Хот байгуулалтын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, түүнчлэн авто замын салбарт 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийж байгаа ажлын явцтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан юм.
Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэгт Г.Батхүү, Р.Буд, С.Бямбацогт, Д.Зоригт, Д.Тэрбишдагва нар багтсан аж. Тэд өчигдөр хуралдаж, холбогдох яам, агентлаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүстэй уулзан хуулийн хэрэгжилт, холбогдох дүрэм, журам, заавар батлагдсан эсэх болон Улаанбаатар хотын авто замын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, санал солилцжээ.
Ажлын хэсгийн гишүүд нийслэлийн авто зам, авто машины зогсоол, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг зэрэг нийтийн эзэмшлийн барилга байгууламжийн төлөвлөлт, газар олгож буй байдалтай өнөөдөр танилцана.