БНАСАУ пуужинт зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг шинэ технологи, тоног төхөөрөмжийг Монгол, Хятад, ОХУ–аар дамжуулан нууцаар оруулж ирсэн нь тогтоогдлоо хэмээн БНСУ-ын “YONHAP NEWS” агентлаг мэдээллээ. Барааны бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн тул дээрх орнуудын гаалийнхан мэдээгүй байж болзошгүй гэж БНСУ-ын Цагдаагийн газар үзэж байгаа гэнэ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зэвсэг, пуужин үйлдвэрлэхэд хэрэглэгдэж болзошгүй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг БНАСАУ-д нийлүүлэхийг хориглосон бөгөөд хойд солонгосчууд төхөөрөмжөө задлан жижиглэж, жирийн компьютерийн эд анги мэтээр оруулж ирэх болжээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард БНАСАУ холын зайн пуужин туршихдаа Америкт үйлдвэрлэсэн, хянах аппаратыг хэрэглэсэн нь олны гайхлыг төрүүлсэн билээ.
Хаанаас, хэнээс яаж Америкийн сүүлийн үеийн техник авсныг мөрдөж Монгол, Хятад, Орос гурван орноор дамжин орж ирснийг нь тогтоогоод байгаа аж. Энэ удаагийн тоног төхөөрөмж ч пуужингийн үйлдвэрт хэрэглэгдэх нь ойлгомжтой гэж БНСУын Засгийн газар үзэж, тус орнуудад хил хяналтаа сайжруулахыг уриалжээ. Хоёрхон сарын өмнө Японы нэгэн компани пуужин хийхэд ашиглагдаж болох хуучин тоног төхөөрөмж БНАСАУ-д гаргах гэж байгаад баригдан, гадаад худалдаа хийх эрхээ хасуулсан юм. Мөн БНСУ-ын Засгийн газраас хойд солонгосчууд Монгол, Оросоор дамжуулан, бөөнөөр хөнөөх зэвсгийн эд анги, дарга нарт зориулсан тансаг бараанууд авсан нь батлагдлаа гэж мэдэгдсэн.
НҮБ-аас БНАСАУ-ыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох хүртэл нь эдийн засгийн хориг тавиад байгаа билээ. Энэ хоригийг зөрчсөн байж болзошгүй Монголын компаниудын нэрийг БНСУ-ын Цагдаагийн газраас удахгүй зарлаж магадгүй байна.