Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагч та бүхэнд оюуны чадавхи, бүтээлч ур чадварт баримжаалсан шинэ зууны шинэчлэгдэн өөрчлөгдөж буй боловсролын өнгө төрхийг тодорхойлсон хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж эрдэм номын гэгээн үйлсэд тань амжилт хүсье. Энэ хичээлийн жилийн өнгө төрхийг 12 жилийн сургалтын тогтолцоо түүнд шилжих шилжилтийн үйл явц тодорхойлж байгаа билээ.
Боловсролын тогтолцооны энэхүү төгөлдөршлийг амжилтанд хүргэх арга зам нь оюунлиг, бүтээлч багшийн зөв сэтгэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэсэн суралцагчийн хичээл зүтгэл, эцэг эхийн оролцооны хамтын үйл ажиллагаа байх болно. 2010-2011 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 209 сургуульд 184351 сурагч, үүнээс 6 настай 18875 сурагч, 247 цэцэрлэгт 47369 хүүхэд сурч хүмүүжих гэж байна.
Чадварлаг багшийн сурган хүмүүжүүлэх харилцаа бүх иргэдэд хүрч үйлчилдэг дэлхийн жишиг үзүүлэлтийг та бид хүлээн зөвшөөрч, сурган хүмүүжүүлэх харилцааны шинэчлэлийн суурь өөрчлөлтийг мэдэрч үйл ажиллагааныхаа агуулга, арга хэлбэрийг үндсээр нь өөрчлөн мөрдлөг болгох ёстой юм. Шинэ мянганы иргэдийн боловсрол эзэмших үйл явцыг чанар үр ашигт чиглүүлэн боловсролын салбарын бүхий л түвшний зорилго, зорилт үйл ажиллагааны уялдаа холбоог ханган ажиллаж товлосон зорилтдоо хүрнэ гэдэгт итгэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.