Томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банк байгуулах асуудал шийдэгдэх шатандаа оров. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ талаар хэлэлцжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийсэн юм.
Тавантолгой, “100 мянган айлын орон сууц”, төмөр зам зэрэг томоохон төслийг санхүүжүүлэх уг банкийг олон улсын хэмжээнд энэ чиглэлээр мэргэшсэн, туршлагатай багаар удирдуулах аж. Сонгон шалгаруулалт хийх үүргийг ТӨХ, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд өгсөн байна. Мөн Гашуун сухайтын хилийн боомтын үйл ажиллагааны талаар тодорхой шийдвэр гаргажээ.
Гашуунсухайтын боомтоор гаргаж буй нүүрсний хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулаад уг боомтод ажиллаж буй цагдаа, гаалийн ажилтнуудыг 24 цагаар ажиллуулах, орон тоог нэмэх хэрэгтэй болсон байна. Мөн олон улсын стандартад нийцсэн боомтын байгууламж барихаар тендер зарлажээ.
Ажилтнуудыг нь орон сууц, цэвэр, бохир усаар хангах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр боллоо. Ингэснээр тэнд ажиллаж буй төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг, мөн тээврийн урсгал, экспортын урсгалыг ч цэгцлэх гэнэ.
С.УУЛ