Улс төр өнгөн дээрээ амарч, далдуур өрнөж байдаг зун цаг дуусаж байна. Далд байсан өрнөл эхнээсээ ил гарав. Аливаа лообий, хор найруулга, “хошин жүжиг”-ээс нэр нь хол явдаг гэгддэг бүсгүйчүүд одоо гол дүрд тоглох янзтай. АН-ын бүсгүйчүүд нэгэн сэнтий өөд уралдах боллоо. Тэр сэнтий нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны даргын алба. Олон жил тус холбоог тэргүүлсэн УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа улс төрийн шалтгаанаар ажлаа өгөх болсон нь бүсгүйчүүдийг түүний суудлын төлөөх тэмцэлд дуудсан хэрэг. Өчигдөр уг холбоо стратегийн хэлэлцүүлгээ хийлээ. Өнөөдөр Их хурлаа хийж, тэргүүнээ солино, шинээр сонгоно. Тиймээс ойрын өдрүүдэд халуухан яриа, “хэлэлцээ” өрнөв.
2004-2008 онд АН-ын бүсгүйчүүд УИХ-д ганцхан төлөөлөлтэй байсан бол одоо бүр оргүй болоод байгаа. Тиймээс АЭХ-г тэргүүлэх нь бүсгүйчүүдийн нөлөөг төрийн шийдвэрлэх албанд нэмэгдүүлэхээс эхлээд их хариуцлагатай, том алба. АЭХ-ны тэргүүний төлөөх сунгаанд оролцох хүмүүсийн нэр хэдийнэ тодорчээ. Одоогоор зургаан бүсгүй барианы зурхай дээр бэлэн зогсож байна. Уг холбооны одоогийн дэд тэргүүн Ш.Батцэцэг, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа нар тэдний дунд байна. Мөн АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, тэр бүр хүн танихгүй Байгальмаа хэмээх бүсгүйн нэр бас сонсогдож буй.
АН-д 5-6 фракц бийг ерөнхий нарийн бичгийн дарга нь шулуухан мэдэгдсэн. Бүсгүйчүүд ч энэ фракцуудад хамаатай. Өөрөөр хэлбэл, фракцууд төлөөллөө АЭХ руу өрсөлдүүлэх гэж буй хэрэг. С.Одонтуяа бол С.Эрдэнийн хүн, Ардчилсан хүчний холбоо /АХХ/ хэмээх том дэмжлэгтэй. С.Одонтуяаг эрхэм гишүүн нэлээд сайн “түлхүүрдэж” байгаа сураг бий. С.Эрдэнийн өрөөнд уулзалтууд өрнөсөөр. Эл бүсгүй намынхаа удирдлагуудтай ч шаргуу уулзаж буй бололтой. Гэхдээ АХХ-ныхон дунд “Бүсгүйчүүд өөрсдөө учраа олог. Хошуу дүрээд яах вэ” гэсэн байр суурьтай хүн цөөнгүй байна. Тус холбооны тэргүүн З.Энхболд болон зарим хүн аль “даацтай”-г нь дэмжихээр жич яриа хөөрөө хийж буй мэдээ ч дуулдав.
АЭХ-ны дэд тэргүүнээр чамгүй хугацаанд ажилласан Ш.Батцэцэг ч ардаа тулгууртай. Гэхдээ “Б.Дэлгэрмаатай олон жил хамт ажиллахдаа холбоогоо өөд татах нь яасан юм” гэсэн шүүмжлэл түүний талаар гарч байгаа гэнэ. УИХын гишүүн асан Б.Мөнхтуяад горьдлого бий. Нэр дурдагдаж байгаа бүсгүйчүүд дундаа ганцаараа УИХ-ын гишүүн байж, төр түшилцэж явсан нэгэн. Гэтэл нас нь 50 гарсан гэсэн утгатай шүүмж нисээд амжчихаж. Дэд сайд Ч.Куландаг хүмүүс мэднэ. Ясны казах чанараараа бууж өгөхгүй гээд үзэж ч мэдэх нэгэн. АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэгийг “Алтангадас”-ын хүн гэдэг. “Өөрийн биш алтангадасынхны үгээр дуугарна” хэмээн зарим нь үг хаядаг аж. Эдний дотор огт танихгүй шинэ хүн байгаа нь Байгальмаа. Тэрбээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын туслах юм билээ.
Улс төрд “битүү морь”, мэдээж МоАХ-ных. Тэдний хэн сайн “ажилласан” нь, ҮЗХ дотроо дэмжлэг сайтай нь АЭХ-ны дарга болно. Хаалганы цаана өрнөсөн сэм хэлэлцээг хэн амжилттай хийсэн нь өнөөдөр тодорхой болно. Тиймээс “нэр дэвшигчид”, тэднийг зүтгүүлэгчид урд шөнө нойр муутай хоносон биз ээ.