүүдэл хийсэн юм. Харизмтай, тэмцэгч, цөс ихтэй эл залуу алдаж, оносон ч өөрийг нь дэмжих хүрээлэлтэй болчихсон байсан аж. УИХ-ын сонгуулиар Үндэсний эвсэл дөрвөн суудал авснаар Н.Номтойбаяр парламентад гурав дахь удаагаа сонгогдлоо. МАН-ынхныг мэддэг, ороо бусгаа замыг туулаад гараад ирчихсэн түүнийг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа уриагүй. Харин Г.Занданшатар урихад тэр Шадар сайдын албан тушаал хүссэн гэдэг. Талууд тухайн үед тохиролцсонгүй. Харин Н.Учралын танхимд тэр хүссэн албан тушаалдаа томилогдоод байна.
Баян бизнесмений хүү, гоё машинаа гайхуулсан залуу, охид хүүхнүүдтэй нэр холбогдож явсан эр. Жилийн 2.1 тэрбум төгрөгийн орлоготой, 8.5 тэрбумаар үнэлэгдэх “унаа”-тай. Машин түүний хобби, тэр дундаа “Mercedes Benz”-ийн “шүтэн бишрэгч” бололтой. Эл группийн 10 гаруй машинтай, “Harley Davidson”-тэй гэдгээ ХОМ-тээ бичжээ. Эд хөрөнгөөр дутаагүй, “өсөхийн өлөн” зангүй гэж түүнийг магтах хэсэг бас бий. Ямартай ч тэр ТЕГ-ын сургуулийг дүүргэж, тус байгууллагад гүйцэтгэх ажилтан хийж явсан нэгэн. Зүгээр нэг хоосон толгой байгаагүй нь тохиолдсон явдалд үзүүлсэн хариу үйлдэл, давж гараад эргэн “сэргэсэн”-ээс нь харагдана.
Харин гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаад иргэдэд хэрэгтэй ямар хууль санаачлав, ХНХ-ын сайд байхдаа, одоо Шадар сайд болоод ямар үр дүнтэй ажил хийв гэж асуувал өөр хэрэг. Сайн дүн авахгүй. Түүний санаачилсан, “автор” гэхээр хуулийн төсөл үгүй. Сайд байхдаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн, Залуучуудын тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох зэрэг хуулийн төслийг өргөн барьж байжээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнийг эгүү лэн татах хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Тиймээс “эрчийг сулруулах” зорилгоор ч юм уу, нэгэн хуулийн төслийг боловсруулж буйгаа дуулгаад хэдэн сар өнгөрлөө. Энэ нь зөвхөн УИХ-ын гишүүн бус, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УЕП, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, шүүгч нар зэрэг 50 гаруй томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох агуулгатай төсөл юм. Гэхдээ одоогоор сураг алга. Улс төрч бүрд өндөр албан тушаалд горилж, төр барилцах амбиц байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүний үндсэн ажлаа хийж, иргэдэд хэрэгтэй хууль, бодлого санаачлах үүргийг нь түүнээс нэхэх нь зөв. Ямартай ч Н.Номтойбаяр туг барьж, тугал ч хариулж үзсэн, Монголын өнөөдрийн улс төрд нэг өвөрмөц дүр төрх бүрдүүлсэн улс төрч болоод байна.