Улаанбаатар Сөүлийн хотуудын хамтын харилцааны талаар хотын удирдлагуудтай уулзах үеэрээ олон санал солилцоно гэдэгт итгэлтэй байна хэмээн НИТХ-ын дарга Т.Билэгт БНСУ-ын Азийн хүүхдийн сангийн тэргүүн Ким Жон Гу-тай уулзахдаа хэллээ.
Тэрбээр түүнд хандаж, хоёр орны харилцаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг хотын удпирдлагын хувьд хэлэхэд таатай байна гэлээ. Өөрийн биеэр Сөүл хотын даргад Улаанбаатар хотод айлчлах урилгыг минь дамжуулж өгнө үү хэмээн мөн хүслээ.
Ким Жон Гу “Биднийг найрсаг дотно хүлээж авсанд талархлаа. Есдүгээр сарын 22-нд намрын баяр болж амралт эхэлдэг. Энэ үеэр бид тусгай арга хэмжээ БНСУ-д зохион байгуулж Солонгост хүнд нөхцөлд амьдардаг хүмүүст дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа.
Мөн Монгол сургуульд сурдаг хүүхдүүдэд гаалийн барааны дэлгүүрээс хувцас бэлэглэнэ” гэдгээ Т.Билэгт даргад уламжиллаа. Монголд ирэх хугацаандаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийг Солонгосын Юүнкүгү дүүрэгтэй ах дүүгийн харилцаа тогтооход нь туслах аж. Хоёр дүүрэг цаашдаа хамтдаа хөгжих учиртай хэмээлээ.