Дахиад л тахиагаар төлөөлүүлэн ёгтолж болох уур амьсгал Монголын улс төрийн амьдралд нүүрлэжээ. Өнгөрсөн удаад “Тахиа донгодсоноос болж үүр цайдаггүй” гэсэн зүйр үг МАХН-ын нөлөө бүхий лидерүүдийн дунд үүсээд байсан ээдрээг эвтэйхэн тайлсан билээ. Хоёр тахиа байна.
Хэн хэн нь дуртай. Гэвч хэн аль нь санаатай байгаагаа илчлэх дургүй. Хоёр биенээ ажаад л, анаад л… Энэ удаад нэрэлхүү хоёр тахиагаар хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд мөр зэрэгцэн зүтгэж яваа МАХН, АН-ыг ёгтолъё. Гэхдээ тэднийг жаалуудын дурладаг шарсан гуяны золгүй тахиануудтай адилтгаж боломгүй.
Улс орныг хөгжүүлэх шидэт өндөгнүүдийг үйлдвэрлэх өндөр хариуцлага бүхий жир бус хоёр тахиа хэрэглэгч та бидний өмнө зогсож байна. Хоёр өөр фермээс стандарт бусаар нийлсэн хос өндгөөр ахиухан дайлах нь л хүмүүст чухал байгаа юм. Хамтарсан фермийн өндөг эсэх падгүй.
Харин тахианд өндөглөхөөсөө илүү тохь тухтай пин чухал санагддаг нь энэ амьтны нүгэл гэхээсээ төрөлх араншин нь. Байр сууцны төлөөх тахиануудын ээлжит өрсөлдөөн 2012 онд болно. Тиймээс мөнөөх хосод тус тусын төрөлх аж ахуйнхаа нэрийг мандуулах жинхэнэ тахиа ёсны үүрэг бий. Том, дулаахан, тэвш нь тэжээлээр дүүрэн пингийн төлөө энэ хоёр эрэгчин, эмэгчнээ үзэлцэх учиртай.
Тэгж байж л 2012 оноос өөрийн нэрийн “алтан” өндөг гаргаж чадна. Хүмүүст өндөг, тахианд пин шаардлагатай учраас ерөөс фермүүд өрсөлдөөнд ялахын төлөө байгуулагдсан. Нийлж өндөглөөд хоёр жилийн нүүр үзэж, ханилах замынхаа тэхий голд ирсэн хосын нэгийг фермд үлдэгсэд нь мессежээр булах болов.
”Та хоёроос гарсан өндгийг хүмүүс авахдаа манай аж ахуйн нэрийг дурдахгүй байна лээ”, “Манай ферм угаасаа өндөгнийх биш, бид донгодож хүмүүсийг нойрноос нь сэрээх үүргээ л биелүүлбэл барав”, “Санасан зоргоороо донгодож чадахгүй байгаа юм чинь 2012 онд дахиад л жижигхэн, хүйтэн пинд зутрах нь!”.
Хосын нөгөөх нь бодох болов. “Би ямар энэнийг хөөж нэр сүрээ баастах биш, хол очиж донгодвол донгодно л биз”, “Өндөг зөвхөн манайх болбол бид энэ саруулхан пиндээ дангаараа, харин ч сайхан аж төрнөдөг”.