Тендер гэдэг үг монголчуудад танил болоод олон жил болжээ. Гэхдээ буруугаар ойлгосоор, ашигласаар ирэв. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгс лээр хамгийн их цацагддаг төлбөртэй материал нь төрийн байгууллагуудын тендерийн зар юм. Сайд, дарга нарын хөлжих үндсэн эх сурвалж нь тендер гэдэгтэй хэн ч 100 хувь санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Төрөөс төрсөн тэрбумтнуудын саалийн үнээ бол яах аргагүй тендер гэдэгтэй бүү марга. Сохор зоосоор бизнес хийж үзээгүй хэрнээ хэдийнэ тэрбумтан болсон төрийн албан хаагчид тендер нэрээр татвар төлөгчдийн мөнгийг завшсаар байдаг нь тодорхой. Энэ үгийг монголчилбол “сонгон шалгаруулалтын зар” гэж бууна. Харин төсвийн зарим захирагч нар сонгон шалгаруулдаггүй бизнес гэдэг утгаар нь ашигладаг юм. Монгол Улс төсвийн шинэчлэл хийж эхлээд буй.
Төсвийн уутнаас сул чөлөөтэй асгардаг мөнгөний чамгүй хэсэг нь тендер нэрээр үгсэн хуйвалдагчдын халаасанд ордог нь ч нууц биш болов уу. Монголын улс төр тогтворгүй, элдэв томилгоо түр зуурынх, сайд, дарга нар нь яам, газраа үзэмжээрээ бүрдүүлдэг нь төсвийн хөрөнгө цохих нэг сурвалж байх талтай. Тендерийн хорооны гишүүд гэх хүмүүсээ салбарын сайд нь томилдог юм байна. Ийм байхад хардахаас яах билээ. Дараагийн сайд ирлээ. Дахиад л өөрийн итгэлт хүмүүсээр Тендерийн хороог байгуулна. Манайхаас өөр улсад ийм тогтолцоо байдаггүй аж. Хараат бус байхын тулд тендер шалгаруулдаг комисс нь ихэнхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа мэдэлд байдаг шиг байгаа юм. Комисс нь мэргэжлийн хүмүүсээс бүрддэг, салбарын сайдынхаа мэдлээс ангид учраас танил тал, эрх мэдлийн нөлөөнд автдаггүй гэнэ. Яамд зөвхөн захиалгаа өгөөд л бол оо. Ийм тогтолцоо руу тендерийн асуудлыг оруулахгүй бол Монгол Улс хөгжихгүй нь.
Төрөөс тэрбумтнууд төрдгөөрөө төрж, ард түмэн ядуурдгаараа л ядуурна. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг үүнийг огтхон ч үгүйсгээгүй юм. Түүний ярилцлага манай сонины өчигдрийн дугаарт гарсан. Талбайн боломжоос шалтгаалж тендерийн тухай ярьсан хэсэг нь багтаагүй юм. Гарцаагүй анхаарал татсан сэдэв учраас орхигдуулж түвдсэнгүй. Ц.Сэдванчигийн яриаг хүргэе. Тэрбээр, Тендерийн хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, намрын чуулганд өргөн мэдүүлэхийг Сангийн сайдаас шаардаад байгаа юм. “Тендерийн хуулийг хэрэгж үүлдэггүй, өөрсдийн хөрөнгө мөнгийг арвижуулдаг арга хэрэг сэл болсныг хүмүүс шүүмжилдэг. Би өөрөө биз не сийн салбарт ажиллаж байс ны хувьд тендерийг хэр хэн будлиулдгийг гадар лана. Тендерийг Сангийн яам хариуцдаг. Хуулийг хэрэгжүүлдэг журам гэж бий.
Гэтэл сайд нар түүнийгээ хэрэгжүүлэхгүй байна. Хэрэгжүүлээд өгөөч гэж би жил гаруйн өмнө Сангийн яаманд шаардлага хүргүүлсэн. Сайдад нь сая дахиад хүргүүллээ. Төсвийн шинэчлэл хийж байгаа өнөө үед Тендерийн хуулийг хамтад нь өөрчилж, бодлогын хувьд шинэчлэх ёстой. Тендер шалгаруулах үйл ажиллагааг төрийн өндөр албан тушаалтан, онцлох юм бол сайд нар, мэдээлэлд ойр байдаг дунд шатны албан тушаалтнууд зохион байгуулдаг. Тендерийн хороо гэж сайдын томилдог хэсэг хүн байдаг шиг байгаа юм. Энэ хүмүүсийн л хувийн хөрөнгөө арвижуулах, авлига өгч, авах хэрэгсэл болсоор олон жил боллоо. Энэ гажуудлыг арилгах ёстой. 100 хувь үгүй юм гэхэд засаж байх хэрэгтэй. Засахын төлөө ажиллах хэрэгтэй. Үүнд хойрго хандаж байна. Бусад орны жишгийг харахад салбарын яам бүхэнд худалдан авах алба, сайд нь томилдог Тендерийн хороо гэж тэр болгон байдаггүй л юм байна лээ. Төрийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авна гэдэг ч яг үнэндээ олон түмний төлөө бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах л хэрэг юм шүү дээ.
Үүнийг нэгтгэсэн зөвлөл гэдэг ч юм уу, эсвэл Ерөнхий сайдынх нь шууд мэдэлд тендерийн зөвлөл ажилладаг. Салбарын яам саналаа тэр зөвлөлд тавьдаг тогтолцоо үйлчилдэг юм байна. Манайх шиг улс төр нь тогтворгүй оронд салбарын сайд нь тендер хариуцах нь ажлыг маш үр дүнгүй болгож байна. Нэг сайд их л удаж дөрвөн жил болно. Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тендер зарлагдаж таарна. Ийм үед тогтвортой, зангидсан бодлого хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг сайд ирээд л хувийнхаа юмыг хийчихээд яваад өгдөг. Тендерт бүлгийнхээ, өөрсдийн хүрээний бизнесийн хүнээ дэмжээд ялуулчихдаг. Баахан цахилгаан станц барина гэж нэг сайд нь тендер бусниулчихдаг. Засгийн газрын нэгж, салбарын яаманд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бүтэц байх нь зохимжгүй юм байна гэсэн дүгнэлтэд би хүрээд байна. Салбарын яам бол зөвхөн бодлогоо гаргаад, худалдан авах саналаа өгдөг байхгүй бол сайд нь бизнестэй хутгалддаг.
Нэг сайд ирээд л бараа, ажил, үйлчилгээ худалдаж авдаг газрынхаа даргыг өөрчилдөг шүү дээ. Тэгээд өөрийнхөө хүнийг тавьдаг. Түүгээрээ дамжуулаад хувийнхаа бизнесийг хийгээд, магадгүй улс төрийн намдаа хандив өргөдөг байхыг үгүйсгэхгүй. Энэ байдлыг үндсээр нь өөрчлөх ёстой” гэж Ц.Сэдванчиг тун бухимдалтай ярьж байна. Мань мэтийгээ бодвол УИХын гишүүд маань мэдээлэлд ойр улс. Юм сонсож, мэдэрсэн болоод л уцаартай явдаг биз ээ.
Э.АЛИСИА